x

Цаазын ялаас татгалзах боломж байна

Дахиад л цаазын ял. Угаасаа улиг болоод байгаа энэ сэдвийг дахин дахин улиглах нь ганц л шалтгаантай. Ерөнхийлөгчийн тамгын газраас цаазын ялыг сэргээх тухай Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр иргэдээс санал аваад эхэлчихсэн. Санал авах ёстой сарын хугацаа талаасаа өнгөрчихөөд байгаа учраас тэр.

Цаазын ялыг сэргээх саналыг иргэд дэмждэг байлаа гэхэд 65 суудалтай МАН дэмжиж батална гэсэн баталгаа байхгүй л дээ. Яагаад гэвэл Эрүүгийн шинэ хуулийг УИХ батлаад гуравхан жил өнгөрч байна. Хэрэгжүүлэхгүй л юм бол хууль яах гэж баталдаг вэ?

Гэвч хуулийн төсөл батлагдах, батлагдахгүй нь хамаагүй, түүний өмнө нийгмийг хамарсан ийм том талцал үүсгэж байгаа нь өөрөө гамшиг юм. Мэдээж өмнөх Ерөнхийлөгчийг “цаазын ялыг халъя” гэж хэлж байхад ч дэмжихгүй хэсэг байсан. Одоо буцааж сэргээнэ гэхэд ч эсэргүүцэх хүмүүс олон байна.   

Цаазын ялыг дэмжиж байгаа хүмүүсийн дийлэнх нь, хууль санаачлагчид өөрсдөө ч гэсэн “хохирогчийн эрх” гэдэг ганц үгийг зэвсэг болгопдог. Гэмт хэрэгтнүүдэд эрх байдаг, хохирогчид эрх алга уу? гэж ам асуудаг. Гэтэл цаазын ялыг эсэргүүцэж байгаа нь гэмт хэрэгтнүүдийн энэрэх тухай биш, хамгийн түрүүнд гэмт хэргийн хохирогчид болон дараачийн удаа хохирогч болж болзошгүй иргэдээ энэрэх тухай асуудал юм. Хамгийн гол нь гэмтэй бүхнийг цаазалнаар хохирогчийн эрх сэргэхгүй. Харин гэмт хэрэг гараад байгаа нөхцөл шалтгаантай нь тэмцэх нь гэмт хэрэгтэй тэмцэх гол арга зам юм. Тиймээс төр энэ үүргээ биелүүл ээ л гээд байгаа хэрэг.

Иргэдээ хамгаалах нь төрийн эхний үүрэг. Зөрчигдсөн эрхийг сэргээж, учирсан хохирлыг арилган шударга ёсыг тогтоох нь хоёрдагч үүрэг. Гэтэл эхний, үндсэн үүргээ хэрэгжүүлж чадаагүй мөртлөө “алах цаазлах” эрхийг л өөртөө авах гэж улайрах нь шударга явдал мөн үү?

Цагдаагийн байгууллагад олон жил ажилласан хуулийн доктор хүнээс сонссон юм. Манайд криминологиийн шинжлэх ухаан огтхон ч хөгжөөгүй, социализмын үед ч байгаагүй гэж. Криминологи нь гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалдаг, үүний үндсэн дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замыг зааж өгдөг. Харин сүүлийн 90 гаруй жилд манайх алах, хорихыг л судалнаас биш, юуны учир гэмт хэрэг гараад байна, яаж урьдчилан сэргийлэх вэ? гэдэг дээр огтхон ч хуруугаа хөдөлгөөгүй юм байна. Улсын хэмжээний хорь гаруй гаруй хорь гаруй хорих газарт нэг ч сэтгэл зүйч байхгүй. Нэг ч хоригдол, ялтан, гэмт хэрэгтэн дээр сэтгэл зүйн тест хийж үзээгүй. Тиймээс энэ талыг ямар ч мэдлэг хуримтлуулаагүй гэсэн үг. Зүгээр л төр өөртөө амар хялбараар нь “алаад бай, хориод бай” гэсэн зарчмыг барьж ирсэн.

Гэтэл гэмт хэрэг гэдэг чинь нийгмийн үзэгдэл, хөгжлийн хамгийн өндөр түвшинд хүрсэн нийгэмд ч гэмт хэрэг гарсаар л байдаг. Тиймээс хэрэг хийсэн болгоныг алаад бай гэх нь гэмт хэрэгтэй тэмцэх арга зам мөн үү? Ингэснээр гэмт хэрэг буурах уу?

