x

Х.Номингэрэл: Ард түмэн эрх баригчдыг “ялна” гэж тооцсон тогтолцоогоор нь унагадаг

"Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд" ТББ -ын гишүүн, хуульч Х.Номингэрэлтэй сонгуулийн хуулийн өөрчлөлтийн талаар ярилцлаа.

-Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлт олон нийтэд ил болоод удаагүй байна. Үүнтэй холбоотой санал, шүүмжүүд ч нэлээд хүчтэй өрнөж байгааг анзаарсан биз ээ. Тэгэхээр энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын ажлын хэсгээс сонгуулийн хуулийн төслийг өнгөрөгч долоо хоногт өргөн барилаа. Өргөн барьсан хойно нь л сонгуулийн тогтолцоог яах гэж байгааг нь харж байна. Өмнө нь тодорхой мэдээлэлгүй байсан. Хуулийг харах юм бол тогтолцооны хувьд урьд нь явж байгаагүй шинэ хэлбэрийг оруулж ирэхээр санал оруулжээ. Харин сонгуулийн зохион байгуулалт, сурталчилгаа, компанит ажил, санхүүжилт гэх мэт асуудлууд дээр тодорхой өөрчлөлт харагдахгүй байна. Бас нэг анхаарал татаж байгаа асуудал бол цахим орчин дахь сонгуулийн сурталчилгааны зохицуулалтын асуудал шинээр орж ирснийг бүгд мэдсэн байх. Ерөнхийд нь зарчмын хувьд харахад болохгүй байна гэсэн байр суурьтай л байна даа.

-Сонгууль болгоны өмнө сонгуулийн тогтолцоог өөрчлөх тухай асуудал яригддаг. Тэгэхээр тогтолцооноос их зүйл хамаардаг бололтой. Эрх баригч нам энэ удаад ямар тогтолцоог сонгогчдод санал болгож байгаа бол?

-Бидний ойлгож буйгаар холимог тогтолцоо юм байна. Томсгосон 50 тойрог дээр можаритар буюу олонхын зарчмаар явна. Энд хамгийн олон санал авсан хүн нь ялна. Үлдсэн 26 дээр пропорционал буюу хувь тэнцүүлсэн системээр явах юм байна. Өөрөөр хэлбэл, нам өөрийнхөө 26 хүний нэрийг гаргачихна. Түүн дотроос хүмүүс таалагдсан хүнээ дугуйлна. Дэлхий нийт үүнийг нээлттэй лист гэж нэрлэдэг юм.

-Можаритар буюу олонхын зарчмаар явах 50 тойрог дээр ямар эрсдэл үүсч болох вэ?

-2016 оны сонгуулийн можаритар жижиг тойрог дээр нэр дэвшигч ирсэн сонгогчдын 28 хувийг авч байж сонгогддог байсан. Түүнээс доош санал авбал ахин сонгууль болох нөхцөл бүрдэж байлаа. Өөрөөр хэлбэл, 28 хувийн квотын босгыг заавал давж гарах асуудал байсан гэсэн үг. Одоо бол тийм зүйл байхгүй. Үндсэндээ олон нэр дэвшигчтэй, санал маш их хуваагдсан тойргууд байлаа гэхэд 15 хувиар ч юм уу сонгогдох боломжтой болно. Энэ бол үндсэндээ можаритар тогтолцооны хамгийн том сул талыг харуулж байгаа юм. 15 хувиар сонгогдсон ч нөгөө талд нь олон нэр дэвшигч хуваагдсан ч, сонгогчдын 85 хувь нь төлөөлөлгүй үлдэх юм. Үүнээс болж ямар эрсдэл гарах боломжтой вэ гэвэл, нэр дэвшигчид нөгөө талынхаа саналыг хуваахын төлөө ажиллана. Ингээд АН ч бай, МАН ч бай хатуу 20 хувийн массаараа гарчих боломжтой нөхцөл үүсч байгаа юм. Энэ бол нэг их эерэг өөрчлөлт биш.

-Тэгвэл пропорционал буюу хувь тэнцүүлсэн зарчмаар явах нээлттэй листийн хувьд ямар асуудал байна?

