x

2019 он дэлхий дахинд

Улиран одож буй 2019 онд дэлхий дахины анхаарлын төвд байсан гол үйл явдлуудыг Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг онцолжээ.

1. Японы шинэ эзэн хаан

Японы эзэн хаан Акихито энэ онд хаан ширээнээсээ татгалзаж, угсаа залгамжлагч ханхүү Нарухито тавдугаар сарын 1-нд хаан ширээнд заларснаар тус улсын хаанчлалын шинэ эрин үе эхэллээ. Шинэ эринийг "Рэйва" гэж нэрлэхээр болсон бөгөөд энэ нь "Дэг журам, найрамдал" гэсэн утгатай юм.

10 дугаар сарын 22-нд болсон Эзэн хааныг сэнтийд нь залах ёслолд оролцохоор 174 улс, түүний дотор 70 гаруй хаан, төрийн тэргүүн Японд хүрэлцэн иржээ. Мөн тус улсын хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал, сайд нар, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс, мужуудын захирагч, эрдэмтэн, зохиолч, тамирчин, бизнес эрхлэгч гээд 2000 орчим хүн оролцсон байна. Энэхүү олон улсын анхаарал татсан арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамтаар оролцсон юм.

2. Хонконгийн бослого

Хонконгийн эрх баригчдын батлахаар завдаж байсан Сэжигтэн шилжүүлэх тухай хуулийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал 2019 оны зургадугаар сарын 9-нөөс хойш үргэлжилж байна.

Хонконг нь дэлхийн 20 улстай сэжигтэн солилцох гэрээтэй. Харин БНХАУ-тай одоо хүртэл гэрээгүй байгаа юм. Хэрвээ Кэрри Ламын хуулийг баталбал Хонконгийн шүүх эрх мэдэл БНХАУ-ын гарт орно гэж хардсан нь иргэд гудамжинд гарах үндсэн шалтгаан болов. Зургадугаар сарын 16-нд болсон жагсаалд хоёр сая гаруй хүн оролцсон гэж зохион байгуулагчид нь мэдэгдсэн бөгөөд энэ нь Хонконгийн түүхэнд хамгийн олон хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болсон гэсэн үг юм.

Өнөөг хүртэл уг жагсаалын үеэр 2 хүн амиа алдаж, 2600 гаруй хүн гэмтэж, 6000 гаруй хүнийг баривчлаад байна. Түүнчлэн АНУ-ын эрх баригчид  Хонконгийн ардчилал ба хүний эрхийн тухай хуулийг баталсан нь АНУ-БНХАУ-ын худалдааны яриа хэлэлцээнд сөргөөр нөлөөлж, яриа хэлэлцээ түр завсарлахад хүргээд байна.

3. Д.Трамп БНАСАУ хилийг давсан АНУ-ын анхны Ерөнхийлөгч боллоо

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар энэ оны хоёрдугаар сарын 26, 27-нд Вьетнамын нийслэл Ханой хотноо хоёр дахь удаагаа уулзсан хэдий ч уг уулзалт тийм ч үр дүнтэй болоогүй юм. Үүний дараа Японы Осака хотноо болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын дараа БНСУ-д айлчлах үеэрээ Кимтэй уулзахаар болсон юм. Ингээд тохиролцсон ёсоор хоёр удирдагч 2019 оны зургадугаар сарын 30-нд цэрэггүй бүс буюу Панмүнжом тосгонд уулзав.

Энэхүү уулзалтыг “түүхэн уулзалт” хэмээн олон улсын ажиглагчид үзэж байна. Учир нь Дональд Трамп БНАСАУ-ын хилийг давснаар бүрэн эрхээ хэрэгжүүлж байхдаа тус улсад хөл тавьсан АНУ-ын анхны Ерөнхийлөгч болсон юм.

Хамгийн сүүлд АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама 2012 онд хоёр Солонгосын хил дээрх цэрэггүй бүсэд БНСУ-ын талаас зочилж байсан ч БНАСАУ-ын хилийн шугамыг даваагүй юм.

4. Хар нүх ба сарны ар тал

Event Horizon Telescope /EHT/ төслийн эрдэмтэд урьд өмнө сансар судлалын ямар ч багийнхны авч чадаагүй хар нүхний гэрэл зургийг авч чадсанаа энэ оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр олон нийтэд мэдэгдсэн нь одон орон судлалын түүхэнд бичигдэх онцгой үйл явдал болов.

