Украины ерөнхийлөгч Владимир Зеленский коронавирусийн халдвар авсан талаар тус улсын ерөнхийлөгчийн тамгын газар мэдээллээ.
Түүний биеийн байдал одоогоор хэвийн байгаа бөгөөд тусгаарлагдсан байрнаасаа ажил үүргээ явуулах болсон талаар мөн мэдэгджээ.
Ерөнхийлөгч Зеленский өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд вирусийн тархалтыг хязгаарлах зорилгоор хөл хорио тогтоох талаар мэдээлж байсан юм.
Мөн Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак бас коронавирусийн халдвар авсан тухайгаа өөрийн сошиал хаягаараа дамжуулан мэдээлжээ.
Украин улсад одоогоор коронавирусийн халдварын нийт 460 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 8 мянга гаруй хүн нас бараад байна.



