x

Хөгждөггүйн тухай тэрс үг минь

Мухар сүсэг+Ардчилал

Монгол Улс яагаад хөгжихгүй байна, эсвэл яагаад удаан хөгжиж байна, юу нь болдоггүй юм, хэн буруутай юм гэх яриа ер тасрахгүй шүү. Сэхээтнүүд бүр ч их ярина. Амтай болгон ярьдаг даа. Гэхдээ буруутнаар нь саарал ордон дахь “76” ба төр, засгаа тэр чигт нь заажтодорхойлоод яллачихна, тэгснээрээ үзэн ядалтыг өдөөх нь бүр ч гаслантай. 

Монголчууд өөрсөддөө буруу өгнө гэж ер байхгүй шүү. Нийгмийн сонголтоо эргэж авч үзэхийг мөн ч их ярьдаг болжээ. Ардчилал буруутай юм гэнээ. Социализмыг халаад 28 дахь жилдээ ядуурч, бачуурч, гуриатаж яваа хүн маш олонтой тул ардчиллын нэр хүнд навс унасан л даа. Олон намуудыг тарааж үгүй хийе гэсэн хөдөлгөөн тэмцэл ч өрнөж байх шиг. 

Ардчилалд 100 хувийн буруу байхгүй л дээ. Нийгмийн формацаар нь аваад үз. Бидний заалгасан ертөнцийн түүхээр бол хүй нэгдэл, боолын нийгэм, феодализм, капитализм, социализм, тэгээд ардчилал гэж замнаж яваа байх. Монгол нь түүхэн бодит учир шалтгааны улмаас хоёрыг ньч (боолын нийгэм, капитализм) алгасаад гарчихсан. Социализмыг нийгмийн байгууллынх нь хувьд ялж нурааж байж ардчилал руугаа шилжсэн.Социализмыг аваад хаячихлаа, шинэ нь одоо ч эрүүл саруулаар манай хөрсөнд шингээгүй байна. Тэгэхлээр социализмыг аваад хаячихсан чинь цаанаас феодализм л мухар сүсгийн хэлбэрээр гарч ирсэн нь бараг үнэн дээ. Социализмын баг хуулагдахад цаана амь бөхтэй үлдсэн феодализм нь үндсэрхэг үзэл, үндэсний үзэл, шашнуудын сэргэлт, мухар сүсэг, элдэв зан үйл, олон түмнийг уруудуулдаг, амирлангуй байлгадаг урлаг соёлын элэментээр илэрсэн нь худал биш гэж үү? 

Системийн нуралт ба орыг нь зөв залгуулаагүйн гай манай өнөөгийн нийгмийг ёстой нэг гайтуулж өгч байна. XXI зууны хөгжлийн үнэр ч байхгүй болтлоо нийгмийн хар масс задгайрлаа. Монголчууд заяаны системтэй мэдлэггүй, тохиолдлын мэдлэгтэй байсныг социализмын үед боловсрол арай гэж наашлуулж, засч залруулж байтал тэр нь нураад уначихсан. Өнөөгийн боловсролын тогтолцоо зуун задгай, жаран хагархай болтлоо тарж сарнилаа. Системтэй мэдлэггүй, тохиолдлын мэдлэгтэй түм буман иргэдийг дахиад л төрүүллээ. Нөгөөдүүл нь дараагийн шатны аль нэг сургууль, эсвэл ажлын байртай залгагдаж өгдөггүй. Үй түмэн ажилгүйчүүд, нэг үе 200 дөхөж явснаа одоо 100 дотор тоологддог их дээд сургуультай, төгссөн нь ихэнхдээ ажилгүй. Учир нь хөрвөж чадахгүй, ямар ч ажил албатай залгагдахгүй “мэргэжил”, “мэргэшил”-тэй болцгоосон юм чинь.

Социализмын үед гайгүй шахаж, бараг л ташуурдаж, дарамталж ажилд сургаж байсныг нь нураагаад шинэ тогтолцоо буй болгохын оронд мухар сүсгийг нь эрх, эрх чөлөөтэй нь хослуулаад атгуулчихсан чинь ажил хийх дуртай монгол хүн огцом цөөрөв өө. 

