x

Л.Энх-Амгалан: Багш нарынхаа нэр төр, хөдөлмөрийн үнэлэмжийг өндөр түвшинд гаргах бодлогыг тууштай баримтлах болно 

“Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 дахь жилд Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Л.Энх-Амгалан ажиллав” гэх мөр түүхэнд үлдэж байна. Харин сайд салбарынхаа өнгөрсөн, өнөөдөр, маргаашийг хэрхэн тоймолж, юун тухай өгүүлснийг энэ ярилцлагаараа тодруулахыг зорьсон юм. “Боловсрол” сэтгүүлийн тусгай дугаарын онцлох зочны ярилцлагыг хүргэж байна.

-Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг бид тэмдэглэж байна. Энэ зуун жилийн хэдэн жил нь таны амьдралтай салшгүй холбогдож байна вэ? 

-Боловсролоос ангид хүн, гэр бүл, эцэг эх, хүүхэд гэж байдаггүй. Боловсрол бол хүний амьдралд насан туршид хамт байдаг хэрэгцээ шүү дээ. Би хоёр настайдаа яслид орсноосоо хойш тооцох юм бол цэцэрлэг, дунд сургууль, дээд сургуульд суралцсан, дараа нь миний хүүхдүүд мөн л цэцэрлэг, сургуульд суралцаж өнөөдрийг хүртэл 50 жил боловсролын салбартай амьдралаа холбожээ. Миний бие УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдохдоо Монгол Улсын боловсролын орчин цагийн бодлого тодорхойлох түүхэн цаг үе болох 2016-2018 онд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар томилогдож ажилласан. 2021 онд бүрэлдсэн Засгийн газарт томилогдсон минь сайдаар ажиллаж буй анхны үйл хэрэг бөгөөд энэ жил 100 жилийн ойгоо тэмдэглэж буй салбарынхаа 38 дахь сайдаар ажиллаж байна. Тэгэхээр би бол намтар түүхээрээ Монголын боловсролын тогтолцооны сүүлийн 50 жилийн бүтээгдэхүүн юм. 

-Боловсрол гэхээр ус, агаар, хоол хүнс гэдэг шиг айл гэр, хүн нэг бүрийн өдөр тутмын амьдралын сэдэв. Ийм ойр, салшгүй сэдэв учраас бид ололт амжилтаасаа илүү бэрхшээл, зовлонгоо илүү хэлэлцэх нь олонтаа. Харин бид өнөөдөр 100 жилийнхээ түүхэнд монголчуудын хүрсэн боловсролын гол ололт амжилт юу болох талаар тогтож ойлгох, баярлаж талархах завшааныг бас алдамгүй. Та сайдын хувьд салбарынхаа 100 жилийн хамгийн том бахархлыг юу гэж хэлэх вэ? 

-Монголчуудын боловсрол Хүннү гүрний соёл иргэншлээс дэлхий дахинд улбаатай шүү дээ. Тэгэхээр монголчуудын бүтээсэн боловсролын түүх хамгийн багадаа 2500 гаруй жилийн түүхтэй гэж үздэг. Хадны сүг зургаас авахуулаад нүүдэлчдийн соёл урлагийг үүсгэсэн учраас монголчууд боловсролын дархлаатай ард түмэн гэдэгтэй маргах аргагүй. Богд хаант Засгийн газрын үед ноёд тайж нарын хүүхдүүд шинжлэх ухааны боловсрол эзэмшдэг сургуультай байж. Түүнээс ч өмнө XIII зууны үеэс Монголын язгууртнууд үр хүүхдээ гэрээр сургаж, боловсрол олгож байсан уламжлалыг сурвалж бичгүүдэд тэмдэглэн үлдээжээ. Гэрийн боловсрол гэдэг тухайн цагтаа боловсролын тогтолцоо байж. Харин бид энэ жил бүх нийтээр сурч боловсрох эрхтэй ардын сургууль үүд хаалгаа нээсний 100 жилийн ойг тэмдэглэж байна. Монгол Улс Ази тивд анх удаа бүх нийтэд зориулсан ардын сургууль нээсэн улс орон гэгдэх бодит түүхийн эзэн болсон 100 жил гэсэн үг. Дэлхий дээр анхны сургууль Английн Харвардад үүссэн бол Азид анх удаа Монголд орчин цагийн боловсролын тогтолцооны түүх эхэлсэн нь бид өнгөрсөн 100 жилд асар их амжилтад хүрснийг гэрчилнэ.

Монгол Улс 1961 онд НҮБ-д элсэн орж, тусгаар тогтнолоо олон улсад баталгаажуулсан бол үүнээс ердөө есөн жилийн дараа буюу 1970 онд НҮБ-аас БНМАУ-ыг бичиг үсэгтэн улс хэмээн дэлхий дахинаа зарласан нь монголчууд биднийг оюуны соёлын өндөр дархлаатай үндэстэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн явдал юм. Монгол Улс өдгөө ч ард түмнээрээ бичиг үсэгт тайлагдсан дэлхийн цөөн орны нэг. Дэлхийн улс орнуудын хөгжлийг хүний хөгжлийн индексээр хэмждэг шүү дээ. Үүнд нэгдүгээрт, бичиг үсэгт тайлагдсан байдлыг үнэлэх бөгөөд өдгөө монголчуудын 98 хувь бичиг үсгийн боловсролтой. Хоёрдугаарт, цэцэрлэг сургуульд хамрагдсан үзүүлэлт орох ба монгол хүүхдүүдийн 70-80 хувь цэцэрлэгт, 100 хувь ерөнхий боловсролын сургуульд хамрагдаж байна. Шүүмжлэлтэй хандах зүйлс байгаа боловч Монгол Улс мэргэжлийн сургалт, дээд боловсролын тогтолцоог бий болгосон нь 100 жилийн, тэр дундаа шинэ тогтолцоонд шилжсэн сүүлийн 30 жилийн томоохон амжилт гэж хэлнэ.  

