x

Ч.Хүрэлбаатар: Цөөн хүний хариуцлагагүй үйлдлийн төлөөсийг улсаараа төлөх ёсгүй

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та 2022 оны төсөв дээр мэргэжлийн хүний хувьд ямар байр суурьтай байна вэ. Үнэндээ Улсын төсвийн талаар мэргэжлийн бөгөөд бодитой үнэлэлт, дүгнэлт өгөх цөөхөн хүний нэг нь та шүү дээ. Анх удаа 18 их наядын төсөв баталлаа шүү дээ?

-Аливаа эдийн засгийг зохицуулж байдаг үндсэн хоёр бодлого байдгийн нэг нь мөнгөний бодлого, нөгөөх нь төсвийн бодлого. Төсөв гэдэг тавхан үсэгтэй энэ үгэнд Монгол Улсын 3.3 сая иргэний аж амьдрал багтдаг гэдгийг сайтар ухамсарлаж төсвийг боловсруулах учиртай. Төсвөө сайн боловсруулбал эдийн засгаа зөв удирдах боломж нь бүрддэг. Тиймээс төсвийг баталсан л бол ямар нэгэн тодотголгүйгээр жилдээ хэрэгждэг байх ёстой. Төсөв тодотголгүйгээр хэрэгжвэл тухайн Засгийн газар улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдлыг зөв үнэлж, зөв тооцож, төсвийн бодлогоо тодорхойлсон нь харагдана. Харин баталсан төсөвтөө тодотгол хийж байгаа бол тухайн Засгийн газрын эдийн засгийн бодлого алдаатай байгааг илтгэдэг. Тиймээс энэ талаас нь би таны асуултад хариулахыг хүсч байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хамгийн анхныхаа төсвийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийг УИХ дэмжиж, баталсан. Миний харж байгаагаар Засгийн газар олон зүйл хийхээр төлөвлөсөн байгаагаас үзэхэд маш өөдрөг төсөв болсон хэмээн дүгнэж байгаа.

-Засгийн газар улс орныхоо эдийн засгийг бодитоор үнэлж, тооцож чадсан бол төсөвт тодотгол хийх шаардлагагүй байдаг гэлээ. Гэтэл сүүлийн жилүүдэд төсөвт тодотгол хийх нь жирийн үзэгдэл мэт болсон. “Болохгүй бол тодотгочихно биз” гэсэн зарчмаар ажиллах нь зөв юм уу?

-2012-2017 онуудад төсвийг байн байн тодотгодог байлаа шүү дээ. Бараг уламжлал болчихсон, зарим жилд төсвөө хоёр удаа тодотгодог байв. У.Хүрэлсүхийн Засгийн газар төсөв тодотгодог энэхүү буруу бодлогыг зогсоож чадсан. Төсвөө сайн боловсруулаад, төсвийн сахилга батыг маш сайн сахиулаад явахад төсөв тодотгох шаардлагагүй гэдгийг харуулсан гэж бодож явдаг.

-Таныг Сангийн сайдаар ажиллаж байх үед төсөвт тодотгол хийж байсан тохиолдол бий юү?

-Сангийн сайдаар 2017-2020 онд ажиллахад төсөв огтхон ч тодотгоогүй. Харин 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа шинэ Засгийн газар бүрэлдэж, шинэ мөрийн хөтөлбөр батлагдаж төсөв тодотгосон.

-Сүүлийн хоёр жилийн төсөв цар тахлын үеийн төсөв гэдгээрээ онцлог байх шиг байна. Ийм үед төсвөө тэлэх нь хэр оновчтой шийдвэр юм бол?

-Цар тахлын үед урьдчилан тооцоолоогүй зүйлүүд олон гарч ирсэн. Коронавирусийн халдвар дэлхийд анх бүртгэгдэх үед энэ нь цааш цар тахал болон өргөжиж, уг тахал ийм удаан хугацаагаар үргэлжилнэ гэж хэн ч төсөөлөөгүй, вирус нь мутацид орж олон хэлбэрт шилжинэ чинээ бодоогүй болов уу.

Цар тахлын үед ачаа тээвэрлэлт хумигдаж, тээврийн зардал, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт хаа сайгүй явагдаж байна. Ард иргэдийн амьдрал амаргүй байна. Бизнесийн орчин муудаж байна. Ийм үед төсвөө хумих бодлого явуулж болохгүй л дээ. Хүссэн ч, эс хүссэн ч төсвөө тэлэх бодлого явуулахаас өөр аргагүй. Зөвхөн Монгол ч биш, дэлхийн бүх улс орон ийм бодлого авч хэрэгжүүлж байна. 

-Засгийн газар болоод төрийн байгууллагуудын бодлого шийдвэр хэдхэн өдөр, бүр хэдхэн цаг үргэлжлэх нь манайд энгийн үзэгдэл болчихлоо. Мэргэжлийн хүний үгийг сонсдоггүй, улстөрчид оноо авахын тулд попордог тохиолдол ч олон шүү дээ?