Зөвлөлтийн дипломатч, түүхч, зохиогч Иван Майский 1921 онд Эрхүүд хэвлүүлсэн “Орчин үеийн Монгол: Монголын шинжилгээний ангийн тайлан” (“Современная Монголия: отчет Монгольской экспедиции, Иркутск, 1921”) номдоо монголчуудын зан төлөв, араншингийн талаар сургамжтай атлаа гашуун үнэн, уг нь бид тусгаж аваад арилгачихмаар олон зан чанарыг бичиж үлдээжээ. Түүнд эмзэглэх хэрэггүй юм.

Бид ардчилал ялуулаад социализмыг буулгаад хаячихсан чинь цаанаас нь феодализм л мухар сүсгийн хэлбэрээр гарч ирсэн, социализмын баг хуулагдахад цаана амь бөхтэй үлдсэн феодализм хүлээж байлаа хэмээн дээр юуг хэлэв. Түүнд Иван Майский 100 жилийн өмнө хариуг нь өгчихсөн юм. Түүнээс эшлэе.

Тэрээр 8 зүйлээр ажиглалтаа жагсаасны “Харанхуй бүдүүлэг ба мухар сүсэг” хэмээх 5 дугаар зүйлдээ ингээд биччихжээ:

  • Монголчуудыг соёл боловсролын салбарт богино хугацаанд үсрэлт хийнэ гэх найдвар туйлын уучлашгүй хөнгөмсөг явдал болох нь өмнөх зүйлүүдээс харахад тодорхой байна.
  • Үнэхээр ч монголчууд гайхалтай бүдүүлэг харанхуй байна. Төрийн жолоо атгадаг дээд лам ноёдыг нь эс тооцвол монголчууд бүгдээрээ дэндүү арчаагүй байдалтай байна.
  • Жирийн монгол хүн хэдэн мал, нүүдлийн хэвшлээс өөр юу ч мэдэхгүй байна. Бичиг үсэг, удам судар, түүх, үгүй ядаж хуучны хот балгас, хөшөө дурсгалын талаар хэлэх үггүй байдаг. 
  • Хүн амын 1% нь бичиг үсэгтэй. 
  • Хошуунаасаа гарч үзээгүй хүн байх ба Хүрээг холын оронд байдаг гэж төсөөлнө. Манжийн хаан, Оросын баатар цагаан хаан гэж байдгийг дуулах нь дуулжээ. Харин тэнд хаана хаана юу байдаг, тэндхийн ард түмнүүдийн талаар юу ч мэдэхгүй байлаа гэжээ.

Ахуй руу нь орж монголчуудыг тодорхойлсон нь “Хир буртаг, цэвэрч бус байдал” гэх 4 дүгээр зүйлд нь байна:

  • Соёл дорой ямарваа нэгэн хүний адил монгол хүн хир буртаг, цэвэрч бус байдал дунд аж төрнө. Монгол хүн саван хэрэглэхийг мэдэхгүй. Тэд гар нүүрээ хүйтэн усаар угаасан болно. Биеэ хэзээ ч угааж үзээгүй.
  • Ийм учраас арьсанд нь зузаан хатуу хир тогтоно. Өмсөж байгаа дээлээ бас л угаахгүй. Дээлээ урагдтал нь тайлахгүй өмсөнө. Аз болоход монголчуудын хувцас хийж өмсдөг хятадын даавуу эдэлгээ муутай, жилээс хэтэрдэггүй болохоор тэд арга буюу жилд нэг удаа цамц, өмд, дээлээ жилд нэг удаа солино гэсэн үг.
  • Ердийн цагт монгол хүний дээл тостой, хөлстэйн дээр, энд тэндгүй цоорхой байна. Хир хөлс нь хутгалдаад монгол хүнээс хачин муухай үнэр ханхийхэд занг нь мэдэхгүй хүмүүс өөрийн эрхгүй зэвүүцнэ. 
  • Гэр оронд нь цэвэрч бус байдал энд тэндгүй. Сав суулгаа угаадгүйгээс мөн л зузаан хир тогтсон байна гэжээ.


