x

Телевизийн мэдээний товч түүх

Би 1967 оны 9-р сарын 1-нд нэгдүгээр ангид элсэж орсон бол Монгол телевиз надаас хорь гаруй хоног хоцорч 9-р сарын 27-нд албан ёсоор нэвтрүүлгээ эхэлсэн байдаг.

Зурагт радио гээчийг аавыгаа даган айлд очихдоо бүтээлэгтэй байхад нь анх харж билээ. Эхний хэдэн жил манайх, бас хөршүүд маань зурагтгүй байсан тул хааяа айлд үздэгсэн. Гэхдээ зөвхөн киног. Нэгэн орой хэдэн хашааны цаадах айлд очиж өөр шигээ баахан жаалуудын хамт гэрийнх нь гаднаас чагнаж байгаад мэдээ дуусмагц гэрт нь пирхийн орцгоосноос болж хөөгдөх шахсанаа өрөвдүүлж, хэний хүүхдэв, дуу гарч болохгүй, нусаа чанга татахгүй шүү мэтийн болзолтойгоор үүдэнд нь цаг гучин минут яг зогсож киногоо үзээд дуу шуутай харьцгааж билээ. Өнөөдрийнхөөр бол Корпорэйт-ийн VIP тоглолтын дараа юм уу даа. Дүү нар сайндаа л радиогоор үлгэр сонсоод унтсан байж таарна.

Даанч айлууд өдөр болгон оруулахгүй, тэгээд ч манайхан явуулахгүй тул хэдийд үзээд алдахаа сонгох хэрэгтэй. Ингээд би ээжийнхээ захиалсан нам, засгийн төв хэвлэл - "Үнэн" сониныг уншдаг болов. Гэхдээ зөвхөн Мягмар гаригийн дугаарыг. Бас зөвхөн арын нүүрний доод хэсгийг. Тэнд зурагтын долоо хоногийн мэдээ гардаг учраас. (Даваа гаригт Монгол телевиз ба "Үнэн" хоёулаа амардаг байсан санагдана). Харамсалтай нь киноны тайлбар байхгүй тул нэрэнд нь хайр майр орсон байвал (гэнэт үнсэлцээд эхэлбэл хүүхдүүд байтугай томчууд улалзана) тэрүүхэндээ хаширлаж алгасна. Хэрвээ залуу, хөрш, уул, зам, дуудлага гэсэн нэр харагдвал юун тухайг тааж ядна, "Хоёр байлдагч", "Тусгай даалгавар" юмуу "Тагнуулчийн дууль" байвал ... зурагттай айлын хүүхэдтэй тоглохдоо худлаа хожигдох, бөглөөгөөр хахуульдах мэтийн аргууд байдагсан.

Харин 1970-1971 оны үед манайх "Темп" нэртэй зурагтыг УИД-ээс 1900 төгрөгөөр авч, би сониноос "Телевизорын дэлгэцнээ" гарчигтай мэдээг хайчилж дээр нь хүндэтгэлтэйгээр залдаг болов. Хаалга онгойход сэвүүлж хийсгэхгүйн тулд гэрийнхээ үнэт эдлэл – гуулин (байх аа) бурхнаар даруулаад л. Бурхнаар шүү. Ингээд хичээлийн хуваарийг эс тооцвол тусдаа долоо хоногийн төлөвлөгөөтэй болж байгаа юм. Хагас сайнд байлдаантай кино үзнэ гээд л. Улс орныг намын программ залж байх тэр үед над шиг нөхдийг телевизийн программ!  

1990 онд хүртэл Монголд зурагтын мэдээтэй сонин гэвэл "Үнэн"-ээс гадна "Хөдөлмөр", "Залуучуудын үнэн" байжээ. Харин дараа нь "Ардын эрх", "Засгийн газрын мэдээ" нийтэлдэг болов. Хувийн, "чөлөөт" хэвлэлүүд олноор гарч эхэлсний дунд том хавтгай цаасан дээр палийтал хэвлэсэн телевизийн мэдээнүүд ч үзэгдлээ. Хичнээн өнгө зүсгүй ч маш сайн борлогдож буйг мэдсэн монгол телевизийнхэн "Цэнхэр дэлгэц", дараа "Долгион" нэртэй өөрийн сониныг эрхлэв. Өрсөлдөгчдөөсөө мэдээгээ харамлана, мөнгө нэхнэ. Нөгөөдүүл нь ардчилсан нийгэмд телевизүүд нь мэдээгээ том сонинууддаа үнэгүй өгдөгийг нотолж ичээхийг оролдоно.