-Бид багш дор мөргөмү хэмээн хэлэлцдэг эртний уламжлалтай ард түмэн. Үндэсний орчин цагийн боловсролын нэгэн шинэ зуун эхэлж буй энэ цаг үед Та салбарын сайдаар ажиллаж буйн хувьд өнөөгийн болоод ирээдүйн багш нарын талаар тодорхойлж хэлэхгүй юү? 

-Монголчуудын боловсролын түүхэнд гэрийн багштай байх, гэртээ боловсрол эзэмших уламжлал байсан тухай би дээр цухас дурдлаа шүү дээ. Багш бол хүнээр хүн хийдэг ариун үүргийг гэр бүл дотор эцэг эхийн адил хүлээж байсан 800 жилийн өмнөх ахуйгаас багшийг хайрлан хүндэтгэх ёс заншил бидний сэтгэлгээнд уламжлагдан өнөөдөрт ирсэн болов уу гэж би боддог юм. Орчин цагт манай багш нар хүнээр хүн хийж чадаж байна уу гэж асуувал бүрэн дүүрэн сэтгэл хангалуун хариулт өгөх нь ховорджээ. 1990 оноос эхэлсэн нийгмийн шилжилтийн он жилүүдэд бид бодлогын том алдааг боловсролын салбартаа гаргасан нь багш бэлддэг тогтолцоогоо эвдсэнийх. Социализмын үед багшийн нэр хүнд өндөр, сайн цалинтай, хүүхэд бүр багш болох гэж эрмэлздэг үнэ цэн байсан бол өнөөдөр багшийн нийгэм дэх үнэлэмж, цалин хөлс унасан байна. Гэхдээ би өөдрөгөөр хардаг. Багш бол хүмүүн баялагийг бүтээгч, түүний гар оюунаас монгол хүүхэд залуусын ирээдүйн амьдрал шалтгаалахын хувьд төр засгийн анхаарал хийгээд хариуцлага, шаардлагын төвд байх учиртай ажил мэргэжил. Тиймээс бид багш нарынхаа нэр төр, хөдөлмөрийн үнэлэмжийг өндөр түвшинд гаргах бодлогыг тууштай баримтлах болно. 

Монгол ухаанд сэтгэл зүрхний боловсрол гэдэг нь шинэ эд биш.

-Шинэ зуунд мэдлэгээс илүү сэтгэл зүрхний боловсрол чухалд тооцогдох болж байна. Тэгэхээр зөвхөн багш, сургуулийн үүрэг хариуцлагаас гадна гэр бүл, эцэг эхийн нөлөө боловсролын тогтолцооны салшгүй хэсэг гэж үзэх үү?  

-XXI зуунд амьдрах зөв монгол хүн гэж хэнийг хэлэх вэ гэхээр, нэн тэргүүнд хүнлэг хүн юм шүү дээ. Мэдээж эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эх оронч, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэхэд орчин цагийн боловсролын агуулга чиглэж байгаа. Хүүхэд хүнлэг нинж сэтгэлийг ангир уургаа хөхөн торнихоос, үлгэр домог сонсож өсгөдөг ардын ухаанаас олдог. Монгол ухаанд сэтгэл зүрхний боловсрол гэдэг тэгтлээ шинэ эд биш. Бид гэр бүлийн хүмүүжил, төлөвшлийн талаар асар өргөн ойлголтыг өвлөсөн ард түмэн шүү дээ. Социализмын үед эцэг эхчүүдийн дийлэнх нь хүүхдүүдээ хооллож, хувцаслаад сургуульд даатгаж орхидог нь ердийн үзэгдэл байсан. Гэтэл өнөөгийн цахим сүлжээ, эмх замбараагүй мэдээллийн ертөнцөд монгол хүүхдэд гэр бүл тулах түшиг нь болно гэдгийг орчин цагийн эцэг эхчүүд ухамсарлах хэрэгтэй. Ерөөс боловсролын алтан гурвалжин гэх томъёололд оюун-бие бялдар- сэтгэлийн чадавхийг авч үздэг. Биеийн тамирын хичээл ордог шүү дээ. Үүн шиг оюуны тамир, сэтгэлийн тамир алтан гурвалжингийн талууд байх нь. Сургуульд даатгаснаар бүрэн гүйцэд болохооргүй чадваруудыг ангир уургаа амлах цаг мөчөөсөө эхлэн хүүхэд гэртээ олж төлөвшсөөр байдаг. Өнөөдөр ерөнхий боловсролын 47 мянган багшийн гарт та бидний 1.1 сая хүүхдийн хувь заяа байна. Тэгэхээр нэг талаас энэ олон хүүхэд залуусын ирээдүйн өмнө үүрэг хүлээж буй 47 мянган багшийн хариуцлага, нөгөө талаас 1.1 сая хүүхдээ багш, сургуульд даатгаад орхиж болохгүй гэдгээ бодох эцэг эхийн хариуцлага, хамтын ажиллагаа чухал байна. УИХ-д өргөн барьсан Боловсролын ерөнхий хуулийн төсөлд бид сургууль, эцэг эхийн хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгосон зохицуулалтуудыг оруулж өгсөн. 