“Зан төрхийн назгайрал” гэх эхний хэсэгт нь бидний залхуурал, алгуурлал, манай амин зуулга мал аж ахуйг ингэж бичжээ:

  • Балар эрт цагт монгол нүүдэлчдийн нүүдэллэж явсан Төв Азийн бэсрэг уулсын байгаль нь хатуу бөгөөд догшин ажээ. Үүн дээр нь түүхэн үйл явц, тухайлбал эзэрхэг ёс овгийн байгууллаас хойш тогтсон, харийн дарлалд олон жил нухлуулсан, энэтхэг төвдийн шашны нөлөөнд мунхарсан, энэ бүгд нь Төв Азийн овог аймгууд, түүний дотор монголчуудын сэтгэл оюуны төрх байдалд ул мөрөө үлдээжээ.
  • Зарим нэг онцолж үзэх зүйл байвч даамай шингэсэн аминлаг назгай байдал нь тэдний жам ёсны дүр төрх болж, улмаар Монголын ард түмний олон мянган жилийн түүхийг тодорхойлсоор иржээ.
  • Энэ назгай байдал европчуудын толгойд үл багтан эдүгээ ч таны нүд рүү цоргисоор л. Та төрийн байгуулал, эдийн засгийн амьдрал, шашин шүтлэг, зан заншил зэргийн алийг нь ч аваад харсан хүлцэнгүй. 
  • Мал тэдний амьдралын үндэс нь юм. Тэдний амьдрал үхэл хоёр малтай холбоотой гэхэд ямар ч хэтрүүлэг болохгүй. Иймээс ч тэд малынхаа төлөө юуг ч хайрлахгүй байх нь аргагүй гэж бодмоор.
  • Бас мянга мянган жил болохдоо тэд малыг хөнөөдөг элдэв өвчин, зэрэг зүйлстэй тэмцэх бүдүүлэг ч атугай зохистой арга ажиллагаа боловсруулсан байх ёстой. Гэтэл бодит амьдрал дээр бид байх ёстой юмны огт эсрэг байдалтай тааралдах юм. Монголын мал аж ахуйн өнөөгийн хэлбэр туйлын бүдүүлэг байна. Энэ бол хүний гар огтхон ч хүрээгүй балар эртний мал аж ахуй гэж бүрэн утгаар хэлж болно гэжээ.

Монгол хүний цагийн баримжаа, өдрийн дэглэмийг бас л голд ортол хэлээд тавьчихжээ. “Цаг бол мөнгө биш” хэмээх 3 дугаар хэсэгт нь: 

  • “Америкт цаг бол мөнгө” гэсэн байдаг энэхүү зүйр үг Монголд бол “Цаг бол мөнгө биш” гэсэн утгаар урвуугаар хэрэглэж болно. 
  • Учир юун хэмээвээс монголчууд цагийг ерөөс ойшоодоггүй. Ойшоох аргаа ч мэддэггүй гэжээ.

Нэгэнтээ цагийн үнэ цэнэ хамаагүй учраас залхуу байх нь ч аргагүй юм гэсэн санаа “Залхуурах, зүгээр суух хоёр” гэсэн 2 дахь зүйлд нь явж байна:

  • Монгол хүн ажил хийх дургүй. Аливаад хүч гаргахыг тэвчихгүй.
  • Тэд орос дарга юм уу, гадаадын худалдааны ч юм уу, эсвэл өөр ямар нэгэн хариуцлагатай ажил эрхэлсэн хүмүүсийг байнга л завгүй ажил эрхэлсэн байгааг хараад дотроо гайхдаг.
  • Тэдний ойлголтоор ажил хийж буй хүний зэрэг дэв дээш ахих тусам ажил нь багасах ёстой гэжээ.

Монгол-Зөвлөлтийн найрамдал хэмээн эргэж мөрөөдөгсдөд хандаж хэлье. Ах дүү Зөвлөлтийн иргэн, тэгэх тэгэхдээ бүр хариуцлагатай эрдэмтэн сэхээтэн, бүр СССР-ийн ГЯЯ-ны орлогч сайд, Элчин сайд байсан нөхөр Та биднийгээ ингэж тодорхойлж бичсэн хэрэг шүү дээ. Зөвлөлтийн энэ эрхмийн зэмлэлийн үгсэнд үнэний ор байсан болоод л хэргээр тэгж бичсэн, Монголд ажиллах амьдрах зөвлөлтийн иргэддээ санаа сургамж, сэрэмжлүүлэг өгөх гэж бичсэн гэдгийг одоо цагт зөөлрүүлж эерүүлээд байх хэрэг байхгүй. Гашуун үнэн нь тийм л байсан юм чинь.