1990-ээд оны дундуур UBS, 25-р суваг, кабелийн телевизүүд гарч ирснээр зурагтын мэдээний алтан үе эхлэв. Цагаан шаргүй бүгд нүүр нүүрээр нь нийтэлнэ. Зарын сонинууд нэг хэсэг телевизийн мэдээтэй байлаа. Дараачийн Цэнхэр дэлгэц, Долгион, Дэлгэц, ТВ суваг, Кабель ТВ, Сансар, ТВ зар сурталчилгаа, ТВ долоо хоног, ТВ ертөнц, ТВ суваг,  ТВ хөтөч, ТВ ...TV ... гээд цувж өгсөн дөө. "Өнөөдөр” сонин гэхэд телевизийн мэдээний дагуултай байв. Эдгээрээс хамгийн томорсон нь Г.Баярсайханы  "Цэнхэр дэлгэц" бөгөөд хувь ширхгээрээ шар сонинуудтай ч өрсөлдөж, хэрвээ би андуураагүй бол зарим дугаар нь 100 мянгыг давсан. Өөдөөс нь Монгол телевиз өөрийн сониныг бүтэлтэй бүтэлгүй гаргаж өрсөлдөхийн зэрэгцээ хөтөлбөрөө нэг зарж, нэг больсоор хоёр зууныг дамнан үзэлцсэн түүхтэй. “Цэнхэр дэлгэц” сонин гэрээний дагуу төлбөрөө олон сарын турш хийгээгүй учраас” гэрээгээ цуцалсан тухай  зарлана, эсхүл "МТВ-гийн хөтөлбөрийг зөвхөн манай сонин нийтэлнэ”, “Хэрвээ телевизийн хөтөлбөрийг хууль бусаар нийтэлбэл тухайн дугаарыг орлогын 70 хувьтай тэнцэх төлбөр оногдуулна”, Телевизийн мэдээ бол МРТХЭГ, “Телевизийн мэдээ” сонины өмч мөн". "Хэрэв МТВ-ийн хөтөлбөрүүдийг хуулбарлан авч нийтэлбэл нийт хэвлэгдсэн тоо ширхэгийн хагастай тэнцэх мөнгөн торгууль ноогдуулна” гэх мэтээр анхааруулна.

Шинэ зууны эхээр "Цэнхэр дэлгэц" сонин яагаад ч юм өр зээлэнд орж, эзэн нь сонгуульд нэр дэвшсэний дараа өөрөө хаагдсан бол TV9, TV5, NTV, SBN ар араасаа мэндэлснээр Монгол телевиз монополь биш больж, "TV & R хөтөлбөр" сониноо ч бас зогсоов. Энэ үеэс телевизийн "зуугийн мэдээ" гэсэн бараг брэнд бий болов. Цаасны хэмжээ А3, нүүрний тоо 4, заримдаа нэмэлт хуудас хавчуулна, төдөлгүй бүгд 8 нүүртэй. 100-хан төгрөг учраас хэн ч авч чадна. Жинхэнэ ардын сонинууд. Монголд гарч буй дотоод, гадаад, кабелийн бүх сувгийн долоо хоногийн хөтөлбөрийг нүд эрээлжилтэл жагсааж, завсар зайг нь зар, чимэглэл, онигоо, үгийн сүлжээгээр сайн чигжинэ. Тэр ихийг багтаах гэж үсэг нь жижгэрсээр, томруулдаг шил дагалдуулж зарвал яасан юм гэсэн саналыг дэвшүүлж байлаа, би. Тэдгээр сонинуудын нэг нь 80 мянган хувь хэвлэгдэж байв. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид өөрийнхөө сайхан зураг, агуу намтрыг байршуулсан тусгай дугаарыг мөн ч их захиалж хэвлүүлж тараасан. Айлын гэрт бүтэн долоо хоногийн турш нэгэн эрхмийг сурталчлаад хэвтэх хугацаанд өрхийн томчууд ба багачууд өдөртөө нэг биш удаа гартаа авч нэр дэвшигчтэйгээ уулзаж учирна...