Зурагнаас харахад тоосонцор хийн туяагаар бөгжилж түүгээр хооллодог дугуй аварга том хар нүх манай дэлхийгээс 55 сая гэрлийн жилийн зайд, “Messier 87” галактикийн зүрхэнд оршиж буй ажээ. Хар нүхний зургийг авах “EHT” төсөлд нийт 200 гаруй эрдэмтэд оролцсон ба Антарктик, Испани, Чили зэрэг байрлалуудаас найман радио телескоп ашигласан байна.

Үүнээс гадна сарны ар талын геологийн бүтцийг судлах зорилгоор БНХАУ-ын бүтээсэн "Чанъэ-4" аппаратыг өнгөрсөн оны 12 дугаар сарын 8-нд Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Сичан сансрын буудлаас хөөргөж, нэгдүгээр сарын 3-нд сарны нөгөө талд амжилттай газардсан билээ. Улмаар тус аппарат дэлхийн цорын ганц дагуулын ар талын гадаргуугийн анхны зургийг авсан нь түүхэн үйл явдал болсон юм. Үүгээр ч зогсохгүй  "Чанъэ-4" тандагчийн бүрдэл хэсэг болох саран дээр явагч "Юйту-2" аппарат долоон сарын хугацаанд 271 метр газарт судалгаа хийсэн байна. “Чанъэ” цуврал аппаратыг Хятадын домогт гардаг сарны охин тэнгэрийн нэрээр нэрлэжээ.

5. Их Британийн сонгууль Брекситийн хувь заяаг шийдэх үү?

Их Британийн бүх нийтийн ээлжит бус сонгууль энэ оны 12 дугаар сарын 13-нд болж, тус улсын Ерөнхий сайд Борис Жонсоны тэргүүлдэг эх баригч Корсерватив нам үнэмлэхүй ялалт байгууллаа.

Тус сонгуульд Консерватив нам парламентын 650 суудалтай Нийтийн танхимд 364 суудал авсан юм. Энэ бол Консерватив намын хувьд 1987 оноос хойших хамгийн том ялалт юм. Ингэснээр “2020 оны нэгдүгээр сард багтаан Брекситийн асуудлыг парламентын дэмжлэгтэйгээр зохицуулна” гэсэн уриатай сонгуульд өрсөлдсөн Консерватив намын бодлого хэрэгжих нь ойлгомжтой болж байна.

Ерөнхийдөө энэ сонгууль сүүлийн хэдэн жил үргэлжилж байгаа Их Британийн Европын Холбоо дахь гишүүнчлэлийн асуудлаарх нэг төрлийн бүх нийтийн санал хураалт болсон гэдэгтэй ажиглагчид санал нэг байна.

6. “Исламын улс” бүлэглэлийн толгойлогчийг устгав

Америкийн цэргүүд Сирийн Идлиб мужид тусгай ажиллагаа явуулах үеэр “Исламын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадиг устгасан тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 10 дугаар сарын 27-нд мэдэгдэв. Энэ нь олон улсын терроризмтой тэмцэх ажилд гарсан нэг том үйл явдлаар нэрлэгдэж байна.

АНУ-ын Төрийн департаментын 1984 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн “Rewards for Justice” хөтөлбөрийн хүрээнд Вашингтоны эрх баригчид хамгийн их буюу 25 сая ам.долларын шагналыг “Исламын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадиг барих эсвэл устгахад туслах мэдээлэлд амлаж байсан бөгөөд АНУ-ын эрх баригчид түүнийг “Аль-Каида” бүлэглэлийн Ирак дахь сүлжээг толгойлдог байх үед олон улсын онц аюултай террорист хэмээн зарласан юм.

7. Лионель Месси хөл бөмбөгийн оргилд хүрэв

Аргентин улсын хөлбөмбөгчин, Испанийн “Барселона” клубын довтлогч Лионель Месси “ФИФА”-гийн оны шилдэг тоглогч, “Алтан бөмбөг”-ийн эзнээр 6 дахь удаагаа тодорч, түүхэн дээд амжилт тогтоожээ.

Мөн  Лионель Месси “Аваргуудын лиг”-т 15 улирал дараалан оноо авсан анхны тамирчин болсноос гадна “Forbes” сэтгүүлээс зарласан 2019 оны  хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг тэргүүлсэн байна. Түүнчлэн тэрбээр “Барселона” клубын гарааны бүрэлдэхүүнд тоглож, тэмцээнд ялсан тоогоор дээд амжилт тогтоосны зэрэгцээ “Ла Лиг”-д 400 дэх гоолоо хийж лигийн дээд амжилтыг шинэчилжээ.