-2012 оны сонгуулиар үүнийг хэрэглэж байсан шүү дээ. 28 хүн дээр намын лист дугуйлж байсан. Гэхдээ энэ удаагийнх түүнээс арай өөр. Юугаараа өөр гэхээр, 2012 оны сонгуулиар намыг дугуйлаад нам өөрийнхөө листийг зоосон. Ингээд нам сонгогчдын хэдэн хувийг авсан байна. Түүнд оногдох эхний хүмүүс нь УИХ-д орж ирж байсан. Харин энэ удаад яагаад ийм хувилбарыг сонгочхов гэхээр хууль санаачлагч нар, намыг дугуйлахаар нам хэн байхыг өөрөө гаргаж ирээд байна. Яг хэн байхыг тухайн сонгогч өөрөө шийдэж чадахгүй байна гэсэн. Гэхдээ энэ тайлбар бол үндсэн хуулийн эрхзүй, улстөр судлалынхны хувьд инээдэмтэй зүйл байхгүй юу. Дэлхий нийтэд бүтэн пропроционал тогтолцоотой оронд ч гэсэн шууд сонгох эрх хэрэгжиж байна гэж ойлгодог. Гэтэл манайх үүнийг гуйвуулж тайлбарласан.

-Хууль санаачлагч нарын тайлбар үнэний ортой юм шиг санагдаж байна л даа. Та яагаад үүнийг буруу гэж бодож байгаа юм бэ?

-Энгийнээр тайлбарлавал намын листэнд 26 хүн нийтдээ хичнээн санал цуглуулж чадна. Тэднийг хооронд нь нэмээд нийт сонгогчийн хэдэн хувийг эзэлж байна гэдэг жинг гаргана. Гарсан тоог эргээд 26-д хуваахаар нэг нэр дэвшигчид ногдох санал гарч ирэх юм. Манай улс хоёр сая 200 мянган сонгогчтой. Түүний 60 хувь нь сонгуульд оролцдог гэхээр 1.2 сая хүн болно гэсэн үг. Үүнийг 26 нэр дэвшигчид хуваахаар нэг хүн 42-45 мянга орчим санал авах юм. За ингээд, А гэдэг намаас нийт 350 мянган санал авлаа гэхэд үүнийг 26-д хуваахаар 13 гарна. Ингээд А гэдэг намын листэнд бичигдсэн эхний 13 хүн сонгогдох юм. Ингэж жигнэж байгаа нь бол зөв. Ямар ч гэсэн жижиг можаритараас нэг алхам дээшилсэн гэдэг нь ч үнэн. Жинлэж буйгаараа нам буцаад тодорхой хэмжээнд тоглогч болж байгаа юм. Нөгөө талаас сул тал нь хамгийн алдартай хүмүүс сонгогддог систем юм. Тэд буруу зөв нь хамаагүй, хамгийн поп амлалтыг өгнө. Нам хэдэн зуун мянган санал авахын тулд хэн нэг олны танил, ямар нэг салбарын одыг оруулж ирэхийг бодно. Тэр одыг дагаад намынхаа хүмүүсийг оруулж ирэх боломжтой. Үүгээрээ эрсдэлтэй юм.

-Таны харж буйгаар ямар байвал зохимжтой вэ?

-Нам хаалттай лист оруулж ирэх ёстой. Ерөнхийдөө ардчилал хөгжсөн орнуудад хүн сонин биш байдаг. Нам хариуцлагатай, бодлоготой, нэр дэвшигч нарынхаа өмнөөс хариуцлага хүлээдэг байх ёстой. Намын нэр дээр гарч ирсэн хүн сул дорой байвал нам хариуцлагыг нь даадаг. Нам өөрөө удирдлагаас хамаарахгүй олон нийтийн ёсзүйтэй, судалгаатай, бодлоготой байх ёстой. Сүүлийн үед бид бодлогын нам гээд их ярьж байгаа. Намаа л төлөвшүүлэх гээд байгаа юм шүү дээ. Гэтэл ийм нээлттэй лист ороод ирэхээр нам буцаад хэн ч биш болно. Намаас давсан рейтингтэй баахан поп улстөрчидтэй хувилбар луугаа ахиад цаашаа явж байна гэсэн үг. Тэд буруу зөв нь хамаагүй поп амлалт өгнө. Манай судлаач залуу ярьж байсан. Ардын намын тодорхой секторын сонгуулийн амлалтуудын 30 хувийг Засгийн газар мөрийн хөтөлбөртөө оруулсан. Түүний биелэлт хангалтгүй байна гэсэн. Тэгэхээр сонгуулиар нэр дэвшигчид юу ч хамаагүй амладаг. Засаг авахаараа “За байж байгаарай. Одоо жинхэнээсээ хийж чадах нь аль билээ” гэдэг. Бид ийм мөрийн хөтөлбөртэй намуудыг бодит байдал дээр харж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ жилийн сонгууль эргээд чихэн дээр цэцэг ургуулдаг хэвээрээ болох магадлалтай байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлт дээр хуульчид нэгдэж, акц үүсгэж байсан. Энэ удаад тэгэх боломжтой юу. Ер нь эрх баригч намтай сонгуулийн хуулиар тохиролцоо хийх найдвар байна уу?

