x

Айдас хүйдэс амилах цаг

Цусаар бичигдсэн “Есдүгээр зүйл”

“Гэм буруу нь тогтоогдоогүй байгаа хүн бүрийг гэм буруугүй гэж үзнэ. Харин хүнийг баривчлах хэрэгтэй гэж үзсэн үед зайлшгүй биш, илүү хатуу ширүүн ямар ч арга хэмжээг хуулийн дагуу хатуугаар таслан зогсоох ёстой”.

Энэ бол 1789 онд Францын хувьсгалын үрээр баталсан “Хүний болон иргэний эрхийн тунхаглал”-ын есдүгээр зүйл. Энэ тунхаглалыг зүгээр ч нэг баталчихаагүй юм. Ердөө 786 үгтэй энэ тунхаглал тоо томшгүй олон хүний цус нулимсаар бичигдсэн билээ.

Жан Жак Руссо 1762 онд хэвлэгдсэн “Нийгмийн гэрээ” хэмээх шастиртаа, нийгэмд эрх мэдэлтэй цөөнх олонхийг захирч буйгаас гадна энэ хүчтэй хэсгийнхэн эрх мэдлийг олонхийн давамгайллаар олж авсан атлаа үйл хэрэг нь тэрхүү олонхийнхоо эсрэг чиглэж байгааг буруушааж, чингэх аваас олж авсан эрх мэдэл нь хууль ёсных бус хэмээн бичиж байлаа. Монтескье, Руссо гэх мэт хүний нийгмийн мөн чанарыг эргэцүүлсэн сэтгэгчдийн “Хуулийн амин сүнс”, “Нийгмийн гэрээ” гэх мэт бүтээлүүд хэсэг бүлэг хүмүүс удам дамжин ард түмэн, олон нийтийг захирах ёсны бурангуй мөн чанарыг хүн зонд ойлгуулсан учраас Франц оронд цус асгаруулсан хувьсгал дэгдсэн. Хувьсгалын үед язгууртнуудыг цаазлахад цаазын сүх хэтэрхий харгис, болхи байсан учраас Иозеф Игнаци Гильотин хэмээх хувьсгалч, эмч хүн цаазлах хянгар санаачилсан нь өөрийнх нь нэрээр нэрлэгдэж түүхэнд үлджээ. Харгислал, эрх чөлөө хоёрыг ирнийхээ хоёр ирмэгт зэрэг агуулах энэ төхөөрөмж тэртээ XVIII зуунд мартагдан үлдэж, харин хувьсгалын үр дүнд бичигдсэн “Хүний болон иргэний эрхийн тунхаглал” өдгөө цагт өвлөгдөн иржээ.

Францын Үндсэн хууль, АНУ-ын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал гээд ардчилал, эрх чөлөөний жишиг болсон олон хууль тогтоомжийн үндэс болсон эл тунхагийг НҮБ “Хүн төрөлхтний ой санамж”-ийн нэгээр нэрлэсэн юм. Тунхаглалын есдүгээр зүйлд буй “хүнийг баривчлах хэрэгтэй гэж үзсэн үед зайлшгүй биш, илүү хатуу ширүүн ямар ч арга хэмжээг хуулийн дагуу хатуугаар таслан зогсоох ёстой” гэсэн өгүүлбэр бол эрүүдэн шүүхийн эсрэг хүн төрөлхтний анхны бодит акц билээ.

“Айдас хүйдэс”-ийн зөвтгөл

НҮБ-аас баталсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-д зааснаар бол хүн бүр л “халдашгүй дархан байх эрхтэй”. Сэжигтэн, бүр ялтан ч адилхан. Харамсалтай нь ардчилсан Монгол Улсад энэ эрх асар бүдүүлгээр зөрчигдөж буй бичлэг өнгөрөгч сарын сүүлээр ил болж, шуугиан дэгдээв.

Ард түмэн, олон нийт 21 жилийн турш алуурчин, захиалагчийг нь илрүүлэхийг хүлээж буй Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг жил гаруйн өмнө илэрсэн. Гэтэл уг хэргийн буруутнуудыг эрүүдэн шүүх замаар хэрэг хүлээлгэснийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж зарлаж, төрийн нэрийн өмнөөс уучлал гуйв. Захиалагчийг илрүүлэх мөрдөн байцаалт нь үргэлжилж буй хэргийн материалыг нууцаас гарган задалсан нь энэ. 

