x

Хурмастын зөвлөмж

“Зөвлөмж” гэх зөөлхөн нэртэй хатуу зарлиг бууж, Засгийн газар ард түмний татварын мөнгөөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлд өргөн төмөр зам тавьж эхлэв. З.Энхболд “төмөр замаа цэргүүдээр бариулна, харийнханд шулуулахгүй” гэж анх мэдэгдэхэд, тэгвэл төмөр зам хямд босох юм байна гэсэн олзуурхал хармын сэтгэлд минь төрж билээ. Гэтэл ардчилалд халуурсан амьтад төмөр зам барих цэрэг сард хоёр саяын цалин авах ёстой гэж баадуурав. Хуучинсаг надад харамсалтай санагдав. З.Энхболд бас баярлаагүй биз.

Гэвч тэр хойд Солонгос гэж шоолуулна гэж ичээд доторх дургүйцлээ нуухаа мэдэх овжин эр. Өндөр цалин өгвөл цэрэг гэлтгүй ажиллах хүч дүүрэн. Цэргүүдэд хоёр саяыг өгвөл ажилчдаар бариулснаас ялгаагүй. Төмөр замаа заавал цэргээр бариулна гэх З.Энхболдын эх оронч сүржин уриа цэргүүдийг цалингүй зарцалдаг дарангуйллын хаялга л даа уг нь. Энхрий хайрт жолоодогчийнхоо төлөө цалингүй ажиллах цэргүүд олдохоо больжээ. Тиймээс Ерөнхийлөгчийн засаглал чинь бүтэх бол уу яах бол З.Энхболд оо? Харин Ц.Нямдорж тансаг хаус хоригдлуудаар бариулсан. Мэдээж цалингүй. Тэр ч атугай осолдож үхсэнд нь ХЗДХ-гийн сайд гээд уучлал гуйж жижигрээгүй. 

Дахиад 415 км шороон далан овоолох нь гэж хэлээ билүүдэх наагуурдна. Лавхан хар. Зүүнбаян хүртэл зам тавьчихъя. Тавантолгойгоос нүүрсээ вагонд ачаад очъё. Ачиж очсон нүүрсээ яах вэ? Эмзэг асуудал энэ. Бидний эцсийн зорилго төмөр зам тавихдаа бус нүүрсээ борлуулж зоос олоход оршино. Хоёр тэрбум доллараар төмөр зам тавьж Зүүнбаянд авчирсан нүүрсээ УБ төмөр замын сүлжээ-Сайншанд өртөөнд хүргэнэ. Уг сүлжээнд хоёр боомт бий. Урагшаа Эрээн, хойшоо Наушки. Сайншандаас нийслэл дундуураа нүүрс манарган Наушки хүрэхэд 1000 км. Сибирийн трансаар нурмаг ачаагаа 5000 км савируулсаар Восточный боомт хүргээд, түүхий нүүрсээ Солонгос Японыг өндөр үнээр ав гэж гуйх нэг ийм болхи соёлгүй гарц харагдана. Яагаад өндөр үнээр ав гэх вэ гэвэл 5-6 мянган км асгаж цутгаж, хөлдөөж хатааж очсон нүүрсний тээврийн зардал талийна. Маш үнэтэй зарахгүй бол нөхөшгүй алдагдалд унана. Авахгүй гэвэл солонгос япончуудыг шанаадалтай биш. Самбодвол өөдөөс жүдодох шазруун улс.

Япон Солонгос нутагтаа түүхий нүүрс оруулах хоригтой ч манай ҮАБЗ-ийн гурван “өндөрлөг”-ийн улаан нүүрийг хараад хуулиа зөрчинө гэж “Хурмастын зөвлөмж” бардсан биз. Эрээн нунтаг нүүрс оруулахгүй олон улсын хоригийг бас дагана. Тэгвэл сонгуулиар өрсөлдөгчдөө намнах эрлийз хурлийз гэх пиар өрнүүлэх сайхан далим гарах боловч Эрээнд гацсан нүүрсээ яах билээ? Нүүрс ачсан олон зуун вагоноо өдөр бүр нарийнаас өргөн цариганд шилжүүлнэ. 415 км төмөр замаа байдгаа шавхаж барьчихаад нүүрсээ борлуулж чадахгүй бол яана? Гэвч манай гурван мэргэн том хожил олчихсон маадайж суугаа байлгүй. Харин түүнийгээ дэлгэхгүй бухимдуулах нь ядаргаатай. Гахайг зовоож алах мах нь амт ордог гэж гахай мэдэхгүй малчин монголчууд амны зугаа болгодог. Ард олноо бухимдуулж байгаад жаргаавал сэнтийдээ мөнхөрнө гэж гурван өндөр тооцов уу?