Ковидын үед хоёр ч хичээлийн жилийн турш танхимын бус сургалт явууллаа. Тэгтэл нэг сонин үзүүлэлт гарсан нь 45-аас доош насны эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ маш сайн ажилладаг юм байна. Шинэ үеийнхний гэр бүлдээ хэр хариуцлагатай ханддаг, хүүхдүүддээ ямар их анхаарал тавьдгийг эндээс ойлгож болохоор. Түүнчлэн шилжинэ, шилжих гэж байна гэж олон жил ярьсан цахим хичээл, танхимын бус сургалтыг манай салбар ковидын “буянаар” зэгсэн туршлаа. Эцэг эхчүүдийн оролцоо, дэмжлэг танхимын бус сургалтад нэн чухал байдгийг харлаа.   

Сайдаар ажиллах хугацаандаа миний хийж чадах хамгийн сайн ажил бол Монголын боловсролын чанарын үнэлгээг боловсронгуй тогтолцоотой болгох явдал гэж хэлэхийг хүсэж байна.

-Боловсролын салбарт чухал агаад эмзэг сэдэв санхүүжилт байсаар иржээ. УИХ 2022 оны төсөв яг одоо хэлэлцэж байна. Та сайд болсныхоо дараа бага үнэлгээтэй, цалин нийгмийн хамгаалал нь хангагдаагүй багшаас ямар бүтээмж, ур чадвар нэхэх вэ гэж УИХ-ын гишүүдээс асуусан. Ирэх жилийн төсвөөс харахад танай санхүүжилт хүүхдүүддээ, багш нартаа хэр хүртээлтэй байх нь вэ? Та амалсан ёсоор боловсролын салбарыг санхүүжилтээр нь дамжуулан өөрчлөн сайжруулж чадах нь уу?

-Чадна. Сайн багш өндөр цалин авна. Багшийн ур чадвараас, сурагчдынх нь ахиц дэвшлээс хамаарна. Ангидаа 15 хүүхэдтэй, 50 хүүхэдтэй ажиллаж байгаагаас цалин урамшуулал мөн хамаарна. Монгол Улсын төсөв 15 их наяд төгрөг, үүнээс боловсролын салбарынх 2.3 их наяд. БШУ-ны сайд улсын нийт төсвийн 17 хувийг захиран зарцуулж, төсвийн хөрөнгө оруулалтын 70-80 хувийг нуруундаа үүрнэ. Энэ нь манай улсад бага мөнгө биш. Гагцхүү зөв, үр дүнтэй зарцуулахад асуудал байна. Манай салбарт хоёрхон санхүүжилт байсан. Нэгдүгээрт, суурь ба урсгал санхүүжилт буюу цахилгаан дулаан, цалингийн зардал, хоёрдугаарт, нэг сурагчид ногдох хувьсах зардал гэж. Говь-Алтай, Булган, Дундговь аймагт нэг хүүхдэд ногдох хувьсах зардал 1.8 сая төгрөг бодож өгч байгаа боловч эдгээр аймгийн боловсролын чанар сүүл мушгиж байна. Гэтэл нийслэлийн захын хорооллын сургуулиуд, жишээ нь Сонгинохайрхан дүүргийн сургуулийн нэг хүүхэд сургах зардалд 800 мянган төгрөг өгч байна. Тэнд нэг ангид 40-50 хүүхэд багталцаж ядан суудаг. Байгалийн ухаан, компьютерийн лаборатори байхгүй. Боловсролыг салбарын төсөв ердөө л байгууллага санхүүжүүлэх чиглэлд урсаад байж шүү дээ. Тогтолцоо ийм буруугаас хичээлийн үр дүн, сурлагын ахиц дэвшил тааруу. Одоо бол хүүхэд тус бүрийн сурлагын чанараас, ахицаас нь шалтгаалж хувьсах зардлаас багш нарын цалин хөлс урамшууллыг нэмэгдүүлэхээр болж байна. Багш нар өөрийнхөө халааснаас сургалтад хэрэглэх материал худалдаж авдаг байсныг мөн хувьсах зардлаас санхүүжүүлдэг болно. Өнөөдөр төрийн өмчит 670 сургуулиас байгалийн ухааны лабораторитай 100-хан сургууль байна. Тиймээс хувьсах зардлаас сургуулиудад байгалийн ухааны, компьютерийн танхим тохижуулах санхүүжилтийг шийддэг болгоно. Хувьсах зардлын санхүүжилтээр хот ба хөдөөгийн, хот дотроо төвийн ба захын сургуулиудын тэгш бус байдлыг арилгахаар бид ажиллаж байна. 