Явсаар 2010-аад оноос телевизийн мэдээнүүд долоо хоног тутмын сэтгүүл болж хувирав. TV 7 хоног, Инфо ТВ, UBS телевизийн арай далбагар TV Zone, бас сүүлдээ "Соронз"-ын загварт шилжсэн Like гэх мэт. Цаас нь зузаан, шохойтой, өнгө будаг, зураг чимэглэл бол тансаг. Барууны сэтгүүлүүд хажууд нь бүрсгэрдүү харагдана.

Гэтэл ... Саяхан анзаарсан чинь энэ мундаг сэтгүүлүүд байтугай зуугийн мэдээнүүд хаана ч алга. Утсаар захиалж болдог ноён пиццаг дагаж ирдэг Инфо ТВ хүртэл тэр пиццатайгаа хамт сураг тасарчээ. UBS телевизийн "Цай юу, кофе юу?" нэвтрүүлгийн төгсгөлд зочиддоо TV Zone сэтгүүлээ бэлэглэхээ больсон байна. Харамлаагүй, зүгээр л хаагджээ. Одоо зөвхөн сэтгүүлч М.Энхээгийн “TV 7 хоног”  хэмээх "зургаан зуугийн мэдээ" (инфляци!) тэсч үлдсэн ба нөгөө алтан үеийнхтэй харьцуулахад хамаагүй цөөн хувиар гарч байна.

Юу болов? Зөвхөн дотоодынх гэхэд тоо нь 50-60 хүрсэн олон суваг байхад зурагтын мэдээ бүр цэцэглэмээр. Юнивижн дээр гэхэд сувгууд хөтөлбөртэйгээ цуг байдаг ч элдэв сонин нэр бүхий үй олон нэвтрүүлэг, киноны агуулгыг ганц өгүүлбэрээр ч болов хэлээд өгвөл яав ч илүүдэхгүй. Одоо гарч байгаа туркийн олон ангит "Хулгайлагдсан хүү", японы "Гэгээн мөрөөдөл", солонгосын хэт олон ангит элдэв "Жумун" дээрөнөө орой хэн хэнтэйгээ юу яахыг хэлж өгөөд хорхойг нь дарчихвал, эмэгтэйчүүд голдуу үзэгчдийн цаг зав түм бумаар хэмнэгдэж улс орны хөгжил хурдсахгүй биз? Нээрээ хэт их мэдээлэл цаасан дээр багтахгүй байж магадгүй. Тэгвэл цахимаар? Zuragt.mn гэсэн сайт байдаг ч тэнд зөвхөн хөтөлбөр харагдлаа. 

Өнөөдөр телевиз их өөр болжээ. Үзэгчдийн хувьд сувгууд, IPTV, DDISH, ухраах, видео сан энэ тэр нь Интернэт, фэйсбүүктэй холилдоод эх захгүй орон зай, эцэс төгсгөлгүй урсгал. Их найрагчийнхаар бол, хүн бүр дэлгэц ширтэж, гар утсаа шагайсаар мянга мянган өдөр өчүүхэн ч чөлөө завгүй. Шал дэмий юм байвал товчлуур дараад хаяж орхино, үнэхээр хэрэгтэй гэвэл youtube дээрээс ч юм уу олно. Дараа дараачийн нэвтрүүлэг, кинонууд цунами мэт үргэлжилнэ. Телевиз өөрөө хөтөлбөр, хөтөлбөр өөрөө телевиз болсон байна. Телевизийн цаасан мэдээний үе өнгөрчээ. 

Алсыг харья. АНУ-д TV Guide нэртэй телевизийн мэдээний авсаархан сэтгүүл 1970-аад онд хориод сая хувиар хэвлэгдэж Гиннесийн номонд бичигдсэн байдаг. Сая сонирхвол, хаагдаагүй, гэхдээ ердөө 1,8 саяар гардаг аж.

Нийтлэлч Д. Цэрэнжав  / BAABAR.MN/  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Юун Ялта, юун дэлхийг хуваах! 2 цаг 56 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 3 цаг 2 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 3 цаг 7 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 3 цаг 51 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 4 цаг 4 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 10 цаг 21 мин Мэдээж “Ар нь түүз!” 10 цаг 33 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 10 цаг 50 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 10 цаг 58 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 11 цаг 1 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 11 цаг 6 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 11 цаг 11 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 11 цаг 16 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ Өчигдөр 18 цаг 11 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна Өчигдөр 18 цаг 07 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Өчигдөр 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо
Top