Түүхий нүүрс авдаг их газрын гүн дэх орон нутгийн чанартай ганц гангийн үйлдвэр бол Бугат. Тийш нь Тавантолгойн нүүрсийг зөөх 267 км төмөр замыг бариулахгүй гэсэн геополитик 10 гаруй жил командаллаа. Цааш хэдэн жил гацаах нь бүрхэг. Нүүрс олборлогч орос олигархиудын тулгалтыг маниас нуух гэж Төр Засаг онигоо болох буурай орны эмгэнэл гэж эерүүлье. Якутад баяжуулахаа барьчихаад олборлолтоо эхэлж буй “Колмар” мэт хувийн компаний ашиг сонирхол Монголд хэрхэн тусдаг гээч? Төрөөс баримтлах төмөр замын бодлого гэж том дуугараад байгаа маань орос олигархиудын сүрдүүлгийг хүн амдаа дамжуулж буй царай нь тэр чааваас.

2012 онд дуусах байсан 267 км төмөр замыг оросууд зогсоочихсон шүү дээ. Энэ талаар би тодорхой баримт хэдэнтээ бичсэн учраас дахин нуршсангүй. Сонирхвол “Үлдээх үг” номыг минь сөхөөрэй. Эрдэс түүхий эд шингээх ходоодоор дэлхийд нэгд эрэмбэлэгдэх аварга захын хажууд коксжих нүүрсээр энгүй арвин Таван толгой орд минь азаар оршиж байдаг. 267 км төмөр замаа 5-6 жилийн өмнө тавьчихсан бол тээврийн хямд зардлаар асар их нүүрс экспортолж, өдгөө хорин тэрбум доллар олох азхүү буурай Монголд шовойжээ. Гэтэл манай эрх баригчид энэ төмөр замаа гацаахын тулд танк их буу, Тува, Арцсуурь, Овоот, Зүүнбаян, Восточный гэж 10 гаруй жил бултав. Өдөр шөнөөр эрчим хүч дутагдах, илүүдэх доголдлыг зохицуулах Эгийн УЦС-ыг 20 гаруй жил гацаалаа. Энэ төсөлд хамгийн сүүлд урт хугацааны нэн хөнгөлттэй БНХАУ-ын нэг тэрбум долларын зээлийг оросын хатгаасаар буцаав. Бид чадуулаад л байдаг.

Энэ бол зуун дамнасан төөрөгдөл, сэтгэцийн эмгэгээр минь тоглож буй геополитик. Бурууг би орос олигархиудад тохох гээгүй. Ашгийн төлөө яваа тэдний зөв. Гол буруутан улсаа боддогүй өөрийнхөө баяжихыг эрхэмлэдэг манай урвагчид! Биднээс сэргэлэн сүйхээтэй хүмүүс бол дор хаяж өдийд Казахстан шиг оросуудын өөдөөс мал шиг бус хүн шиг зиндаархаж яваа. Казахстан ЗХУ-ын нэг бүрэлдэхүүн байсан, Монгол бол хэзээний тусгаар улс. 

Зүүнбаян чиглэлийн төмөр зам нүүрс борлуулъя гэхээсээ илүү гол нь Таван толгой-Гашуун сухайтын 267 км замыг цаашид саатуулах ээлжит явуулга шүү дээ. Үүнийг 80 хүрсэн би бус залуус та нар үзнэ. Зүүнбаян 415 км төмөр замтай болсонд баясвал гоомойдно. Харин энэ замаар тээвэрлэсэн нүүрснээсээ цэвэр ашиг хэдийг хүртэв гэдэг Монголд наалдах хөгжил болно. Хэдэн жилийн дараа 10-20 мянган хүнд даацын машинаар Гашуун сухайт руу зөөхөөс өөр экспортгүй, хэдэн арван жолооч авто ослоор үрэгдсэнд өмөрч уйлаад сууж байв даа.

Хэдэн тийшээ самгардалгүй эхлээд 267 км төмөр замаа тавьж нүүрсээ ахиухан борлуул. Дав даруй мөнгө олох зам-ганц энэ. Зүүнбаянгаа дараа нь ярь. Б.Энх-Амгалан сайдын “энэ хоёр төмөр замыг зэрэг хийнэ” гэж буй улигт мэхэнд бүү хуурт. Юун түрүү 267 км-ээ даруй гүйцээж багсайтал мөнгө олоод нүүрсээ баяжуулах ажилд шамд. Энэ бол оросуудын маш дургүй, хөндүүрхэн цэг. Яагаад гэвэл тэд урдаас мөнгө цутгаад Монгол босоод ирэх вий гэж ямагт цагддаг. “Муу Монгол мөнгөжвөл манай нүүрсний экспортод аюул учруулна” гэх их гүрнээс гарамгүй өчүүхэн атгаг санаа агуулдаг улс. Энэ араншинг нь таниад хавь ойрынхон нь зай барина. Балтийн гурав, Украйн, Гүрж, одоо Белорусс гомдлоо нуухаа болив. Хөршөө хөгжүүлдэггүй улс гэж европын ах дүү соц. орны анд нөхдийн сануулдаг үгс үнэн байжээ.