Төр өөрөө төрийн өмчит сургуулиуддаа олон янзын хэмжээтэй санхүүжилт олгодог нь сурлагын чанарын тэгш бус байдлыг бий болгожээ. Кембрижийн сургалттай төрийн өмчит зургаан сургууль 50 хувь, лаборатори 45 сургууль 30 хувийн нэмэгдэл санхүүжилт авдаг учраас бусад энгийн ЕБС-иудын багш нартай харьцуулахад цалингийн, ажиллах урам зориг, итгэл үнэмшлийн, сурлагын чанарын гээд боловсролын ялгааг бий болгоод байгааг арилгана. Тиймээс хувьсах зардлыг үр дүнд суурилж багш нарт олгодог болно. Сургуулийг сургууль хооронд төгсөгчдийнх нь ЭЕШ-д авсан оноогоор бус, багшийг багштай нь бус, хүүхдийг хүүхэдтэй нь дүнгээр нь бус, зөвхөн ахиц дэвшлийн үнэлгээгээр нь өрсөлдүүлдэг болъё. Сайдаар ажиллах хугацаандаа миний хийж чадах хамгийн сайн ажил бол Монголын боловсролын чанарын үнэлгээг боловсронгуй тогтолцоотой болгох явдал гэж хэлэхийг хүсэж байна. Монгол Улсын 2022 оны төсөв бол боловсролын чанар, үнэлгээний тогтолцоог шинэ шатанд гаргах төсөл болж чадсан. Өнгөрсөн хугацаанд бид гурван ээлжтэй сургуулийг яаж хоёр ээлжтэй болгох вэ, цэцэрлэг яаж барих вэ гэдэгт буюу боловсролын салбарын хүртээмжид түлхүү анхаарсан. Тухайн цаг үеүдэд гол бэрхшээл нь боловсролын байгууллагын хүртээмж байсан учраас зөв бодлого байлаа. 

Дашрамд, намар бид нэгдүгээр ангид элссэн сурагчдаас түвшин тогтоох шалгалт авч гарааны үнэлгээ хийж эхэллээ. Энэ бол цэцэрлэгт явсан эсэх зэргээс шалтгаалан хүүхдүүдэд гарааны жигд нөхцөл бүрдүүлэх зорилготой байсныг одоо эцэг эхчүүд ойлгосон байх. Багш нар ур чадварын сургалтад хамрагдаж, өөрийнхөө түвшнийг өөрөө тодорхойлж, өөрт тохирсон сургалтуудаа авч, ажлын байран дээр тогтмол өөрийгөө хөгжүүлнэ. Ийнхүү ахиц дэвшлийн үнэлгээгээр багш нарын цалин, сургуулийн урамшууллыг тогтоох үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд Монгол Улс шилжлээ.    

Би боловсролыг бизнес гэж үздэггүй. Боловсрол бол нийтийн баялаг бүтээдэг салбар болохоос хувийн компани биш. Хүүхэд бүр тэгш гараанаас тэгш боловсрол авах боломжтой байх ёстой. Манайхан “үнэгүй” боловсрол гэдэг. Үнэгүй биш шүү дээ. Улсын төсвийн 15 төгрөг болгоны гурван төгрөгийг зарцуулж байдаг өндөр үнэтэй салбар.

-Монголчуудын дунд боловсролыг бизнес гэж харах дургүй, төлбөртэй сургуулийг боловсролоор бизнес хийгсэд гэж шүүмжилдэг олон хүн бий. Боловсрол үнэгүй, тэгээд тэгш байсан үе өнгөрөөд 30 жил болсон ч хүмүүст боловсролыг “юугаар ч үнэлэгдэмгүй” гэх үнэ цэн бат бөх байна. Гэвч үнэгүй, эсвэл хямд боловсрол чанаргүй, эсвэл чанар муутай л байна шүү дээ. Тэгэхээр боловсролын чанар ба өрсөлдөөн, зардал, төлбөрийн хэмжээг Та ямар аксиомоор хардаг вэ?

-Би ч бас боловсролыг бизнес гэж үздэггүй. Боловсрол бол нийтийн баялаг бүтээдэг салбар болохоос хувийн компани биш. Хүүхэд бүр тэгш гараанаас тэгш боловсрол авах боломжтой байх ёстой. Манайхан “үнэгүй” боловсрол гэдэг. Үнэгүй биш шүү дээ. Улсын төсвийн 15 төгрөг болгоны гурван төгрөгийг зарцуулж байдаг өндөр үнэтэй салбар шүү дээ. Сурагчдын үдийн хоолонд жилд 80 тэрбум төгрөг зарцуулж байна. Төсвөөс жилд 300-400 тэрбум төгрөгөөр цэцэрлэг, сургууль, дотуур байр барьж байна. Энэ чинь мөнгө, үнэ цэн биш гэж үү. Бид өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүн 35 их наяд төгрөгийнхөө таван хувийг боловсролд зарцуулж байгаа нь дэлхийд муу үзүүлэлт биш. Нэг монгол сурагчид 200 ам.доллар зарцуулж байна л даа. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орны сурагч тус бүрт 1000 ам.доллар зарцуулж байна. Энэ тохиолдолд олон улсад өрсөлдөхүйц чанарын тухай ярина. 

