Киргизийн Ерөнхий сайд Мухаммедкалый Абылгазиевын албан тушаалаасаа огцрох тухай хүсэлтийг нь тус улсын Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков хүлээн авчээ.
Албан тушаалаас огцрох тухай өргөдлөө Ерөнхий сайд Мухаммедкалый Абылгазиев даваа гарагт өгсөн байна.
Радио давтамжийн зурвасыг ашиглах эрхийг бусдад хууль бусаар худалдсан тухай дуулиан 5 дугаар сарын дундуур парламентад дэгдсэнтэй холбоотойгоор ийм шийдвэр гаргасан тухайгаа Мухаммедкалый Абылгазиев мэдэгджээ. Радио давтамжийн 200 мегагерцийн зурвасыг ашиглах эрхийг Киргизийн үүрэн холбооны операторуудын нэгэнд хууль бусаар худалдсаны улмаас улс ихээхэн хохирол амссан гэж депутатууд үзжээ.Энэ хэрэгт Ерөнхий сайд М.Абылгазиев холбоотой байж болзошгүй юм хэмээн 5 дугаар сарын 20-нд болсон парламентын хуралдааны үеэр депутат Жанар Акаем мэдэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор Абылгазиев мэдэгдэхдээ, өөрийг нь буруутгаж байгааг үндэслэлгүй гэж үзэж, мөрдөн шалгалт хууль зөрчсөн хэрэгт хэн буруутайг олно гэж найдаж байна гэжээ.
www.montsame.mn