Орос Монгол хоёрт наймаалцах бараа хомс юм чинь худалдаагаа яаж тэлэх вэ? Нүүрсээ харилцан солилцох уу? Худалдаа буурсан нь Орос Монголын мууд бус харилцан хэрэглэх эрдэс баялаг, эд бараа алга. Хоёулаа чулуу шороогоо зарах гэж өрсөлдөж буй. Авдаг ойрын ганц хэрэглэгч нь Хятад. Хятадаа булаацалдаад бидэнд төмөр зам тавиулсангүй. Оросод үг хэлэх оготоргуйд шороо цацах адил аж. Энэ янзаараа бол илжгэнд эвэр ургаж, эмгэнд сахал ургасан хойно 267 км бүтэх биз. 

Монголчуудаа, бүрэн эрхт тусгаар улс юм бол 267 км-ээ гурван саяулаа эрвийх дэрвийхээрээ дуусгая. Орос юу гэхийг тоолгүй нүдээ аниад зүтгэе. Хөгжилд минь хурд дутаж байна. ХХI зууны дэлхийн нүд чихний өмнө Орос бяцхан Монголыг хэрхэн дээрэлхэх нь вэ? Хүн төрөлхтөн харцгааг. 267 км замдаа гол бус нүүрсээ дав даруй мөнгө болгоход хамаг учир оршном. Тиймээс Зүүнбаян чиглэлээ түр зуур тас орхи. Мөнгөгүй байж Сайншанд-Дорнот, Ханги, Бичигт, Хөөт гэх мэт үлгэрээр хуурдгаа одоо цэглэ. Залхлаа. Үлгэр бус ганц төсөл бий. Тэр нь 267 км төмөр зам. Түүнийгээ одоохон тавьж хэдэн зоос олъё. Цааш хэрхэх эсэх нь тэнгэрийн зөвлөмжөөс бус зөвхөн мөнгөнөөс шалтгаалах тул хуримтлал үүсгэж баяжъя.

Жидүүчин гишүүд 950 саяын кнопоороо зөвлөмжийг дэмжээд цатгалан амьдарна. Харин ард түмэн-бидэнд олон төмөр замын үлгэр хоол болохгүй тул нүүрсээ идье. Нүүрс борлох 267-г эн түрүү бариад өгөөч. Эх орон хөгжих байтугай өрөнд бариуллаа. 267 км замыг гацаах гэж яагаад ингэж 10-20 жил улайраад байна вэ гэвэл энэ төмөр зам 3-хан сая монголчуудыг өөд татах юм. Янз бүрийн үлгэр онигоогоор 10 гаруй жил гацаагаад сүүлдээ нийгмийн эсэргүүцэлд шахагдаж, арга буюу барьж эхэлсэн дүр эсгэхдээ далангийн овоолгыг Хятадын төмөр замтай уулзахааргүй зориуд зөрүүлчихсэн. Энэ болхи залилан манай удирдагчдын хийдэг мулгуу мэдэгдэлтэй төстэй байгаа биз.

Өөр эрх баригчид сонгуульд ялбал холбочихож магадгүй гээд далангийнхаа төгсгөлийг 7-8 давхар байшин хэртэй өндөрлөөд орхисон нь дүнхүү авч энэ төмөр замыг яасан ч тавиулахгүй гэсэн дотуур тамир нь зэвүүн. Шороон даланд булсан 280 сая долларын цаана энэ төмөр зам ашиглалтад орсноор цутгах байсан доллар өдгөө хэдэн тэрбум хүрсэн бол гэж амаа барь. Агуу боломжоо үрчихжээ. 3 сая гаруй дорой ард түмэнд золын заяагаар нүүрлэсэн 10-20 тэрбум долларыг хаачихсан хүний дотор ямар явдаг бол? Гадна талдаа өөрийн амжилтад бахархсан бялуурлаа ядууст гайхуулан малилзах нь эгдүүцэм.

Ц.Доржготов /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • БӨ (103.240.241.110)
    1940 онд төрсөн хүнээс үлгэр ав нийтлэлчидээ з
    2019 оны 04 сарын 26 | Хариулах
  • Орк (122.201.22.200)
    За томор зам мам ч яахав нутагтаа бас нэг ийм хэдэн сайхан баганатай болох юмсан.
    2019 оны 04 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 13 цаг 26 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 13 цаг 36 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 13 цаг 39 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 13 цаг 39 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 13 цаг 40 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 13 цаг 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 13 цаг 42 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 13 цаг 43 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 16 цаг 4 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 16 цаг 13 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 16 цаг 14 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 16 цаг 17 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 16 цаг 26 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 16 цаг 31 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 18 цаг 7 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 18 цаг 19 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 18 цаг 20 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 18 цаг 20 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 18 цаг 25 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 18 цаг 29 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр...
Top