Хэрэв Та Монголд боловсролоор бизнес хийж байгаа бол тухайн сургууль корпорацын засаглал, компанийнхаа хуулиар л явах ёстой. Гэтэл манайд төрийн бус байгууллагын нэрээр татвараас зайлсхийж сургууль ажиллуулдаг явдал түгээмэл. Хүүхдээс 10 сая төгрөгийн төлбөр аваад дээрээс нь төрөөс хувьсах зардал авдаг байж болохгүй. Тиймээс 10 саяас дээш төлбөртэй сургуулиудад хувьсах зардал олгохгүй гэж би шийдсэн. 

Манайханд нэг өрөөсгөл хандлага байна. Олон улсын, за жишээлбэл манайхны сайн мэддэгээр Кембрижийн боловсролын тогтолцоо гэдэг нь төлбөртэй сургуулийг хэлдэг юм биш шүү дээ. Энэ бол боловсролын чанарын үнэлгээ нь сурагч, багш бүрийг үнэлж, онцлог хөгжлийг нь тодорхойлж, илүү сайжруулж чаддаг тогтолцоог л хэлж байгаа юм. Олон улсад өрсөлдөх байгалийн ухааны хичээлийн хөтөлбөр, сурах бичгийн агуулга нь л Кембриж болохоос үнэ төлбөр өндөртөө л энэ тогтолцооны онцлог байдаг юм биш. Тиймээс бид энэ хөтөлбөрөөс чанарын үнэлгээг нь аваад төрийн өмчит 670 сургуульдаа нэвтрүүлэх, байгалийн ухааны лабораториудаа байгуулаад, сурах бичгийн агуулга, хөтөлбөрийн стандартуудыг нь авахад л манай үндэсний боловсролын хөтөлбөр илүү боловсронгуй болж сайжраад ирнэ. 

-Манай улсад монгол багш нарын байгуулсан хувийн хэвшлийн дунд сургуулиуд цөөнгүй, тэр дотор Монголын шилдэг сургуулиуд олон байна. Тэдгээрт сүүлийн 20 гаруй жилийн турш туршигдаж сайн үр дүнтэй нь нотлогдсон хөтөлбөрүүдээс төрийн өмчит сургуулиуд хуваалцаж, үндэсний хэмжээний жишиг бий болгож болдоггүй юм уу?

-Сүүлийн 30 жилд Монголын боловсролын салбарт бий болсон үнэ цэнтэй капитал бол хувийн дунд сургуулиуд гэдэгтэй маргах аргагүй. Тэдний боловсролын салбарт бий болгосон өрсөлдөөн төрийн өмчийн сургуулиудад багш нарын ажиллах, хүүхдүүдийн сурах орчныг анхаарсан сайн жишиг үзүүлж чаддаг. Гэхдээ хувийн сургууль л сайн гэдэг ойлголт өрөөсгөл ч байх талтай. Төрийн өмчит сургуулийн зарим сурагч өндөр төлбөртэй хувийн сургуулийн сурагчдаас хавьгүй илүү амжилт үзүүлсээр ирсэн. Тиймээс төрийн өмчит сургуулиудад санхүүжилтийг нь л шийдээд өгвөл болно шүү дээ. Мэдээж сайн сургуулиудынхаа туршлагыг улс орон даяар түгээн дэлгэрүүлж хуваалцах бүрэн боломж бий. 

-Дэлхий даяараа боловсролыг шинээр ойлгох байр сууринд ирж. Боловсрол гэдэг нь цээжилж тогтоох ой нь хэр вэ гэх ойлголт байсан бол одоо мэдлэг, мэдээллийг түргэн хайх, бүтээх үнэ цэнийг хэлэх болж. Таны удирдаж буй салбарт боловсролын үнэ цэнийг ойлгох хандлага, боловсрол олох болон олгох арга хэр шинэчлэгдэж байна вэ? 

-Бидний өнөөдрийг хүртэл явж ирсэн тогтолцоо бол хүүхдийг шалгалтад бэлддэг, цөөнхийг нь олимпиадад өрсөлдүүлдэг ийм арга зүй байж. Гэтэл боловсролын зорилго юу юм гэвэл, хүүхдийг амьдралд хөлөө олох, бие дааж амьдрах чадваруудад сургахад л орших юм. Ойрын 10-15 жилийн дараа одоо байгаа мэргэжлүүдийн гуравны хоёр нь алга болно гэж байгаа нийгэмд бид хүүхдүүдээ бэлдэх ёстой болж байна. Тэгэхээр нийгмийн шинэ үеүдэд бий болох хэрэгцээ шаардлагуудыг өөрөө тодорхойлох, тэр дагуу өөрөө өөртөө ажлын байр бэлдэх чадварт ч суралцах шаардлага шинэ үеийн залууст тавигдах болж байна.  