Ц.Нямдорж сайдын дэлгэсэн бичлэгтэй төстэй бичлэг, гэрэл зургууд 2004 онд олон нийтэд цацагдаж дэлхий даяар дуулиан тарьсан. Бичлэгээс болж Иракт АНУ-ын байгуулсан Абу Грейб шоронгийн хянагч эмэгтэй Линнди Инглэнд тэргүүтэй 12 офицер хоригдлуудтай зүй бусаар харьцан, бие махбодь сэтгэлзүйн хохирол учруулсан хэргээр шийтгэл хүлээж байв.

Гэтэл Монголд бичлэг дэлгэгдсэний дараа үйл явц тэс өөрөөр өрнөв. Эрүүдэн шүүх ажиллагааг гардан явуулсан хийгээд удирдан зохион байгуулсан, гар бие оролцсон хүмүүст хариуцлага хүлээлгэхийн оронд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд буюу төрийн гурван өндөрлөгийн тааллаар хуульд заасан хугацаанаас нь өмнө шүүгч, прокуроруудыг чөлөөлөх, томилох эрх үүсгэсэн хуулийн өөрчлөлтийг парламентаар батлуулчихав. Нэг хэрэг, нэг процесс дээр гарсан зөрчлийг бүтэн системд тохсоноос гадна, Үндсэн хуулийг илтэд зөрчин байж 24 хүрэхгүй цагийн дотор засаглалын тэгш хувиарлалтад халдсан хууль баталсан нь энэ. Энэ үйл явцыг зөвтгөх цор ганц шалтгааныг УИХ-ын гишүүн Ж.Батзандан айлдсан нь: “Онцгой нөхцөл байдал, хувьсгалын үед хууль хамаагүй” гэх анархист томъёолол байлаа.

“Айдас хүйдэс”-ийн хамгаалал

Энэ үйл явцтай холбоотойгоор Монголд эрүүдэн шүүлт үнэхээр газар авсан уу гэсэн асуулт нийгэмд бий болов. Эрүүдэн шүүлт Монголд байгааг Хүний эрхийн үндэсний комисс хүлээн зөвшөөрсөн. ХЭҮК-оос гаргасан сүүлийн тайланд дурдсанаар зөвхөн 2017 онд цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагаа, эрүү шүүлттэй холбоотой асуудлаар иргэдээс 51 гомдол, мэдээлэл иржээ. Эдгээрээс 40 гомдол нь цагдаагийн албан хаагч, үлдсэн нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон прокурорын байгууллагын албан хаагчийн зүй бус үйлдэлтэй холбоотой байжээ. 

ХЭҮК-ын зүгээс энэ байдлыг таслан зогсоох хууль эрх зүйн гарцуудыг Засгийн газарт зөвлөж ирснээ 17 дахь тайландаа тодорхой дурдсан байна. Жишээлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуульд эрүү шүүлт тулгах гэмт хэргийг шалгах бие даасан тогтолцоо бий болгох. Улсын Ерөнхий Прокурорын дэргэд Мөрдөн байцаах албыг сэргээн байгуулах гэх мэт багц зөвлөмж өгч байсан ч засаг “нохой хуцсаны дайтай тоосонгүй”. 

Үүнтэй зэрэгцээд 2012-2014 онд Хууль зүйн сайдаар ажилласан Х.Тэмүүжин, гэрч хохирогчийг хамгаалах зорилготой Тахарын албыг татан буулгасан, “Цагдан хорих төвд гүйцэтгэх ажил явуулахыг хориглосон зүйл заалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд оруулаад эрүү шүүлт тулгахын эсрэг том дэвшил гаргалаа гэтэл тэр хуулийг 2 сарын дараа Ц.Нямдорж, Х.Нямбаатар, Ж.Батзандан” нарын гишүүдийн манлайллаар хүчингүй болгосныг олон нийтэд сануулсан.

ХЭҮК-ын хувьд нийтийн эрх ашгийг, хүний эрхийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй ч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж байгаа хэргийн мэдээллийг задлаж болохгүй гэсэн хуулийн заалтад тушаатай байдаг ажээ.