-Хоорондоо уялдаа холбоо муу, эргэж буцсан шийдвэрүүд гараад байна аа байна. Шийдвэр гаргахаасаа өмнө олон талаас нь сайтар бодоогүй, нягтлаагүй гэсэн үг л дээ. Асуудлын гүн рүү орохгүй, тооцоо судалгаагүй, эсвэл дутуу хийхээр алдаа гараад байдаг. Хүний нийгэмд амьдарч байгаа юм чинь популизм байж л таарах байх. Гэхдээ популизмд хөтлөгдөхгүй шийдвэрээ гаргаад явж бас болно.

-Манай улс хилийн хараат байдалд орчихсон байгаа нь үнэндээ тусгаар тогтносон улсын хувьд эмгэнэлтэй явдал юм биш үү. Бид хилийн боомтын бодлого дээрээ хаана, юун дээр алдчихав. Цаашдын гарц гаргалгаа нь юу бол?

-БНХАУ бол маш том зах зээл. Ийм том зах зээлтэй улс оронтой хөрш байна гэдэг нь том боломж. Том зах зээлийн хажууд байгаа Монгол Улс энэ боломжоо бүрэн дүүрэн ашиглавал хөгжиж чадна, ард иргэдийнхээ амьдралыг сайжруулж чадна.Ганц хоёрхон боомтоор экспорт, импортын тээвэрлэлт голлон хийгддэг нь маш том эрсдэлийг эдийн засагт авчирч байгааг бид цар тахлын үед харж байна. Ганцхан боомт хаагдахад л бараа ховордож, үнэ өсч, амьдралын хэвийн горим алдагдаж байна шүү дээ. Та бүхэн санаж байгаа бол гялгар уутанд элс хийчихээд олон хатгаж элс гоожуулаад муулж суусан цаг саяхан. Боломжоо бүрэн дүүрэн ашиглахын тулд У.Хүрэлсүхийн Засгийн газар боомтын шинэчлэлийг эхлүүлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүнийг үргэлжлүүлээд Шинэ сэргэлтийн бодлогодоо боомтын асуудлыг цогцоор нь бодлого болгон оруулсан. Боомтуудаа төмөр зам, авто замаар холбох асуудал сүүлийн 30 гаруй жил орхигдсон хэмээн үзэж Шинэ сэргэлтийн бодлогодоо тусгасныг зөв зүйтэй, цагаа олсон алхам гэж харж байгаа.

-БНХАУ хилээ ирэх гуравдугаар сараас нааш нээхгүй гэдэг нь таамаг байна. Энэ хэвээр байдал үргэлжилбэл асуудал улам хүндрэх нь дээ?

Би бол энэ Өвлийн олимпийн дараа гуравдугаар сард хил нээгдэхгүй гэж бодож байгаа.

-Тэгвэл би нэлээд өөдрөг төсөөлөлтэй байгаа юм байна тийм үү?

Тийм байна. Энэ бол миний хувийн бодол ч биш л дээ. 2022 оны төлөв байдлын талаар олон мэдээ мэдээлэл, дүн шинжилгээ гарч байгаа ч БНХАУ хилээ нээхгүй байх вий гэдэг нь л хамгийн ихээр санаа зовоож байгаа юм. Тийм учраас би тээвэр ложистик дээрээ онцгой анхаараач ээ гэдгийг сүүлийн үед тасралтгүй хэлж, анхааруулж байгаа.

-БНХАУ энэ онд хилээ нээхгүй байх шалтгаан нь юу вэ?

-Одоогийн байдлаар БНХАУ коронавирусийг бүрэн хяналтад байлгаж чадаж байна. Ковидын тохиолдол бүртгэгдсэн цөөн газарт хөл хорио тогтоосон. Халдваргүй бүс нутгуудад бүх үйлдвэрлэл үйлчилгээ нээлттэй байна. Иргэдийн сэтгэл ханамж нь өндөр байгаа ийм үед хилээ нээж улс орон, иргэдээ эрсдэлд оруулахгүй л болов уу гэж Экономист тоймлож бичсэн байна лээ. Үүнээс гадна ковидын мутаци омикроноор дуусчихгүй гэдгийг эрдэмтэн судлаачид анхааруулж байна. Товчхондоо коронавирус цаашид ч үргэлжилнэ гэж байна. Ийм байхад БНХАУ хилээ чөлөөтэй болгож ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулж, амьдралын хэвийн горимыг алдагдуулах шийдвэр гаргахгүй л болов уу даа.

-Тийм бол цаашид Монгол Улс яах ёстой вэ?

-Коронавирус цаашид байх нь тодорхой учраас бид үүнтэй дасан зохицож хэрхэн ажиллаж, амьдрахаа бодолцох л ёстой. Ийм нөхцөл байдалд бид ачаа тээвэр, хилийн асуудалдаа ухнатаад байлгүй шийдэх учиртай. Халдвар тараахгүй байх нөхцөлийг бүрдүүлж ажиллах учиртай. Өөр юу ч хэрэггүй.

 

-Энэ жилийн төсвийг халамжаас хөдөлмөрт шилжсэн төсөв болсон хэмээн онцолсон. Үнэхээр халамжаас хөдөлмөрт шилжсэн төсөв болж чадсан болов уу?