Монгол хүн оюуны чадавхаараа дэлхийд 12-т эрэмбэлэгдэж байна. Асар өндөр үзүүлэлт шүү дээ. Гэтэл энэ чадавхаа ашиглах, хөгжүүлэх чадавхаараа дэлхийд сүүл барьж явна. Мэдлэгээрээ амьдрах чадавхид нь сургахгүй байгаа л хэрэг. Бид хүүхдүүддээ сэтгэн бодох, сэтгэл хөдлөлөө удирдах, эргэцүүлэн дүгнэх, шийдвэр гаргах чадварыг зааж чадахгүй байна. Дэлхийн боловсролын тэргүүлэх чиг хандлагад суралцахуй, багшлахуй гэдэг ойлголтууд манайхаас өөр байна. Хүүхэд сургуулийнхаа орчинд дуртай, суралцах үйлдээ, мэдэх хүсэл эрмэлзэлдээ дуртай байхыг суралцахуй гэх аж. Багшлахуй гэдэг нь сурагчдад туслахыг, дэмжлэхийг ойлгох юм байна. Яагаад сурах ёстой юм бэ, хүн юунд сурвал зохилтой вэ гэсэн асуултад өгөх шинэ хариултыг “суралцахуйн таван багана”-д ингэж багцалжээ: Суралцахуйд сурах, хийж чадахын тулд сурах, мэдэхийн тулд сурах, хүний ёсоор аж төрөхийн тулд сурах, бусадтай хамтарч амьдрахын тулд сурах ёстой гэж. Бид хүүхдүүддээ академик мэдлэг олгохын сацуу хувь хүний чадваруудад, төлөвшилд суралцуулж байж, цогц чадамжтай XXI зууны зөв монгол хүнийг бий болгоно.  

Эцэг эхчүүд хүүхдээ дээд сургуульд суралцуулахын тулд банкнаас зээл авдаг. Их, дээд сургууль гэдэг нь эцэстээ банкуудын бизнес болж таардаг.

-Боловсролын салбарт алдагдсаныг залруулах ямар бодлогыг танай яам одоо боловсруулж байна вэ?  

-Манай боловсролын тогтолцоонд гарсан том гажуудал бол түвшин хоорондын уялдааг алдсан. Системээр нь харах хэрэгтэй болсон. Бага боловсролын хөтөлбөрийн агуулга сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгтэйгээ, эсвэл сургуулийн дунд ангийнхтайгаа уялдаагүй. МСҮТ-ийн сургалт бүрэн бус дунд боловсролтойгоо, их дээд сургуулийн хөтөлбөртэйгөө ч уялдаагүй явж ирснийг бид залруулж байна. Ерөөс бид сургуулиас завсардсан иргэдээ л хамруулах гэж насан туршийн боловсролын тогтолцоо гэдгийг ойлгож ирсэн маань алдаа байж. Гэтэл энэ нь бүх хүнд хамаатай, нэг нь нөгөөдөө шилжин уялддаг бүхэл бүтэн систем байх талаас нь бодож боловсруулаагүйгээс гажуудал гарч байсныг бид залруулахаар ажиллаж байна. Ирээдүйд хүн 3-4 мэргэжлийн ур чадварыг эзэмших шаардлагатай болох нь. Тэгэхээр мэргэжлийн үндэсний шаталсан бүтцийн бүдүүвч зургаа гаргаж байж тэнд хүн ямар ур чадварыг аль түвшинд олох вэ гэдэг ойлголттой болно. Мэргэжлийн үндэсний шаталсан бүтцээ тодорхойлоогүйгээс боловсролын түвшин хоорондын уялдаа алдагдаж, өнөөдрийн тогтолцооны гол хямрал болж томорсон шалтгаан ердөө л энэ шүү дээ. Ингээд Боловсролын тухай багц хуулийг санаачлан УИХ-д өргөн барилаа. Ирэх хавар батлагдана гэж найдаж байна. Боловсролын ерөнхий хуулиудаа сайжруулснаар манай салбарт жинхэнэ утгаараа шинэчлэлүүд бий болно. 

-Та сайд болоод их, дээд сургуулиудыг өндөр шалгуураар магадлан итгэмжилж тоог нь цөөлөх ёстой гэсэн. Таны өмнөх сайдууд ч мөн л чанаргүй их, дээд сургуулийн тоог цөөлнө гэсэн. Ер нь манай улсын Боловсролын сайдын бас нэг зовлон дээд сургууль, оюутны тоо хэт олширсонд байдаг юм уу? 

-Үнэн. Бид энэ тогтолцоог яаралтай өөрчилж чанаргүй их, дээд сургуулиудыг татан буулгахаас өөр аргагүй. Жил бүр төгсөж байгаа 147 мянган оюутны дөрөвний нэг нь ажлын байртай болдог. Үлдсэн дөрөвний гурав дипломтой ажилгүйчүүдийн эгнээнд шууд шилждэг. Дээд боловсролыг чанартай болгох үүднээс тоог цөөлөх, нэгтгэх, хөтөлбөрийнх нь чанарыг сайжруулах бодитой алхмуудыг хийнэ. Монголын ядуурлын шалтгаан ч энэ олон чанаргүй дээд сургуулиуд мөн. Эцэг эхчүүд хүүхдээ дээд сургуульд суралцуулахын тулд банкнаас зээл авдаг. Их, дээд сургууль гэдэг нь эцэстээ банкуудын бизнес болж таардаг. Нэг оюутны сургалтын төлбөр дунджаар гурван сая төгрөг гэвэл жил бүхэн 147 мянган оюутны эцэг эхэд тэтгэврийн, малчны нэрээр 400 тэрбум төгрөгийн зээл банкууд олгож байна. 