“Айдас хүйдэс”-ийн удиртгал

Ийнхүү Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарын тааллаар Шүүх засаглалын томилгоо хийгдэхээр боллоо. Тэднийг төгс мэргэн ухаантай, эх орондоо хайртай, хойч ирээдүйн төлөө зүрх сэтгэл нь ямагт лугшин цохилогч, тэдний томилсон шүүгч, прокурорууд нь АНУ-ын домогт хуульч Жон Маршаллын адил шүүх засаглалыг төгөлдөржүүлэн хөгжүүлэгч байгаасай гэж итгэхийг хүснэ. Харамсалтай нь итгэл найдвараас илүү айдас хүйдэс төрөөд буй юм. 

Учир нь “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай“, “Прокурорын тухай”, “Авлигын эсрэг хууль”-д оруулсан нэмэлт өөрчлөлт Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд, эрх баригч намын дарга У.Хүрэлсүх нарын манлайлал, “ЖДҮХС”-гаас эрх мэдлээ ашиглан хамаарал бүхий хүмүүстээ олон зуун саяын төгрөгийн бага хүүтэй зээл авч өгсөн хэрэг нь огцорсон Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн хавтаст явсан УИХ-ын гишүүдийн кнопоор батлагдсан. Засгийн эрхийг цөөн гарт төвлөрүүлэх сэдэл нь хэн ч харахад ил энэ улс төрийн алхам жирийн багш, жирийн эмч, жирийн ажилчин, жирийн монгол хүний төлөө санаачилга биш юм. Энэ бол нэгийг нөгөөгөөр нь солиод ямар ч ялгаа гарахгүй улстөрчдийн хоорондын улайрсан тэмцэл. Эрх мэдэлтнүүдийн тэмцлийн хөлд Үндсэн хууль, бидний өлсөж, зүтгэж, 30 жил тэмцэж бүтээсэн ардчилал амьсгаа татаж эхлээд байна.

Монголын түүхэнд үүнтэй адилхан бэлээхэн сургамж бий. 1937 оны аравдугаар сарын 2-нд байгуулагдсан “Онцгой бүрэн эрхт комисс” жил хагасын дотор 21 мянган хүнд буудан алах ял оноосон. Х.Чойбалсан, Д.Лувсаншарав, Г.Цэрэндорж нарын гурван хүний бүрэлдэхүүнтэй энэ цуст комисс Улсын Ерөнхий прокурор асан М.Ядамсүрэн, Шүүх яамны сайд асан Д.Ламзавыг 10 жил хорих шийдвэр хамгийн түрүүнд гаргаж байв. Тэдний араас П.Гэндэн, А.Амар тэргүүтэй лидер улстөрчид, 30 мянган гэмгүй монгол хүн буудуулсан.

ҮАБЗ-ийн гурав өөрсдийн тааллаар шүүгчдийг огцруулж, томилох хууль батлуулаад авлаа. Гэвч энэ бүрэлдэхүүн өөрчлөгдөж, дараа дараагийн ҮАБЗ-ийн гурав ямархуу дүр зурагтай ажиллах нь таашгүй. Шүүгчид халагдахгүйн тулд үе үеийн ҮАБЗ-ийн гурван гишүүний хүслээр ажиллах нь ойлгомжтой. Энэ хуулиас өмнөхөн Дээд шүүхийн шүүгч асан эмэгтэй хүн шоронд амиа алдсан. Шүүх засаглалд дээд түвшинд олон жил ажилласан уг эмэгтэйг “амиа хорлосон” гэх цуу яриаг хаанаас ч юм эрчтэй тараасан. Энэ бол айдас хүйдэсийн удиртгал.

“Айдас хүйдэс”-ийн гаргалгаа

Жан Жак Руссо “Нийгмийн гэрээ” номондоо, “Бүх нийтийн хүсэл ямагт нэгэн зорилго өөд тэмүүлж, нийгмийн тусыг эрхэмлэдэг. Гэхдээ үүгээр ард түмний шийдвэр цаг үргэлж үнэн зөв чиглэлтэй байдаг гэж ойлгож болохгүй. Хүмүүс ямагт өөртөө сайн сайхныг хүсдэг авч тэр нь чухам юунд байгааг тэр болгон олж хардаггүй: ард түмнийг хахуульдаж худалдан авч болдоггүй, харин тэднийг хуурч, тэгэхдээ бүр саар зүйлд санаархаж байгаа мэт үед нь байнга мэхэлж болдог” хэмээсэн нь бий.