Монголчуудад гэгээрэл хөгжил авчирсан социалист нийгмээ 1990-ээд оны эхэнд бид яллаад буулгаад хаячихжээ. Ардчиллын гэсэн хаягтай хэдхэн нөхөр биш шүү. Бүх нийгмээрээ уухайлж шаагилдсаар ардчилал руу явж орсон, социализмаа тэр дор нь устгачихсан. Гэтэл устгуулсан социализмын арьсыг маажаадахсан чинь Майскийн бичиж захиж үлдээсэнфеодалист Монгол гараад ирэв ээ. Мухар сүсэг хүчээ авлаа. Тэр нь ардчилалтай хосоллоо. Малыг нийгэмчилж, нэгдэлжүүлсэн нь туйлын буруу байсан гэдэгтэй санал нийлнэ. Тэгээд оронднь хувьчлаад улам цэцэглүүлнэ гэсэн чинь үлгэр болов оо. Майскийн хэлж сануулсан нөгөөх “хүний гар хүрээгүй балар эртний мал аж ахуй” нь байгалийн зөнгөөрөө өсөөд үржээд босоод ирэв ээ. 

“Балар эртний” хэмээсэн нь яасан зэвүүн, хатуу, гашуун сонсдоно вэ? Мал сүрэг 70 сая руу дөхөөд байдаг, ерөөсөө нэг хүнд ногдох малаараа дэлхийд толгой цохихын даваан дээр оччихоод байхад монголчууд ядуугаараа, ертөнцөөс гуйлга гуйсан хэвээрээ, малын өвчин тархаад байдаг, мал өссөний хэрээр малчид нь малынхаа барьцаанд ороод хөдөө нь хөгждөггүй, хөдөөнөөс залуус дайжаад алга болсон, нийслэл нь хөдөөний иргэдээр (73 хувь гэсэн байх аа) дүүрээд дампуурахын даваан дээр ирчихсэн, бүх орчны бохирдол нь хосолчихсон, ийм л дүр зураг харагдана.

Устгуулсан социализмын арьсыг маажаадахсан чинь феодалист Монгол гараад ирлээ, мухар сүсэг хүчээ авлаа гэж бичсэнээ задлан тайлбарлах хэрэггүй. “Үнэхээр ч монголчууд гайхалтай бүдүүлэг харанхуй байна. Төрийн жолоо атгадаг дээд лам ноёдыг нь эс тооцвол монголчууд бүгдээрээ дэндүү арчаагүй байдалтай байна”, “Энэтхэг төвдийн шашны нөлөөнд мунхарсан” гэж Майскийн бичсэн нь арай өөр хэлбэрээр өнөө цагт уламжлагдаад ирээ юү гэлтэй. Бичиг үсэгт тайлагдсан, техник технологи нэвтэрсэн (гар утас, автомашин, ахуйн техник гэх мэт) сайн талууд зөндөө байвч бид 28 дахь жилдээ үйлдвэрлэгч, технологи бүтээгч, ядаж эзэмшигч улс болж чадахгүй, зөвхөн түүхий эд экспортлогч, бэлэн бараа хүнс импортлогчоороо байсаар байгаа, тэр хэрээрээ ядуурал гэх намагнаасаа сугарч гарч чадахгүй дэлхийнхний нүдийг бүлтийлгээд сууж байгаа учраас л Майскийг эшлээд байгаа хэрэг шүү дээ.

Технологигүй, боловсролгүй АРДЧИЛАЛ хөөс болж замхраад, авилга руу гулсдагийг бид дэлхийд гашуун сургамжийн жишээ болгон харуулсаар байгаа бол 100 жилийн өмнөх Майскийгээс дахин суралцацгаая. Нэрэлхэхгүйгээр!

Нийтлэлч Д.Баярхүү /BAABAR.MN/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.23.244)
    XaxaxA yag l iimerxyy dyr torx bgaa , sain medeed bnaa
    2018 оны 04 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 11 цаг 25 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 11 цаг 26 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 11 цаг 27 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 11 цаг 31 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 11 цаг 32 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 11 цаг 34 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 11 цаг 35 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 11 цаг 36 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 13 цаг 47 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 13 цаг 49 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 13 цаг 50 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 13 цаг 52 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 13 цаг 54 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 13 цаг 55 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 13 цаг 57 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 13 цаг 58 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 15 цаг 35 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 15 цаг 36 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 15 цаг 38 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 15 цаг 40 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top