x

Э.Бат-Үүлийн хэлсэн үг

Э.Бат-Үүлийн “Арчаагүй бизнесмэнүүд” гэсэн гарчигтай нийтлэлийн дор манай нэг уншигч сэтгэгдэл бичсэн байна. “Өөрийгөө ухаантай гэж боддог олон олон тэнэгүүдийн нэг. Шар сониныг устгах төлөвлөгөө ч билүү нэг илтгэл тавьж байсан мал шүү дээ” гэх мэтчилэн.

Э.Бат-Үүлийн тэр илтгэлийн нэрийг санаж байхыг үзвэл хэвлэл мэдээлэлд ойр нэгэн бололтой. Өөрөөр бол одоогоос 20 гаруй жилийн өмнө /1997 он/ тавьсан энэ илтгэлийн нэрийг санах хүн өнөөдөр ховор л доо.

“Арчаагүй бизнесмэнүүд” нийтлэлийн гол утга нь “хуулийн уг сурвалж нь  хувь хүний эрх, эрх чөлөө юм аа. Социалист нийгмийн үед хуулийн эх сурвалж нь дарга нарын хүсэл зориг, дур зорго /тухайлбал,социализмын материал техникийн баазыг бүтээх ч гэдэг юм уу/ байсан  бол Үндсэн хуульт нийгэм, эрх зүйт төрийн амин сүнс нь хувь хүний эрх, эрх чөлөө юм. Харамсалтай нь өнөөдөр бидний үед биднийг анзаарч амжаагүй байхад хуулийн дээр орших ёстой хувь хүний эрх, эрх чөлөө хуулийн дор шургасаар байна. Хувь хүний эрх, эрх чөлөөнөөс хууль төрөх ёстой атал хувь хүний эрх, эрх чөлөөг хуулиар дарангуйлж байна” гэсэн утгатай.

Ингэхдээ ардчилсан нийгмийн гол үнэт зүйл болсон өмчлөх, өмчтэй байх эрхийн тухай өгүүлсэн байдаг. Ялангуяа сүүлийн үед манай Засгийн газраас явуулж буй бодлого, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын мөнгө ихтэй салбарыг, уул уурхайг хэрхэн дээрэмдэж, төрд хурааж авч буй тухай. Мөн үүнийг нь чив чимээгүй аялдан дагаж байгаа манай үндэсний хөрөнгөтнүүдийн унхиагүй байдлыг шүүмжилсэн хэрэг л дээ.

Тэрбумаар тоологдох хөрөнгөтэй “МАК”-ийн баян өв залгамжлагчид, MCS-ийн Оджаргал, НИК-ийн Ц.Оюунгэрэл нар улстөрчдийн өмнө сүүлээ шарвагануулан гүйж амиа аврах гэж байгаа аваас ТҮЦ-ний худалдаагаар амьдралаа залгуулж байгаа жижиг бизнесүүдэд ямар баталгаа байгаа юм бэ? Нэг л өдөр хотын дарга журам гаргаад ТҮЦ-ийг нь буулгаад ачдаг биз дээ.

“Шар хэвлэлийг устгах миний төлөвлөгөө” ч гэсэн уншигдаж байгаагаасаа огт өөр утгатай л даа. Товчхондоо, хэвлэл мэдээллийн зах зээл дээрх төр засгийн эгнэшгүй хүчирхэг байдал нь шар хэвлэлийг төрүүлж байгаа юм. Тиймээс хэвлэл мэдээллийн зах зээл дээрх төр засгийн монополийг устгахгүйгээр чөлөөт хэвлэлийн тухай ярих боломжгүй юм гэсэн хэрэг. Тухайн үед /1997 он/ Хууль зүйн яамнаас авсан мэдээгээр манай улсад 627 сонин, 141 сэтгүүл, 58 телевиз радио ажиллаж байж. Гэвч төрийн гэсэн статустай “Ардын эрх” сонин 170 ажилчинтай, орон нутагт өөрийн сурвалжлагчидтай, хэвлэх үйлдвэр компьютерийн төвтэй байхад тухайн үедээ хамгийн томд тооцогдож байсан Ц.Балдоржийн “Өнөөдөр” сонин хориодхон ажилчинтай, “Ардын эрх”-ийн үйлдвэрт сониноо хэвлэдэг байж.

Иймээс төрийн мэдээллийн хэрэгсэлтэй хувийн чөлөөт хэвлэлүүд санхүүгийн хувьд өрсөлдөх боломжгүй учраас амь зуухын төлөө, мөнгө олохын төлөө улам бүр “шарлаж” байна гэсэн хэрэг.

Э.Бат-Үүл Залуу удирдагч сан дээр энэ илтгэлээ тавьсны дараа жил /1998 оны наймдугаар сард/ Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг санаачлан УИХ-аар батлуулж, төрийн байгууллагууд дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллуулахыг хуулиар хориглосон юм. Төрөөс хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглож, төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэх нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй, ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй  хэмээн хуульчилсан билээ.

Харин өнөөдөр юу болж байгааг бид бүгд мэднэ. Соошл орчинд үгээ хэлсэн, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө иргэд цагдаагийн байгууллагад шалгагддаг, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг бөөнд нь ЦЕГ-ийн хэв журмын хэлтэс дээр дуудаж аваачаад 2-20 саяар хоморголон торгодог болсон. Ямар ч шүүх мүүх байхгүй. Нэг төрлийн залхаан цээрлүүлэлт явуулж байна л даа. Одоо манайхны "шударга тав" гэж хөөрцөглөөд байгаа таван нөхрийн нэг нь энэ хуулийг хийлцсэн хүн. Хэвлэн нийтлэх, үгээ хэлэх, үзэл бодолтой байх эрх чөлөө ч гэсэн түрүүн хэлсэн "өмчлөх эрхийн" адил хуулийн дор орсон гэсэн үг. Харамсалтай нь уншигч үүнийг ойлгосонгүй юу, эсвэл ойлгохыг хүссэнгүй юу?