Түүнийхээр, өөр хоорондоо ямар ч харилцаа холбоогүй ч ялихгүй зөрүүтэй олон жижиг хүсэл, саналын үр дүнгээс бүх нийтийн хүсэл тэмүүлэл амилдаг аж. Энэ нь ямагт зөв чиглэлтэй байдаг гэж агуу Руссо бичжээ. Гэхдээ энэ жижиг саналуудыг хойш нь тавьж, журамлагдсан салангид холбоод байгуулагдвал асуудал буруу тийш даялж эхлэх боломжтойг Руссо олж харжээ. Орчин үед буулгаад ойлговол улс төрийн намуудын үзэл санаа, ашиг сонирхол гишүүдийнх нь хувьд нийтлэг хүсэл болох бөгөөд тэр төдөлгүй төр улсын тухайлсан аминчхан хүсэл зориг болж хувирна. Хүмүүсийн тоогоор бус, холбоодын тоогоор санал гарч ялгаа нь багассанаар ерөнхий үр дүн эсрэг зүгт тэмүүлэх магадлал ихэснэ. 

Жан Жак Руссогийнхоор бол холбоодын нэг нь (жишээлбэл улс төрийн нам) хүчээ авч бусад бүх холбоодын дээр гарах юм бол ялихгүй санал зөрөлдөөн ч гэж байхгүй болж цорын ганцхан зөрөөтэй санал гарч ирнэ. Тэр үед бүх нийтийн хүсэл гээч нь үгүй болж, хүчээ авч дийлсэн санал бодол буюу тухайлсан аминчхан үзэл ялалтад хүрэх аж. Манайд өнөөдөр ийм л үйл явц өрнөж байна. 

Хэдийгээр одоохондоо “МАНАН”, “Шударга бусын хонгил”-той тэмцэж буй мэт харагдав ч, энэ нь Ж.Батзандангийн хөөргөдөн нэрлэснээр бүр “хувьсгал” мэт санагдавч, үнэндээ монголчуудын 30 жилийн турш бий болгохыг хичээж ирсэн “хүмүүнлэг, иргэний нийгэм” нуран унаж, төрийн толгойд нэг л улс төрийн хүчин, бүр муугаар бодвол нэг улстөрч дархлагдан, хуучин нийгэм рүүгээ буцаж алхах “айдас хүйдэс” биежсээр байна.

Францын сэтгэл судлаач Жак Лакан айдас хүйдэсийн сонгодог тодорхойлолтыг айлджээ:

“Оюун санаандаа хүлээж авалгүй хаячихсан тэр зүйл маань гадна талаас айдсын хэлбэрээр эргэж ирдэг” 

Түүхч, судлаач Д.Дашдулам,“нийгэмд болж өнгөрсөн бүхий л зүйлүүд олон түмний сэтгэл зүйд эерэг, сөрөг хандлагыг үлдээдэг ч эерэг зүйлүүд нь харьцангуй хурдан мартагдаж, сөрөг хандлагууд нь уламжлагдан амь бөхтэй, удаан оршдог онцлогтой”-г ажиглажээ. Түүний үзэж буйгаар 1930-аад онд болсон их хэлмэгдүүлэлт монголчуудын сэтгэлгээнд айдсаас үүдэлтэй сандрах, сэтгэл түгших, дасан зохицохгүй байх эмгэг болон үлдэж, урт хугацаандаа монгол хүний уламжлалт сэтгэлгээ өөрчлөгдөж бялдуучлах, долигонох, гүтгэх, матах, албан тушаалд улайран зүтгэх зэрэг зан төрхийн эмгэг газар аван ужгирсаар өнөөдрийг хүрчээ. 

“Айдас хүйдэс”-ийн биелэл

Жан Жак Руссо “Нийгмийн гэрээ”-гээ хэвлүүлэхээс 14 жилийн өмнө Шарль Луи Монтескье гэдэг франц хүн “Хуулийн амин сүнс” хэмээх ном хэвлүүлжээ. “Хуулийн амин сүнс” шиг цэгцтэй сэтгэлгээ, даацтай гаргалгаа агуулсан ном хүн төрөлхтний түүхэнд ховорхон бичигдсэн. Нөхөр Монтескье энэ номондоо төр засгийн эрх мэдлийг хувиарлах талаар тун ойлгомжтой санаа дэвшүүлсэн нь өдгөө дэлхийн бүх оронд ямар нэг хэлбэрээр хэрэгжсээр байна. 