-Халамжаас хөдөлмөрт шилжсэн төсөв болсон гэж хэлж үнэхээр чадахгүй. Өнөөдрийн байдлаар бизнес эрхлэх бүрэн боломжоор иргэд, ААН-үүд хараахан хангагдаагүй байна. Засгийн газраас бодлогоо ингэж тодорхойлсон юм чинь энэ чиглэлд анхаарал хандуулж, чармайж ажиллах байх гэж найдаж байна. Ер нь хүн бүр ажлын байртай, хөдөлмөр эрхэлж байж улс орон хөгжинө. Халамжаар хөгжсөн орон гэж хаа ч байхгүй ээ.

-Төсвийн зарцуулалтыг улсын эдийн засагт үзүүлэх үр өгөөжөөр нь эрэмбэлж чадаж байгаа эсэх тал дээр та ямар бодолтой байна вэ. Цар тахлын үед элдэв төрлийн хөшөө дурсгал барих нь хэр зохилтой вэ?

-Төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгцээ, шаардлага орон нутаг бүрт өөр өөр байдаг. Зарим газар дэд бүтэц чухал, зарим газар шинэ сургууль хэрэгтэй, зарим газар цэцэрлэг хэрэгтэй. Зарим газар аялал жуулчлал хөгжүүлчихвэл орлого нь өснө гэж үзээд янз бүрийн л хөрөнгө оруулалтын санал ирүүлдэг. Засгийн газар үүнийг нь үзэж байгаад журамдаа нийцүүлээд эрэмбэлээд төсөвтөө тусгаад УИХ-д өргөн мэдүүлдэг. УИХ-ын гишүүд санал гаргаад хөрөнгө оруулалтыг нэмдэг, хасдаг. Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг хөрөнгө оруулалт байдаг нь үнэн. Богд Зонхов төслийг нэрлэж болох юм. Энэ бол завхрал.

-Таныг Сангийн сайдаар ажиллаж байхад Увс аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хамгийн их хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байсан. Харин энэ жил Хэнтий аймгаас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд сонгогдсон болоод ч тэр үү тус аймагт төсвийн хөрөнгө оруулалт хамгийн их тавигдлаа. Төсвийн хуваарилалт дээр эрх мэдлийн нөлөө тодорхой хэмжээгээр байдаг гэдгийг та хүлээн зөвшөөрөх үү?

-Увс аймгийг Улаанбаатартай холбосон замын хөрөнгө оруулалт Сү.Батболдын Засгийн газрын үед буюу 2011 онд эхлээд 2020 онд дууссан. Энэ замын мөнгө төсөвт суусан учир хэл ам татсан юм. Харин Хэнтий аймгийн тухайд бол тус аймгийг аялал жуулчлалын бүс болгох Засгийн газрын бодлогын хүрээнд дэд бүтэц, бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт тавигдсантай холбоотой хөрөнгө оруулалтын дүн өндөр байгаа.

-Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх, арван их наядын цогц төлөвлөгөөний үр дүнгийн талаар өнгөрсөн долоо хоногт ЭЗБХ дээр танилцуулж, үр дүнгээ давуулан биелүүлсэн гэнэ. Та санал нийлэх үү?

-Арилжааны банкуудад байгаа арван их наяд төгрөг эдийн засгийн эргэлтэд орохгүй байна. Үүнийг эргэлтэд оруулж, эдийн засгаа дэмжье гэсэн. Арван их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжсэн, гэтэл өнөөдөр арилжааны банкууд дахь эргэлтэд ороогүй мөнгө арван их наядаас ч их болчихсон. Хил хаалттай, ачаа тээвэрлэлт доголдолтой энэ үед ийм хэмжээний мөнгө дотооддоо хаана яаж эргэлтэд орох вэ дээ. Бодит үр дүн багатай хөтөлбөр байсан.

-Татвар төлөгч иргэд, ААН-үүдийн мөнгийг төр нь найдвартай газар байршуулж чадаж байна уу. Ер нь байсхийгээд л төрийн мөнгө байршуулсан банк нь дампуурдаг, тэгээд төрийн хохирлыг барагдуулдаггүй асуудал гарах болсон. Цаашлаад төрийн мөнгө байршуулсан банкны үйл ажиллагаа доголдсон гэдгийг мэдсээр байж байршуулсан мөнгийг эргүүлэн татдаггүй асуудлыг ерөөсөө ч ойлгохгүй юм. Энэ ямар учиртай юм бол?

-Та маш чухал асуудал хөндөж байна л даа. Энэ талаар ярихын тулд түүх сөхөх хэрэгтэй болох нь. Намайг 2017 онд Сангийн сайдаар томилогдоод очиход хачирхалтай нөхцөл байдал угтсан ш дээ. Төрийн санд байгаа үлдэгдэл мөнгөө арилжааны банкуудад бага хүүтэй хадгалуулчихаад өндөр хүүтэйгээр буцаагаад зээлж авдаг болчихсон байсан. Энэ бол зүгээр л хулгай, луйвар. Үүнийг очоод л зогсоосон. Сангийн сайдын хувьд арилжааны банкуудаас бүх мөнгөө эргүүлэн татаж, Төрийн санд төвлөрүүлж, Монголбанк дахь дансандаа хүү авдаг болсон. Дотооддоо үнэт цаас гаргаж зээл аваагүй, арилжааны банкуудаас зээлчихсэн 5 их наяд төгрөгийн өрийн ихэнхийг төлсөн.