Зигмунд Фрейдын “гурвалсан шатлалын онол” гэж бий. Хүний тархи гурван өөр эстэй. Нэг нь сайн үйлийг, нөгөө нь муу үйлийг өдөөдөг бол гурав дахь энэ хоёрын алийг нь сонгох вэ? гэдэг шийдвэрийг гаргадаг гэнэ. Өөрөөр хэлбэл хүн бүхэнд гэмт чанар бий гэсэн үг. Түүнийгээ үйлдэл болгох эсэх нь ухамсар буюу хийж байгаа үйлдлээ ухамсарлахаас шалтгаалдаг. Тэр ухамсарт нь юу тарьж ургуулнснаас гэмт хэрэгтэн болох эсэх нь хамаардаг байх нь. Хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ, зарим тохиолдолд донтолт болчихоод байгаа сошиал ертөнцөд юу болж байгааг хараад үзээрэй.

Хоёр өдрийн өмнө Эрдэнэт хотод “Шударга ёсны төлөө” эрс шийдэмгүй цуглаан хийсэн гэнэ. Цуглаан дээр иргэд бэлэн хувцасны дэлгүүрт ашигладаг манекенд хувцас өмсгөөд хотын төв талбайд дүүжилсэн. Цуглааны тухай мэдээллийн дор “ал шатаа, дүүжил” гэсэн сэтгэгдлүүд дүүрэн. Төр нь тунгалаг биш, төрийн албан тушаалтнуудын ёс зүйгүй, ховдог хомхой байдалд бухимдсан иргэдийн л үйлдэл байх л даа. Гэхдээ ийм замаар шударга ёсыг тогтоохгүй ээ. Төр нь иргэнтэйгээ адил сэтгэл хөөрлөөр, өш хонзонч байдлаар асуудалд хандаж болохгүй. Хэрвээ төр барьж байгаа хүмүүс нь хүртэл нийгмийнхээ ийм сэтгэлзүйд хөтлөгдөж шийдвэр гаргана гэвэл хожим хойно засч залруулах аргагүй алдаанд орно. Өнөөдөр гудамжинд, сошиал орчинд “ал, шатаа” гэж байгаа хүмүүс маргааш танай гэрт, ажил, албан газарт чинь дайрч ороод үг хэлээ үйлдэл болгохгүй гэх баталгаа байхгүй юм.

Тиймээс ямар ч нөхцөлд төр  хүчирхийллийг хөхүүлэн дэмжигч байж болохгүй. Түүний оронд үнэхээр иргэдээ хамгаалья гэж байгаа бол гэмт хэрэг гарч болзошгүй нөхцөл байдлыг арилгахын төлөө л ажиллах ёстой. Хэв журмаа сахиул, хэв журам сахиулдаг албан хаагчдаа нэм, ажилдаа үнэнчээр ханддаг болго, цалин пүнлүүг нь ахиул, хүмүүсээ боловсруул, ядуурлыг арилга. Ядуурал гэдэг зөвхөн материаллаг шалтгаантай бус. Сэтгэлгээний ядуурал, боловсрол, хүмүүжлийн, хөгжлийн ядуурал гэж түүнээс ч илүү хорлонтой, аюултай үзэгдэл Монголд нүүрлээд байна. Бүр доороосоо, нийгмийн доод давхаргаас эхлээд нийгмийн дээд түвшиндээ хүртэл нүүрлэсэн байна. Хоногийн хоолоо олох гээд хулгай хийж байгаа хүн, эрх мэдлээ ашиглан төсвийн мөнгөнөөс хулгайлж байгаа албан тушаалтан хоёр ядуугийн хувьд яг адилхан. Шинж чанар нь л өөр болохоос биш. Үүнтэй хуулийн аргаар тэмцэнэ үү гэхээс хүчирхийллээр шийдэж чадахгүй.

Төрд гэмт хэрэгтэй тэмцэх өчнөөн арга хэрэгсэл бий. Хууль нь байна, хуулийн байгууллагууд, цагдаа, шүүх нь байна. Албадлагын маш олон хэрэгсэл бий. Түүнийгээ л зохих ёсоор ажиллуул л даа. 

Тун саяхан Өмнөд Солонгосын “Korea Times” сонинд Сөүл хотын цагдаагийн газар Сөүлийн метроны газартай хамтран охид бусгүйчүүдийн “хормойг хамгаалах” үүрэгтэй 295 цагдааг мертоны буудлуудад ажиллуулах болсон тухай мэдээлсэн байв. Метрон дотор охид, бүсгүйчүүдийн хормой дороос камераар бичлэг хийх гэмт хэрэг олширсон тул энэ арга хэмжээг авсан гэнэ. Метроны захиргаа дангаараа 255 өртөөнд 50 эмэгтэй хянагчийг эргүүлд гаргадаг болсон байна. Энэ л хүнээ гэсэн нийгмийн төрх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого юм.