Шарль Луи Монтескье бээр засаглалыг хууль тогтоох засаглал; гүйцэтгэх засаглал; шүүх засаглал хэмээн гурав ангилсан. Монтескье хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг зааг хязгаарыг чандлан зааж, үйл ажиллагааг нь нягт уялдуулах арга замуудыг санал болгосон. Энэ санаа зөвхөн дангаараа л хаант төр буюу нэг хүний засаглалд хувьсгалчдын үхэр буунаас илүү үхлийн цохилт болсон билээ. 

Монтескегийнхоор энэ гурван засаглал ямагт тусдаа байх ёстой. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүн хүн, гүйцэтгэх засаглал буюу Засгийн газарт давхар ажиллах нь өөрөө засаглалын оршин тогтнолд аюултай гэж гүн ухаантан зөгнөжээ. Энэ зөгнөлийг манай төрийн түшээдийн Үндсэн хуульдаа улайран оруулсан “давхар дээл”-ийн тухай заалтын хор уршиг баталж байна. Хамгийн сүүлийн жишээ нь, хүсэл шуналаасаа болж утсан хүүхэлдэй болчихоод байгаа нууцаар жижиг, дунд үйлдвэрлэлийн бага хүүтэй зээл авсан УИХ-ын гишүүд.

Монтескье засаглалын хувиарлалт дээр өөр нэгэн чухал “бошго” айлджээ:

“Хэн нэгэн субъектын эрх мэдлээр дамжин байгуулагдсан шүүх өөрийг нь томилсон “буянтныхаа” төлөө жирийн ардыг зольж, авлигачийг алагчлахаас эхлээд эрх мэдэлд “шүтдэг” болно. Чухам ингэснээс үүдэн нийгэм аль нь худал, аль нь үнэн болохыг ялгах чадваргүй болж “ёс суртахууны төөрөгдөлд” ордог”.

Манай нийгэм өнөөдөр чухам л Монтьескегийн зөгнөсөн зөгсөн төөрөгдөлийн замаар орчихоод байна. Энэ төөрөгдлөөс хэзээ гарахыг гагцхүү манай улстөрчдийн хүсэл шуналын хэмжээ мэднэ. 

“Эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцахгүй болсон шунаг сэтгэлтний хорон санаархалыг төрсөн эх нь ч хорьж дийлэхгүй…” 

гэж Шарль Луи Монтескье Ардын нам байгуулагдахаас 200 жилийн өмнө бичиж байсан юм.

Үндэстний тойм №403

Нийтлэлч Я.Баяраа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ 7 цаг 4 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ 7 цаг 21 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ 7 цаг 37 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ 8 цаг 5 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон 8 цаг 24 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ 8 цаг 42 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно 9 цаг 0 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв Өчигдөр 12 цаг 24 мин Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна Өчигдөр 11 цаг 25 мин Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өчигдөр 11 цаг 19 мин Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно Өчигдөр 10 цаг 47 мин Он гарсаар залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг хамгийн их гарчээ Өчигдөр 10 цаг 13 мин Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана Өчигдөр 09 цаг 42 мин Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаан толгойн баяр хийжээ Өчигдөр 09 цаг 09 мин М.Эрдэнэбат: МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, удирдлагын тогтворгүй байдлыг үүсгэдэг санхүүгийн гинжин хэлхээг таслах, өөрчлөх хэрэгтэй Өчигдөр 08 цаг 36 мин Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхитай байна Өчигдөр 08 цаг 18 мин Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Уржигдар 14 цаг 04 мин Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 компани нийлүүлж байна Уржигдар 13 цаг 57 мин Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 15 мин Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Уржигдар 10 цаг 33 мин
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... Монголбанк: Хар жагсаалтад бүртгэлтэй иргэд, ААН-ийг өршөөлд... Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа т... Д.Тогтохсүрэн: Гурилын импортын тарифыг тэглэвэл тариаланчид...
Top