-Тэгвэл Капитал банк, Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд ямар учиртай, хэний мөнгө байсан юм бол?

-Тухайн банкуудад Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн мөнгө, эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн мөнгөнүүд байсан. Даатгалын сангийн мөнгийг хаана байршуулахыг Үндэсний зөвлөл нь шийддэг. Сангийн сайд шийдвэр гаргах эрхгүй. Капитал банкинд байршуулсан байсан төрийн мөнгийг эргүүлэн татах талаар нэлээд ажил хийсэн боловч харамсалтай нь оройтсон байсан. Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банкуудын төлбөрийн чадвар нь доголдож байгаа гэдгийг Сангйин яам эрхбиш мэднэ. Төрийн мөнгийг эрсдэлд оруулахгүйн тулд чиглэл өгч байсан. Одоо ч өгөгдөж байгаа гэсэн.

-Хэдийгээр Сангийн сайдын эрх хэмжээний асуудал биш ч дээр дурдсан сангууд, төрийн өмчийн мөнгийг хаана байршуулах нь зүйтэй юм бол?

-Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 29-нд Банкны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийн хэрэгжилтийн талаар бас иргэд, аж ахуйн нэгжүүд, төрийн мөнгийг эрсдэлд оруулахгүй байхтай холбоотой санал боловсруулж, танилцуулах үүрэгтэй ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооноос гаргаад ажиллуулж байна. Тус ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. Капитал банк дампуурахад 470 тэрбум алдагдсан. Үүнээс 340 тэрбум нь төрийн мөнгө байсан. Тэгэхээр “Ниргэсэн хойно нь хашгирах” биш одооноос урьдчилж сануулж, сэргийлж байх ёстой. Тийм учраас Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банктай холбоотой үүссэн асуудлыг ил тод хэлж, тасралтгүй анхааруулж, сануулсаар байгаа юм. Энэ бол хэн нэгэн нь заавал дуугарч байх ёстой асуудал. Хэн нэгэн дураараа авирладаггүй, төрийн мөнгөнд эзэнгүй юм шиг ханддаг сэтгэлгээг таслан зогсоох ёстой. Төрийн мөнгө чинь эзэнтэй шүү, эзэнтэй учраас өөрийнхөө мөнгөний хойноос явах ёстой хүмүүс нь явах л учиртай. Хууль хяналтын байгууллагууд нь ч гэсэн ажлаа хийх учиртай. Ер нь бол нүглийн хажуугаар нүдээ боочихоод алхаад байх ёсгүй юм.

-Төрийн мөнгө алдагдах эрсдэлийг тооцож анхааруулж чадаагүй, тэр ч бүү хэл алдчихсан бол хариуцлага хүлээх хууль эрх зүйн орчин бий юү?

-Манайд хууль нь хангалттай бий. Ихэдсэн үү гэхээс багадаагүй. Зөвхөн баталсан хуулиа хэрэгжүүлэх л дутагдалтай байна. Ямар нэгэн гарц хайгаад хуйвалдаж гүйгээд, хуулийг тойруулаад байх шаардлагагүй. Ганц нэгэн хүн биш, бүгдээрээ хууль бус зүйлийн талаар ярьдаг, анхааруулдаг болмоор байна. Үнэн байдлыг нь хэлсэн хүнээ адалдаг биш, дэмждэг байгаасай гэж л хүсч байна. Төрийн мөнгө алдагдах эрсдэлийн талаар ярьж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч тун цөөхөн байна. Гэхдээ төрийн мөнгөнд санаа зовж дуугарч байгаа иргэд их байна аа. Тэдэнд их талархаж байгаа.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудал яригдаж байна. Угтаа 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын дөрвөөс доошгүй гишүүн давхар дээлтэй байх талаар тусгасан. Давхар болон дан дээлтэй холбоотой асуудалд та ямар байр суурьтай байна?

-Эхлээд Монголд засаглалын ямар хэлбэр зөв бэ гэдэг талаар байр сууриа илэрхийлчихээд таны асуултад хариулъя.Хоёр том хөршийн дунд байрладаг Монгол Улсад парламентын сонгодог засаглал хамгийн оновчтой гэж би үздэг. Нэг хүнээс хэт хамааралтай тогтолцоо юунд хүргэх эрсдэлтэйг Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулийн дараахь үйл явдал болон Казахстанд өрнөж байгаа одоогийн үйл явдал хангалттай харуулж байна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдгээр хамтын, олонхын шийдвэрээр төрөө удирдах зарчим Монголд зохино. Парламентын засаглалаа улам сайжруулж сонгодог хэлбэр лүүгээ шилжих нь зөв. Өөрөөр хэлбэл, эрх мэдэлтэй Ерөнхий сайдтай, Ерөнхийлөгчөө УИХ-аас сонгодог болох учиртай.

-Давхар болон дан дээлтэй сайд нартай холбоотой Үндсэн хуулийн Цэцийн асуудлаар?