-Сонгуулийн хуулийг батлах ажлын хэсэг байгаа, ахлагч нь С.Бямбацогт гишүүн гэж сонссон. Тэд төслөө маш хаалттай боловсруулаад гаргаж ирсэн. Одоо хэлэлцүүлэг хийнэ гэж байна. Мэдээж, эрх баригч нам өөрсдийнхөө бүх тооцоог хийгээд, хамаг тоогоо бодож бодож гаргаж ирсэн байх. Тогтолцоог нь одоо л харж байна. Эерэг сөрөг талыг нь таамаглаж эхэлж байна. Судалж баталгаажуулах юмнууд олон байна. Хэлэлцүүлэг болвол мэдээж дуу хоолойгоо илэрхийлнэ. Гэхдээ тусч чадах эсэх нь найдвартай биш байна. Яагаад гэвэл хугацаа их тулсан.

-Сонгуулийн хуулийг эцсийн байдлаар хэзээ батлах юм бол?

-Энэ сардаа багтааж батална гэдэг мэдээлэлтэй байна. Гэхдээ тэр чинь бидэнд хэлэлцэх боломж олгохгүй гэсэн үг. Өнөөдөр 12 сар дундаа орчхоод байна. Түүнээс хойш батлахаар сонгуульд орох гэж байгаа хүмүүст тоглоомын дүрэм ойлгомжгүй хэвээрээ, хугацаа аваад эхэлнэ. Тэгэхээр үндсэндээ биднийг ацан шалаанд оруулж байгаа юм. Хурдан баталъя гэхээр сайн хэлэлцэж амжаагүй байдаг. Хойшлуулах тусам сонгуульд ямар тоглоомын дүрмээр орох нь мэдэгдэхгүй. Тийм нөхцөл байдлыг хэвээр нь хадгалах юм. Юу гэх гээд байна вэ гэвэл, эрх баригч нам зориуд энэ төслийг маш оройтож гаргаж ирж байна гэсэн үг.

-Энэ чигээрээ батлагдвал ямар үр дүн гарах бол?

-Би түрүүнд хэлсэн. Эрх баригч нам үүнд өөрсдийнхөө бүх тооцоог хийгээд оруулж ирсэн байх. Яг бодит байдал дээр монголын ард түмэн эрх баригчдыг өөрсдийгөө ялна гээд орсон тогтолцоогоор нь өөрсдийг нь унагааж ирсэн түүхтэй. Тэгэхээр учиргүй айгаад ч юм уу, аймшигтай систем болчихлоо гэж бодохгүй байгаа. Сонгууль бол намуудыг сонгодог биш шийтгэдэг үе. Дургүйгээ зайлуулах үе гэж ярьдаг болсон шүү дээ. Мэдээж намууд чадлаараа өрсөлдөөд явах байх. Энэ бол зөвхөн тогтолцооны асуудал.

-Намд итгэх итгэл ерөнхийдөө буурчхаад байна. Магадгүй энэ удаагийн сонгуулиар маш олон бие даагчид өрсөлдөх болов уу гэсэн хүлээлт байгаа. Тэгэхээр сонгуулийн тогтолцоо бие даагчдад хэрхэн нөлөөлөх бол?

-Бие даагчид, жижиг намуудад үр ашиг багатай систем гэж харж байгаа. Яагаад гэвэл тэд нэгдүгээрт санхүүжилтийн хувьд том намуудаа гүйцэхгүй. Хоёрт олонд танигдсан байдлаараа гүйцэхгүй. Тэгэхээр хуурамч нэр дэвшигчид бий болгох, том намтай тохиролцоо хийх гэх мэт сөрөг талтай. Нөгөө талаар дуу хоолой нь дутагдаад байдаг залуучууд, эмэгтэйчүүдэд ч сөрөг талтай юм. Тэд листээр орж ирж байж баталгаатай суудал авдаг. Тэгэхгүй яг ингээд хатуу өрсөлдөөн рүү гаргачих юм бол тэдэнд ч гарч ирэх боломж багасна. Сонгуулийн хорооны мэдээлж буйгаар сонгуулиар дөрвөн хуудас 400 хүний нэр орж ирнэ гэж байсан. Тэгэхээр маш богино хугацаанд тэр олон хүнээс зөв хүнээ сонгох ч асуудалтай. Сонгуулийн хугацаа ч үүнийг дагаад сунана. Сонгууль дээр ажиллах төрийн зардал ч өснө. Энэ тогтолцоо өрсөлдөөнийг, зардлыг өсгөх систем болжээ гэж харж байна.