Гэтэл манайд гурван сая хүний дунд 7000-хан цагдаатай, тэднийх нь тал нь контортоо суудаг дарга нар. Үлдсэн 3500-г нь гурван сая хүндээ хуваавал мянган хүний дунд нэг цагдаа оногдож байна. Ямар юмных нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах вэ? Ийм байхад яаж гэмт хэрэг гарахгүй байх юм. Ядаж л цагдаагийн албан хаагчдынхаа орон тоог нэмэгдүүлж, эргүүлийн цагдаагаа олшруулах, үүнд нь төсөв хөрөнгө гаргах хэрэгтэй биз дээ. Гэмт хэрэгтэй тэмцэх тухай элдэв хууль батлаад л байдаг, хэрэгжүүлдэг хүн нь, хөрөнгө төсөв нь байхгүй бол хууль батлаад яах юм. Хотын гудамжуудад суурилуулсан ажилладаггүй олон камераа ч гэсэн ажиллуулдаг бол. Ингэж нүд хуурснаар гэмт хэрэгтэй тэмцэхгүй ээ, Хууль зүйн сайд аа.

Хоёрдугаарт, хүчингийн гэмт хэрэг ахуйн хүрээнд хамгийн их үйлдэгддэг. Танил найз нөхөд, хамаатан садан, айл хөршүүдийн хүрээнд гардаг гэсэн судалгаа бий. Илэрсэн, бүртгэгдсэнээс гадна бүртгэгдээгүй үлдсэн нь олонхи байдаг гэдгийг хүний эрхийн байгууллагууд сэрэмжлүүлдэг. Ийм төрлийн хэрэгт цаазын ял оноодог болчихвол хамаатан садангууд гэмт хэрэгтнийг нуун далдлах, эсвэл гэмт хэрэгтэн үйлдсэн хэргээ нуун далдлахын тулд хүний амь хохироох нь юу ч биш болно гэсэн үг. Хүчирхийлэл зөвхөн хүчирхийллийг төрүүлдэг гэж хоосон ярьсаар л байх уу?

Үнэхээр л хүчингийн гэмт хэрэгтэй тэмцье, ялын бодлогыг хатууруулья гэж байгаа бол бүх насаар нь хорих ялтай зүйл ангийн тоонд оруулж болно. Тэгээд ямар төрлийн хүмүүс ямар шалтгааны улмаас ийм хэрэг үйлддэг, яагаад ийм болсон шалтаг шалтгааныг нь судлах хэрэгтэй биз дээ. Өвчнийг ч атугай зөв оношилж байж л эмчилдэг. Өвдсөн хүн болгонд пинициллин шахаад байдаггүй биз дээ.          

Б.СЭМҮҮН  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • ок (202.179.25.86)
    өөрийн толгойгүй жонхуу
    2018 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.57.95.237)
    DUNDAAS N IDEH GEDEG BAIGIIN ONOHIIG HELJ BUI
    2018 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.57.95.237)
    ERONHII SAIDIIN AJLIIG NURAAH VII
    2018 оны 04 сарын 20 | Хариулах
  • Mergen (66.181.161.49)
    Maash zuv bichij..hamgiin chuhal shiiideh yostoi asuudal bol ger bul bologsdod tavih hariutslaga, uurgiig changatgah..durtai uydee hentei ch hamaagui niilj yavj bgaad huuhedtei bolood suuhchaam aydaad bolhgui bolhoor ni salchdag..durtai uydee bolidog..hariutslagagui archaagui er emuudees bolj huuhed unchirch hoid aav eejiin gar harj amidrah ni denduu eheslee..huchirhiileld urtsun hun l huchirhiilegch boldog geheer ireeduin aav eeejuud dund mash ih huchirhiilegch garch ireh gd bna humuusee..erthen ene ger bul boloh hamtran amidrah huuliig changaruulsan ni deer..bur suuhgui bj sanaatai sanamsargui jiremsluulsen erchuuded ni hariutslaga tootsdog bolhoson ch yaadiin..tehgui bol haa gazraa uriin shingnee tsatsaad yavj bdag bolchij...
    2018 оны 04 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 11 цаг 22 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 11 цаг 23 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 11 цаг 24 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 11 цаг 28 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 11 цаг 30 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 11 цаг 31 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 11 цаг 32 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 11 цаг 34 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 13 цаг 44 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 13 цаг 46 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 13 цаг 47 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 13 цаг 49 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 13 цаг 51 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 13 цаг 52 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 13 цаг 54 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 13 цаг 55 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 15 цаг 32 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 15 цаг 33 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 15 цаг 36 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 15 цаг 37 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top