-2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үед УИХ-ын дөрвөн гишүүн л Засгийн газарт орж болно гэдэг өөрчлөлтийг бүлгийн хурал дээр би нэлээд эсэргүүцсэн юм. 1992 онд батлагдсан Үндсэн хуулийн 29-д Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс өөр ажил, албан тушаал хавсарч болохгүй ээ гээд маш тодорхой заагаад өгчихсөн. Гэтэл 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын зөвхөн дөрвөн гишүүн нь Засгийн газрын гишүүний ажлыг хавсарч болно гээд 1992 оны Үндсэн хуулийн утга санааг тодруулах биш, харин хязгаарласан, зөрчсөн санал дэмжигдээд батлагдчихсан. Түүнчлэн энэ өөрчлөлт бол Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх бус гар хөлийг боосон өөрчлөлт болсон. Энэ бол том алдаа. Засах учиртай.

-Тэгэхээр та Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа юм байна. Цаг хугацааны хувьд хэзээ байвал дээр гэж бодож байгаа вэ?

-Тийм. Алдаа гарсан бол эрт засч залруулах ёстой гэж боддог хүн л дээ, би. Удах тусам алдааны гай нь өдөр өдрөөр нэмэгддэг. Нэгэнт л алдаагаа олоод харчихсан бол эртхэн л зассан нь дээр биз дээ.

-Одоогийн Засгийн газар залуу сайд нарынхаа талаар ер нь ямар бодолтой байдаг юм бол?

-Засгийн газар алдаа, оноотой ажиллаж байна. Огт алдаагүй ажилласан Засгийн газрыг олоод ир гэвэл Монгол битгий хэл дэлхийгээс олдохгүй биз. Сайд нар алдаа гаргасан ч богино хугацаанд засч залруулах чадвартай, өөрийн биш, бусдын алдаан дээр суралцдаг байгаасай л гэж бодож байна. Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино гэгчээр өөрийнх нь алдаа Засгийн газрын алдаа болох учраас сайдууд хичээж чармайж ажиллаасай л гэж бодож байна. Өөр юу хэлэх вэ дээ. Алдаа гаргаж байгаа, алдаагаа давтаж байгаа сайд нар байна аа, байна.

-МАН-ын 30 дахь их хурал болж өнгөрлөө. Та Удирдах зөвлөлд орсон уу?

-Намын 30 дугаар их хурал зохион байгуулалт сайтай, ажил хэрэгч болж өнгөрсөн. МАН-ынхан хэлэх үгээ ил тод хэлчихдэг ардчилсан нам шүү дээ. Удирдах зөвлөлд миний бие орсон. Удирдах зөвлөлд орно гэдэг хариуцлага нэмэгдэж байна л гэсэн үг.

-МАН-ын удирдах зөвлөлөөс Сү.Батболд, М.Энхболд нарыг хассан нь үе солигдох процесс юм уу, эсвэл өөр шалтгаан байсан юм уу?

-Сү.Батболд, М.Энхболд хоёулаа манай намын даргаар ажиллаж, манлайлж бас үүргээ сайн гүйцэтгэсэн. Энэ удаагийн намын их хурал МАН-ын үе үеийн дарга нараас бүрдсэн Бодлогын зөвлөл байгуулах заалтыг дүрмэндээ тусгасан. Тэгэхээр Сү.Батболд, М.Энхболд нар намын дүрмийн өөрчлөлтөөр Бодлогын зөвлөлд ажиллах юм. МАН бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээн дээр түшиглэдэг учраас МАН-ын үе үеийн дарга нар дараагийн үедээ зөвлөдөг байх нь бодлогын зөв голдирол.

-Түлээ, нүүрснийхээ шуудайг ч үйлдвэрлэж чадахгүй байгаа улс Шинэ сэргэлтийн бодлогын талаар ярих нь хэр зохилтой вэ. Шинэ сэргэлтийн бодлогын талаар та юу хэлэх вэ?

-Засгийн газрын боловсруулсан Шинэ сэргэлтийн бодлогыг УИХ сая баталсан. Хөгжилд саад болоод байгаа, шийдчихвэл хөгжлийг түргэсгэх асуудлууд Шинэ сэргэлтийн бодлогод туссан байгаа. Хилийн боомт руу төмөр зам, авто замаа тавьж, боомтуудыг шинэчлэх, эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлье, эрчим хүчний хараат бус байхаа больё зэрэг зорилтууд туссан. Хэрэгжүүлэхийн төлөө бүгд чармайж ажиллана шүү дээ. Асуулттай холбоотой санал хэлэхэд үр ашигтай, өрсөлдөх чадвартай үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа Монголд хэрэгтэй. Түүнээс биш үр ашиггүй үйлдвэрлэл, үйлчилгээ дэмий, хөрөнгө бас цагийн гарз.

-Намын дүрмэндээ авлигын хэрэгт холбогдвол намын гишүүнээс түдгэлзэнэ, ял авбал намын гишүүнчлэлээс хасах талаар заасан. Энэ дүрмийн дагуу одоо УИХ, Засгийн газарт ажиллаж байгаа ихэнх гишүүд, сайд дарга нар намын гишүүнчлэлээсээ түдгэлзэх юм уу, эсвэл хөөгдөх болж байна уу?