-Танай нам яагаад л сонгуулийн жил дөхөхөөр сургалтын зээлийг тэглэчихдэг юм бэ? Сургалтын зээл олгох, тэглэх, тэтгэлэг өгч дэмжих гэдэг чинь шударга ёс, хариуцлага болохоос улс төрийн сайн үйлс ч юм уу, цагийн байдлаар шийддэг сэтгэл хөдлөлийн арга хэмжээ, оюутан залуусын санал худалдаж авах заль мэх биш шүү дээ?

-МАН бол зүүний нам, бид баялгийн тэгш хуваарилалт хийх ёстой. Оюутолгой, Тавантолгойн хувьцаа төдий биш. Баялгийн тэгш хуваарилалт гэдэг нь иргэн бүртээ чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн, боловсролын үйлчилгээ үзүүлэх ёстой. Энэ хэмжүүрээр харвал, сургалтын зээлийг тэглээд ч бол боловсролыг тэгш хүртэх боломжоор хангах шаардлага гардаг юм. 

-Их, дээд сургуулиудыг хотоос гаргаж түгжрэлийг бууруулах тухайд..?

-Механикаар шийдэх асуудал биш юм билээ. Гэхдээ би нэлээд цаг гаргаж судаллаа. Засгийн газраар оруулж, ХААИС-ийн хоёр сургуулийг ирэх хавраас Дархан руу, ШУТИС-ийн зарим сургуулийг Өмнөговь, Дархан, Эрдэнэтэд нүүлгэхээр шийдүүлсэн. Их, дээд сургуулиудыг нүүлгэн шилжүүлэхэд анхаарах гол зүйл бол Улаанбаатарт үлдсэн сургуулиудад нүүсэн сургуулиудынхтай ижил төстэй хөтөлбөр бүхий сургууль ажиллахыг хориглохгүй бол оюутнууд явахаас татгалздаг туршлага байна. Өмнө нь төрийн өмчит дээд сургуулиудыг гаргахад Улаанбаатарт хувийн дээд сургуульд нүүсэн сургуулийн хөтөлбөртэй ижил ангиуд элсэлт аваад эхэлсэн байх жишээтэй. Тэгэхээр магадлан итгэмжлэлээр нь тэр боломжийг хаах боломжтой. Нэгэнт их, дээд сургуулиудыг хотоос гаргах ажил эхэлж байгаа л бол энэ нүүдэл өөрөө багш нарын амьдрах орон сууц, ипотекийн зээл, оюутны дотуур байр гэхчлэн олон асуудлыг цогц шийдэх шаардлагатай тулгарч байна. Түүнчлэн сургалт-судалгаа-үйлдвэрлэл гэсэн цогцолборуудыг бид бүтээж байж энэ төсөл амжилтад хүрнэ. 

-Та бол улстөрч. Боловсролын салбарт ганц сайд нь л эрх баригч намаас томилогдоход хангалттай, мерит зарчим тогтож гэмээнэ хөгжих ёстой салбар гэж үздэг. Гэтэл төрийн өмчийн сургуулиудын захирлуудын томилгоонд улс төрийн нам яагаад оролцдог юм бэ?

-Ганцхан сайд нь л улстөрч байхад хангалттай салбар гэж үзэж болохгүй л дээ. Яагаад гэвэл, УИХ гэж бодлого тодорхойлох байгууллагад 76 гишүүн сонгогдож, боловсролын асуудал эрхэлсэн байнгын хороо ажиллаж байгаа учраас энэ салбарын бодлогыг дан ганц сайд тодорхойлохгүй шүү дээ. Харин сургуулиудад орон нутгийн удирдлагын гар хөл болсон нөхөд цэцэрлэг, сургуулийн эрхлэгчийн албан тушаалд очдог байдал цөөнгүй гардаг нь үнэн. Тиймээс сургуулийн удирдлагад мэргэжлийн томилгоо хийх шалгуурыг миний өргөн бариад буй Боловсролын хуульд маш нарийн заасан байгаа. Багшийн мэргэжлээр 6-аас доошгүй жил ажилласан байх, хамт олноос нээлттэй сонгон шалгаруулах зарчмыг хангасан байх гэх мэт заалт орсон. 

-Ковид, хөл хорио, онлайн хичээл гээд Та онцгой үед БШУ-ы сайдаар ажиллаж байна. Ковидын улмаас өнгөрсөн хичээлийн жилүүдэд хуримтлагдсан хоцрогдлыг арилгах төлөвлөгөө гаргаж амжсан уу? 

-Энэ хичээлийн жил эхэлмэгц ковидын халдвар өмнөхтэй харьцуулшгүй ихээр нэмэгдсэн ч аль болох танхимаар хичээллүүлэхээр зориглолоо. Бид өнгөрсөн хоёр хичээлийн жилд 50-70 хувьд цахимаар хичээллэлээ. Энэ хичээлийн жил эхлэхэд 2-12 дугаар ангийн сурагчдынхаа хоцрогдлын хэмжээ тодорхойлж, хоцрогдлыг нөхөх стратегийг боловсруулаад байна. Одоо бид хэрэгжүүлэх аргаа яаралтай тодорхойлохоор ид ажиллаж байна. 