Гэвч энэ бол ганц уншигчийн асуудал биш. Манай олонхи уншигч, үзэгчдийн байр байдал нэг иймэрхүү. Юмны дотоод мөн чанар, агуулгыг ухаж бодолгүйгээр ганц үзэгдэх байдал, гадаад хэлбэрээр дүгнэлт хийнэ. Гарчигтай маргана, сургаар ярина. Өөрийнхөө төлөө нүдээ ч хөдөлгөх дургүй атлаа өрөөлийг байнга шүүмжилнэ.

Нэг сайхан мисс хүүхний ярилцлага, нийтлэл байвал доор нь заавал янхан банзал, тэрний энэний амраг, эсвэл гэр хороололд амьдарч байсан, аав нь архичин байсан... гэх мэтээр гутаан доромжилж бах таваа хангана. Тэр бүсгүй юу чаддаг, юуны төлөө зорьж яваа гэдэг нь сонин биш.

Хэрвээ хэн нэгэн бизнесмэнийг хорьж цагдаж гэнэ ээ, тусгай зөвшөөрлийг нь цуцалжээ гэвэл нийтээрээ уухайлж орж ирээд “алаад өг, хядаад өг, барь, шатаа, цаазал” гэх мэтээр коммент бичнэ. Ингэхдээ юуны учир баривчилсан, ямар шалтгаанаар бизнес рүү нь халдсан, үүний цаад үр дагавар нь юу болох талаар эргэцүүлж бодох нь маш ховор. Нийтээрээ мөнгөтэй хүн бүрийг үзэн ядах хандлагатай, тэгсэн мөртлөө өөрсдөө мөнгөнд нугасгүй дуртай, мөнгөгүй хүнээс бол чөтгөр харсан мэт зугтана.

Үзэл бодолтой байна гэдэг нь хэн нэгэн дарга, албан тушаалтны хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрийг сохроор шүтэн биширч, даган баясч, хэн нэгний галуу фанат байж, түүгээрээ нийгэмд байр сууриа тогтоох гэж оролдохын нэр биш. Авч байгаа мэдээлэл нэг бүрээ өөрийн тархи толгойгоор шүүн тунгааж, үүн дээрээ үндэслэн шийдвэр гаргаж, байр сууриа тодорхойлно гэсэн үг. Ингэсэн хүн баргийн алдаа хийдэггүй. Баргийн хүнд мэхлэгддэггүй. Тийм хүнийг улстөрчид амархан хуурч чаддаггүй. Тийм сонгогчид саналаа мөнгөөр худалддаггүй. 

Харин Э.Бат-Үүлийн хэлэх гэсэн зүйл бол “Монгол Улсын иргэн бүр бизнес эрхлэх жам ёсны эрхтэй бөгөөд энэ эрхэнд шүүхийн бус журмаар халдаж болохгүй” гэдэг бол ардчилсан нийгмийн үнэт зүйл юм" гэсэн хэрэг. Ганц Номтойбаяр, Нямтайширын тухай ч хэлээд байгаа юм биш. Зах дээр тэрэг түрж байгаа, оймс зарж суугаа нэгэнд ч энэ үг хамаатай. Нэг өдөр татварын байцаагч ирээд “зарсан оймсныхоо, зөөсөн ачаа болгоныхоо тоогоор татвар төл. Тэгэхгүй бол лангууг чинь хураалаа. Захын хашаа рүү орох эрхийг чинь хаслаа” гэвэл юу болох вэ? Уг нь бол өдрийнхөө түрээсийг төлөөд зогсч байгаа хүн шүү дээ. Түрээсээ төлөөд цаана нь ямар ашиг олох нь төрд падгүй хэрэг. Үүнийг л чөлөөт хөдөлмөр гээд байгаа юм. Тиймээс жам ёсны энэ эрх, эрх чөлөөгөө хамгаалахын төлөө бизнес эрхлэгчид, иргэн бүр тэмцэх ёстой гэсэн хэрэг.

Нийгмийн хариуцлага гэдэг нь чадалтай нь чадалгүйдээ өглөг өгөхийн нэр биш. Амьдарч байгаа нийгмийнхээ үнэт зүйлийг хамгаалан тэмцэх хүн бүрийн хариуцлагыг хэлээд байгаа юм аа гэж...

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (202.126.89.85)
    ttiml cain uuriiguu ulc turch ym bol alivaa acyydalig turuuleed xarj baih ectoi ungurcun xoin n olon um yraid xen ch ungurcuniig xarj shuumjilj chadna ogoo neeh ard tumend uhaantai xaragdah geed demii bz d
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
АНУ 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг нягталж эхэллээ 11 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 27 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 30 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 41 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 46 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 12 цаг 46 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 13 цаг 12 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 13 цаг 35 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 15 цаг 6 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 17 цаг 24 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 17 цаг 59 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 18 цаг 12 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 18 цаг 13 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 18 цаг 16 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 18 цаг 17 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 18 цаг 18 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 20 цаг 31 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 20 цаг 32 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 20 цаг 33 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 20 цаг 34 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top