-Сонгуулийн хуулийн өөрчлөлт дээр өөр ямар асуудалд шүүмжлэлтэй хандаж байна вэ?

-Сонгуульд гарцаагүй ач холбогдолтой зүйл бол сонгуулийн компанит ажил, санхүүжилт байдаг. Тэр хэсэг дээр өөрчлөлт ороогүй юм шиг харагдаж байна. Гэхдээ хуучин хууль маань сайн сайхны туйл биш. Ялгаа байхгүй асуудалтай. Улс төрийн санхүүжилтийг бууруулах, ялангуяа сонгуулийн зардлыг багасгах хэрэгтэй байна. Сүүлийн сонгуулиуд дээр тодорхой мөнгөн дүн заадаг болсон. Гэхдээ тэр ч гэсэн миний бодлоор их санагддаг. Яагаад намууд нэр дэвших гэж байгаа хүмүүс зардлаа өөрсдөө хариуц гээд байгаа юм. Нэг хүн дээр хэдэн зуун сая яригдаж байна. Гэтэл энэ чинь бага мөнгө биш. Сонгуулийн зардлыг бүхэлд нь төр даах ёстой. Мөн хамгийн бага зардлаар хийх ёстой. Ингэж чадвал сонгогчийн эрхийг хамгаалж чадах юм. Үүнээс гадна мөнгөтэй хүмүүс мөнгөө төлөөд сонгуульдаа ордог л юм байгаа биз гээд орхиж болохгүй байна. Яагаад гэвэл энэ чинь ардчиллыг бүхэлд нь будаа болгож байгаа үзэгдэл юм. Мөнгөтэй хүн ялдаг сонгуулийн тогтолцоо өөрөө сонгуульд итгэх иргэдийн итгэлийг үгүй хийж байна.

-Цахим орчин дахь сонгуулийн сурталчилгааны зохицуулалтын талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Аль ч эрх баригч ялгаагүй цахим орчныг хянаж чаддаггүй. Хуулийг харахаар “Сошиал медиаг хязгаарлана” гэдэг өгүүлбэр орж ирсэн. Гэхдээ яг яаж хязгаарлах нь тодорхойгүй. Нөгөө талаар хэрвээ фейсбүүк, интернэтийг таслах гэж байгаа бол тэр өдөр чинь амьдрал өрнөнө. Амьдрал бүхэлдээ сонгууль, улстөр биш. Тэгэхээр хүний эрхийг хязгаарласан явдал болох болов уу. Мөн эрх баригчид яаж зохицуулах гээд байгаа нь ойлгомжгүй. Хуулинд зааснаар цагдаагийн ерөнхий газар, харилцаа холбооны газар яаж хязгаарлах тухай журам гаргана гээд бичсэн байна лээ. Тэр журманд юу орох гээд байгаа нь мэдэгдэхгүй, фейсбүүктэй ямар тохиролцоо хийсэн нь мэдэгдэхгүй байна. Тэгэхээр “хязгаарлана” гэдэг нь өөрөө аюултай байгаа юм. Хуульд тодорхой зааж өгөх хэрэгтэй.
Миний бодлоор бид долоон удаа ардчилсан сонгууль хийгээд энхтайван байдлаар төрийн эрх мэдлийг шилжүүлж үзсэн, туршлагатай хүмүүс. Сонгогчид энэ бүхэнд хэрсүүжиж байгаа. Сүүлийн 24 цагт авсан мэдээллээрээ толгойгүй юм шиг санал өгнө гэж байхгүй. Тийм болохоор сонгогчдыг ингэж басч болохгүй. Байж болох хувилбар нь, нэр дэвшигч нар болон намууд өөрсдийнхөө албан ёсны пейж хуудас, цахим хаягаа бүртгүүлэх юм билээ. Тэр бүртгүүлсэн хаяг дээрээ мэдээлэл явахгүй байхад л анхаарал тавих ёстой гэж бодож байна.

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 20 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 25 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 28 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 32 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 1 цаг 37 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 1 цаг 46 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 2 цаг 8 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 2 цаг 40 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 3 цаг 2 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 3 цаг 8 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 3 цаг 22 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 3 цаг 33 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 3 цаг 41 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 3 цаг 47 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 3 цаг 51 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 3 цаг 57 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 4 цаг 1 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 4 цаг 4 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 4 цаг 7 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 4 цаг 10 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top