-Таны ажилд амжилт хүсье.

Эх сурвалж: UB.LIFE

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Агаарын хөлгүүдийг өрсөлдөхүйц үнэтэй шатахуунаар цэнэглэх үйл ажиллагааг дэмжих хуулийн төсөл өргөн барилаа 11 цаг 12 минутын өмнө Монгол улсад ирж буй байнга оршин суугч гадаад улсын иргэдийн АНХААРАЛД! 11 цаг 14 минутын өмнө Хайрын геометр: ҮНСЭЛТ ЗУРГИЙН 8 ДЕТАЛЬ 11 цаг 25 минутын өмнө Ц.Тулга: Богд Зонхова цогцолборын барилгын ажлын зөвшөөрлийг нийслэлээс олгоогүй 11 цаг 48 минутын өмнө Ерөнхийлөгч Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн байгуулах зарлиг гаргалаа 11 цаг 55 минутын өмнө Гадаадаас эх орондоо ирж байгаа иргэдийн АНХААРАЛД! 11 цаг 58 минутын өмнө Цай Вэньруй: Эрээний боомтоор бараа нэвтрүүлэхгүй гэсэн албан ёсны мэдээлэл аваагүй 12 цаг 6 минутын өмнө Д.Сумъяабазар: Жил тутамд 35 мянган иргэн огт төсөвгүйгээр Улаанбаатарт ирж байна 12 цаг 19 минутын өмнө НИЙСЛЭЛ: Хувиараа хөдөлмөр эрхлэгчид тооллогод хойрго хандаж байна 12 цаг 38 минутын өмнө Гудамж, зам, талбайн цас цэвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо 12 цаг 49 минутын өмнө Чингэлэгт тээврийн ачааг ирэх сарын 1-нээс Замын-Үүдээр нэвтрүүлнэ 12 цаг 54 минутын өмнө АСУУЛТ-ХАРИУЛТ: Хүний нүд яагаад зэрэг хөдөлдөг вэ? 13 цаг 31 минутын өмнө Сайжруулсан түлшний борлуулалтын цэгийн хүртээмж сайжирч, иргэдийн бухимдал багассан гэв 14 цаг 1 минутын өмнө Д.Ганболд: Давс, бодис цацах техникийн хүрэлцээ, хангамж муу байна 14 цаг 30 минутын өмнө Нийслэл ирэх сарын 15-наас шар бүсэд шилжиж, бизнесийн үйл ажиллагаа хязгаарлалтгүй явна 14 цаг 38 минутын өмнө КОВИД: Омикрон хувилбараар өвчлөгсдийн тал хувь нь вакцин хийлгээгүй байна 14 цаг 50 минутын өмнө П.Болортуяа: Өвчний голомт хаа сайгүй болсон “эндемик” улс орнууд шүлхийгээр өвчилсөн малаа устгадаггүй 15 цаг 31 минутын өмнө Эрдэмтэд ковидын халдварыг дахин авч болох хугацааг тогтоов 15 цаг 35 минутын өмнө Дэлхий даяар шинэ вирус бус айдас тархаж байна 15 цаг 51 минутын өмнө Альфабүүк номын дэлгүүр сургуулиудыг “ӨГЛӨӨНИЙ УНШЛАГА”-д уриаллаа 16 цаг 39 минутын өмнө
iИх уншсан
"Улаанбаатарын гудамж бүрээс урам зоригийн дуу хадаасай" Токиогийн хөрөнгийн биржээс тендерийг цуцалсны дараа яагаад ... Маш том АЛБАН ТАТВАР Богд Зонховын цогцолборыг зогсоохын тулд Ерөнхийлөгч Төсвийн... ДЭМБ улс орнуудыг асуудалд шинжлэх ухаанч хандах хэрэгтэй гэ... Д.Амартүвшин: Орон байрны архидалт үнэхээр утгаа алдаж байна... Богд Зонхова ба УИХ-аар баталтал 32 тэрбумыг төсөвлөсөн “Пи ... Х.Ганхуяг: Инфляцийг 6.5 хувь байхаар тооцоолсон нь ямар ч б... Э.Сарнай: Тяньжинаас гурван вагон ачаа гарч байхад Замын-Үүд... Ч.Өнөрбаяр: Уйлдаг бол уйлахаар энэ төсөвт Ерөнхийлөгч хориг... "Монголын талыг хохироосон асуудлуудыг шийдэх шаардлагатай б... "Бодит амьдрал дээрх хамгийн шилдэг савангийн дуурь" Кремль Оросын хамгийн нэр хүндтэй хүний ​​эрхийн бүлэглэлийг... Ковидын дөрөв дэх давалгаа Европ тивийг хувааж байна Эрдэмтэд ковидын халдварыг дахин авч болох хугацааг тогтоов Намын даргаа жинхлэх МАН-ын ээлжит Их хурал товлогдлоо Монгол Улс анх удаа Тайландын арал руу нислэг үйлдлээ АНУ-ын иргэдийн 67 хувь нь Хятадад дургүй, сөрөг сэтгэгдэлтэ... Ирэх сард тангараг өргөх шинэ канцлер Олаф Шольц гэж хэн бэ?... Үйлчилгээнд явж байхдаа автобус дотор тамхи татсан жолоочийг...
Top