8. “Boeing 737 Мах” загварын нисэх онгоцноос дэлхий даяар татгалзлаа
 

Этиопын нийслэлээс хөөрсөн “Ethiopian Airlines” компанийн “Boeing 737 Max 8” нисэх онгоц энэ оны гуравдугаар сарын 10-нд осолдож, зорчиж явсан 157 хүн бүгд амиа алдсан нь дэлхий даяар дээрх онгоцноос татгалзахад хүргэв.

Учир нь “Boeing”-ийн хамгийн эрэлттэй загвар болох энэхүү онгоц таван сарын хугацаанд хоёр дахь удаагаа осолдсон нь энэ байв. 2018 оны 10 дугаар сарын сүүлээр ийм загварын нисэх онгоц Индонезын нийслэл Жакартагаас хөөрснийхөө дараа Ява тэнгист осолдсон юм. Этиопт болсон хоёр дахь ослын дараа дэлхийн агаарын тээврийн тэргүүлэгч компаниудын ихэнх нь  “Boeing 737 Мах” онгоцыг нислэгт ашиглахаас татгалзсан бол 2019 онд 40 улс нутаг дэвсгэрийнхээ дээгүүр нисэхийг хориглосон байна.

9. АНУ пуужин устгах гэрээнээс гарав

АНУ-ын эрх баригчид энэ оны хоёрдугаар сард Дунд ба ойрын тусгалтай пуужинг устгах тухай гэрээнээс гарна гэдгээ мэдэгдсэний дараа Оросын Ерөнхийлөгч Владимир Путин мөн гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдээд, холбогдох хуульд долдугаар сарын 3-нд гарын үсэг зурав.

Улмаар АНУ наймдугаар сарын 2-нд албан ёсоор гарч байгаагаа мэдэгдсэн билээ. Ингэснээр хүйтэн дайны үед хүн төрөлхтнийг цөмийн дайны аюулаас аварсан гэгддэг уг гэрээний үйлчлэл зогссон юм. Гэрээний үйлчлэл дуусгавар болж байгаа нь дэлхийн энх тайван, аюулгүй байдалд эрсдэл учруулаад зогсохгүй зэвсэглэлээр хөөцөлдөх явдал дахин сэргэж, зэвсэглэлд хяналт тавих тогтолцоо нуран унах эрсдэлийг бий болгож байна.

10. Оны хүн-Грета Тунберг

Америкийн “Time” сэтгүүл Шведийн залуу идэвхтэн, байгаль орчныг хамгаалагч Грета Тунбергийг “Оны хүн”-ээр тодрууллаа. Тэрбээр “Оны хүн”-ийг тодруулж ирсэн 92 жилийн хугацаанд энэ цолыг хүртсэн хамгийн залуу хүн болж байгаа юм.

Грета Тунберг 2018 онд цаг уурын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээг чангатгахыг шаардан Шведийн парламентын байрны дэргэд эсэргүүцлийн ажиллагаа эхлүүлснийхээ дараа дэлхий нийтэд танигджээ. Үүний зэрэгцээ тэрбээр 2019 онд НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр үг хэлэхдээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой тэмцээгүй хэмээн дэлхийн удирдагчдыг буруушаасныг “Time” сэтгүүлийн ерөнхий редактор Эдвард Фельзенталь “тэр бүхнээс чанга дуугарсан” хэмээн онцолжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв Өчигдөр 17 цаг 49 мин 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 17 цаг 48 мин Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ Өчигдөр 17 цаг 47 мин Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ Өчигдөр 17 цаг 38 мин Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав Өчигдөр 17 цаг 37 мин Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа Өчигдөр 17 цаг 34 мин Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна Өчигдөр 17 цаг 33 мин Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв Өчигдөр 17 цаг 32 мин “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв Өчигдөр 15 цаг 19 мин Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна Өчигдөр 15 цаг 17 мин Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна Өчигдөр 15 цаг 15 мин Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна Өчигдөр 15 цаг 13 мин “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана Өчигдөр 15 цаг 08 мин Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна Өчигдөр 15 цаг 07 мин БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 08 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ Өчигдөр 13 цаг 07 мин Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ Өчигдөр 13 цаг 06 мин Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно Өчигдөр 13 цаг 05 мин Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно Өчигдөр 13 цаг 03 мин Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв Өчигдөр 13 цаг 01 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top