-Тэгсэн. Намын дүрэмд өөрчлөлт орсон. Ардчилсан нийгэмд амьдарч байгаа болохоор хардах, шүүмжлэх эрх бүгдэд бий. Хууль хяналтын байгууллага авлига, албан тушаалын хэргийг шалгаад, шүүхээр гэм буруутайг тогтоосон эцсийн шийдвэр гаргахаас өмнө хэвлэлээр элдэв мэдээлэл гарч улстөрчид, албан тушаалтнуудыг аль хэдийнэ буруутгаж, шүүж эхэлдэг. Заримдаа бодит байдал шуугьсан шигээ байдаггүй. Зарим нь ч албаар гэмээ, буруугаа нуух гэж бусдыг золигт гаргаж, хэвлэлд ихээхэн мөнгө цацаж бусдыг буруу замаар будаа тээлгэхийг хүсдэг. Харин шүүхээс авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хэмээн тогтоочихсон хүмүүс хуулийн дагуу хариуцлагаа хүлээгээд явдаг. Түүнээс бус амаар, хэвлэлээр, ховоор хүнийг буруутгаж болохгүй.

-Хаан банкны хувьчлалтай холбоотой асуудлаар нийгэмд анх шүгэл үлээсэн хүн бол та. Харин үүнээсээ болоод эргээд Ч.Хүрэлбаатарыг нийгэмд муухай харагдуулах олон ч дайралтууд ирж байх шиг байна. Ер нь Хаан банктай холбоотой асуудал юу болсон бэ?

-Монгол Улс мөнгө угаахын Саарал жагсаалтаас гараад нэг жил хагас ч болоогүй байна. Саарал жагсаалтад орж байх үед мөнгө угаах, терроризмтой тэмцэх Үндэсний хороог Хууль зүйн сайд хариуцдаг байсан. Тэр үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргах ажлын хэсгийг надаар ахлуулж богино хугацаанд гаргах үүрэг хүлээлгэсэн. Төрийн, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийн олон зуун хүний хөдөлмөрийн үр дүнд Монгол Улс Саарал жагсаалтаас түүхэн богинохон хугацаанд гарч чадсан. Саарал жагсаалтад орсон нэг шалтгаан бол арилжааны банкуудын хариуцлагагүй үйлдлүүд байсан нь үнэн. Банкуудтай холбоотой амаргүй олон асуултад хариулж, тайлбар, амлалт өгч байж Саарал жагсаалтаас гарснаа мартаж болохгүй. Тэр тусмаа ажлын хэсгийн дарга ийм зүйлийг асуухгүй, тодруулахгүй байх нь нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг л болно биз. Мөнгө угаахын эсрэг байгууллага ФАТФ Монголыг Саарал жагсаалтаас гаргах шийдвэр гаргаж байхдаа бидэнд итгэсэн тэр итгэлийг алга болгож огт болохгүй.

-Саарал жагсаалтаас гарахдаа банктай холбоотой амлалт авсан юм уу?

-Авсан. Саарал жагсаалтаас гарахдаа хүлээсэн үүргийн дагуу Монгол Улсын Банкны тухай хуульд 2021 оны нэгдүгээр сарын 29-нд өөрчлөлт оруулсан. Уг хуульд мөнгө угаахын эсрэг хэд хэдэн зүйл заалт оруулсан. Тухайлбал, банкны хувьцааны таван хувиас дээш хувьцааг хэн нэгэн эзэмшсэн тохиолдолд, түүнийг яг хэн авч байгаа вэ гэдгийг заавал тодруулах учиртай. Төлөөний хүн, төлөөний байгууллагаар дамжуулан авсан ч яг авч байгаа жинхэнэ эзэн нь буюу эцсийн өмчлөгч нь хэн бэ гэдгийг заавал тодруулахаар заасан. Мөн банкны хувьцааг худалдан авахад зарцуулсан мөнгөний эх үүсвэр цэвэр эсэхийг шалгаж тогтоохоор хуулиа өөрчилсөн. Банкны тухай хуульд орсон Мөнгө угаах, терроризмтой тэмцэх дээрх заалтууд тийм амар батлагдаагүй, олон саад бэрхшээл, эсэргүүцэл дунд батлагдсан. Хууль санаачилсан гишүүдийг сошиал болон хэвлэлээр зөндөө л балбаж байсан.

-ХААН банктай холбоотой асуудлын хувьд?

-ХААН банкны хувьцааг худалдах зөвшөөрлийг Монголбанк олгохдоо хууль зөрчсөн байна гэсэн бичиг надад 2021 оны аравдугаар сарын 20-нд ирсэн. Зөвхөн надад биш, УИХ-ын олон гишүүдэд ирсэн юм байна лээ. Энэ бичигтэй холбоотойгоор УИХ-ын чуулган дээр Монголбанкны ерөнхийлөгчөөс хоёрхон л асуулт асуусан.

-Яг ямар хоёр асуулт тавьсан нь шуугиан болчихов?

-Нэгдүгээрт, Та 2021 оны долдугаар сарын 26-нд зөвшөөрөл өгчээ. Эцсийн өмчлөгч нь хэн гэдгийг тогтоосон уу? Хоёрдугаарт, хувьцааг худалдан авсан мөнгөний эх үүсвэрийг нь шалгасан уу? гэдэг хоёр асуулт асуусан. Үүний дараагаар элдвээр хэлүүлээд явж л байна. Арлын Японд байгаа ориг япон хүн энэ асуулт асуусны төлөө багагүй мөнгө зарж намайг элдвээр хэлүүлэх үү? Тогтчихсон троллуудаар дайруулах уу? Үгүй шүү дээ. Хаан банкны хувьцааг ганц нэгээрээ ч биш, хэсэг бүлгээрээ хуйвалдаж хууль бус мөнгөөр авсан гэж би бодож байгаа. Хэн хэн авсан нь ил тод болох нь цаг хугацааны л асуудал, эздүүд, зуучлагчид нь өөрийгөө илчилсээр л байна.

Энэ асуултыг надаас гадна Т.Доржханд, Г.Амартүвшин нарын гишүүд чуулган дээр асуусан. Хууль бус энэ үйлдлийн талаар ярьж байгаа УИХ-ын олон гишүүд байгаа. Эдгээр асуултыг бид биш ч мөнгө угаах, терроризмтой тэмцэх ФАТФ асууж л таарна, ФАТФ-д тайлагнах хугацаа ойртож байна шүү дээ. УИХ-ын ЭЗБХ-ноос энэ асуудлаар УИХ-ын гишүүн Т.Доржханд, Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Д.Батлут нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг надаар ахлуулаад байгуулсан, бид хэд ажиллаж байна.

Уг нь Монголбанкны хяналт шалгалт, хуулийн газраас Монголбанкны ерөнхийлөгч рүү энэхүү зөвшөөрлийг олгож болохгүй гэдэг бичиг орсон юм байна лээ. Харамсалтай нь энэхүү бичиг орсоор байтал зөвшөөрсөн бичиг Япон руу явчихсан байгаа нь Ажлын хэсгийнхний гайхширлыг барж байгаа. Гэхдээ Монголбанкны ерөнхийлөгч “Би зөвшөөрөл олгоогүй, хэзээ ч бүртгэхгүй” гээд л байгаа.

-Та энэ асуудал дээр байнга дуугарч байгаа харагдах юм. Заримдаа элдэв бусаараа хэлүүлэхээсээ халширч шантрахгүй байна уу?

-Нэг л юм хэлье. Монгол Улс Саарал жагсаалтад дахиад орчихвол олон хүн харин элдвээрээ хэлүүлнэ. Элдвээр хэлүүлэх ч энүүхэнд, хуулийн хариуцлага хүлээнэ. Монгол Улс саарал, хар жагсаалтад орвол энэ хууль бус үйлдлийг зогсоогоогүй, хуульгүй юм шиг загнасны төлөөсийг хуйвалдсан, эс үйлдэл хийсэн олон хүн төлж л таарна. Өнөөдөр биш юм аа гэхэд маргааш төлнө. Цөөн хүний хариуцлагагүй үйлдлийн төлөөсийг улсаараа төлөх ёсгүй. Одоохондоо энэ асуудлыг ил тод болгосон Ч.Хүрэлбаатарыг элдвээр хэлж л байна. Сайнтай, муутай алаг хорвоод сайлуулж, муулуулаад л амьдарна. Улстөрч хүн ийм зүйлийг тойрдоггүй, дундуур нь туучаад л явдаг. Намайг элдэв бусаар хэлчихлээ гээд гоншигноод байдаггүй. Тэр тусмаа мөнгөөр, захиалгаар бичдэг хүмүүсийг огтхон ч тоодоггүй. Намайг муулж мөнгөтэй болж байгаа хүмүүс хааяа баярлалаа гэдгээ хэлчихвэл зүгээр байх.

-Сайн муугаараа дуудуулах нь улстөрч хүний туулах л ёстой нэг зам юм биш үү. Гэхдээ тэр хүний цаана байгаа гэр бүлийнхэнд нь амаргүй л байдаг байх?

-Манай гэр бүл сонголтоо хийчихсэн. Хэл ам, элдэв дайралтаас айдаг бол би улс төрөөс гарчих боломжтой шүү дээ. Манай гэр бүлийнхэн элдэв мэдээллийг тоодоггүй, үнэнийг хэлэхэд зурагт үзэж, радио сонсдог ч үгүй. Сошиалд идэвхтэй байдаг нь би.

-Та төрд зүтгэсэн хугацаандаа хууль бус үйл ажиллагаа хийгээгүй гэдэгтээ бат итгэлтэй байдаг уу?

-Итгэлтэй байна. Хаана ч нүүр бардам хэлнэ. Х.Баттулгын хүсэлт, захиалгаар мөн ч олон удаа шалгуулсан даа. Захиалгат нэвтрүүлгүүдээр мөн ч олон удаа доромжлуулж, гүтгүүлсэн дээ. Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаг жамтай.

-Оюу толгойн хөрөнгө оруулалт дээр та ямар байр суурьтай байдаг вэ. Монгол Улсад үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байдаг уу?

-Оюу толгойн төслийг хэрэгжүүлж эхлэх шийдвэрийг С.Баярын Засгийн газар гаргасан. Энэ бол Монгол Улсад гуравдагч орны хөрөнгө оруулалт орж ирсэн түүхэн шийдвэр байсан. Түүнээс хойш үе үеийн Засгийн газар уг төслийг сайжруулах чиглэлээр тодорхой ажлуудыг хийгээд л явж байна. Сү.Батболдын, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гэрээг сайжрууллаа. Энэ мэт сайжруулаад л явах учиртай. Оюу толгой дээр шүүмжлэлтэй хандаж байгаа хүмүүст ч хүндэтгэлтэй ханддаг. Тухайн үед хамгийн том зориг гаргаж, энэ төслийг эхлүүлсэн хүн бол яах аргагүй С.Баяр.

-Та цаашдынхаа улстөрчийн карьерийг хэрхэн төлөвлөдөг вэ?

-Улс орны хөгжил дэвшил, Увс нутгийн хөгжил дэвшилтэй холбоотой хийх ёстой олон ажлууд байна. Өөрт оногдсон эрх үүргийн хэмжээнд зүтгэж байгаа. Монгол Улс бол үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, сонгох, сонгогдох эрх чөлөөг хүндэтгэдэг ардчилсан улс. Хууль засагладаг улс болгож бэхжүүлэхийн төлөө зүтгэнэ, хувь нэмрээ оруулна. Ард түмнийхээ итгэлийг хүлээж, олон түмэн, улс орныхоо төлөө зүтгэхээс илүү зүйл улстөрч хүнд байхгүй шүү дээ.

П.Батзаяа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Цаг агаарын улмаас Турк улсад хийх бүх нислэгийг цуцалжээ 3 цаг 0 мин С.Баяр: Цагаан сараар хар гэрт суух шиг гунигтай зүйл үгүй 3 цаг 55 мин Дөрвөн хүн нас барж, 1978 шинэ тохиолдол шинээр бүртгэгджээ 4 цаг 32 мин "УБТЗ" ХНН-ийн Дотоод аудитын албаны орлогч дарга Ж.Пунцагт эрүүгийн хэрэг үүсгэжээ 4 цаг 50 мин ХААН ШАЛДАН БАЙНА! 5 цаг 29 мин С.Бямбацогт: Хаврын чуулганаар Архидан согтуурахтай тэмцэх хуулийг хэлэлцэн батлуулна 6 цаг 29 мин П.Очирбат: Тэнгэрийн цаг жаргах болоогүй ээ 7 цаг 43 мин Зөрчил гаргасан бөхчүүдэд нэг удаа уучлал үзүүлэх утгатай хүсэлт гаргажээ 8 цаг 1 мин Төсвийн орлогын урьд оны дутуу төлөлтийг барагдуулахыг үүрэг болголоо 8 цаг 10 мин Сайжруулсан шахмал түлшийг 615 цэгт түгээн борлуулж байна 8 цаг 16 мин БАЙРШИЛ: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд 8 цаг 28 мин Үүл хуралдвал хур бууж өн болдог 8 цаг 37 мин Өнгөрсөн онд оффшор бүсээс 20 тэрбум төгрөгийг буцаан төвлөрүүлжээ 8 цаг 42 мин Олон улсын газар зүйн заалтад Увс аймгийн чацаргана жимсийг бүртгэжээ 8 цаг 49 мин Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 9 цаг 4 мин Үндэсний музейд "Хүннү: Археологийн шинэ нээлт" тусгай үзэсгэлэн нээгдлээ 23 цаг 14 мин Өвлийн олимпын талаарх Хятадын хатуу байр суурь 23 цаг 16 мин Их Британи Оросын Украины эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээг буруутгаж байна 23 цаг 29 мин Мухар олгойн мэс заслын дараа баримтлах хоолны дэглэм 23 цаг 38 мин АНУ-ын тэргүүн хатагтай Ерөнхийлөгчийн сүүлчийн өдөр ширээн дээр нь бүжиглэв Өчигдөр 17 цаг 04 мин
iИх уншсан
Шүүгч ковид туссанаас болж шүүхийн тогтоол 35 хоногоор хойши... Э.Бат-Үүлд зохиомол хэрэг тохож, ял оноосон асуудлаар НҮБ-д ... Б.Пүрэвдорж: Манай намын гишүүд ҮХЦ-д давхар дээлний асуудла... Сайжруулсан шахмал түлшний дампуурал Сайн байна уу, нөхөр дайсан! Ц.Туваан: Би АН-ын тамгыг гуйж аваагүй, гудамжнаас ч олоогүй... "Их сургууль цогцолбор" төслийг Эрдэнэт үйлдвэртэй хамтран х... Г.Майцэцэг: Ажилласаар байгаад л өрөнд ороод дуусахаар нийгм... Үүл хуралдвал хур бууж өн болдог АНУ-ын тэргүүн хатагтай Ерөнхийлөгчийн сүүлчийн өдөр ширээн ... П.Очирбат: Тэнгэрийн цаг жаргах болоогүй ээ Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна "Тайваний иргэдийн 90 хувь нь эх газрын Хятадаас гаралтай ч ... Орос Украин руу "маш богино хугацаанд" халдаж болзошгүй гэж ... Н.Төгсцогт мэргэжлийн боксын ээлжит тулаандаа Сакариа Лукаст... Их Британи Ковидтой холбоотой бараг бүх журмыг цуцална Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүү... БОАЖ-ын дэд сайдаар Б.Тулгыг томилохоор тохиролцжээ Brent нефтийн баррелийн үнэ 2014 оноос хойш 89 доллар хүрэв Э.Бат-үүлд ял оногдуулсан шүүхийн тогтоолыг сар шинэ дуустал...
Top