x

Дээрэлхүүлж дуусдаггүй гэр хорооллынхон, ихэрхэж ханадаггүй "дээдэс"-ийн цаана нуугдах алдагдсан боломж

Манай гэр хорооллынхон үнэндээ "газрын эзэд" юм. Гэхдээ гэр хорооллынхон "газрын эзэн" гэдгээ сайн ойлгодоггүй. "Газар" хэмээгч нь алтнаас өөрцгүй үнэ цэнэтэй хөрөнгө гэдгийг огтоос мэдэхгүй. 

Яагаад гэвэл манайд хувийн өмчийн газар гэсэн уламжлал байсангүй. Бас дээрээс нь чөлөөт зах зээлд шилжих явцад гажуудал гарч хашааны газрын "зээлжих зэрэглэл"-ийг унагаж үнэгүйдүүлсэн. Ийн газар нь үнэт капитал мөн болохыг мэдэх боломж гэр хорооллынхонд олдоогүй билээ. Хашааны газар нь үнэгүйдэж, эдийн засгийн эргэлтэд орох чадваргүй болсноор гэр хороолол ядууралд гинжлэгдсэн юм. Зүгээр ядуурал ч биш архаг ядуурал шүү!

Архаг ядуурал хүмүүсийг хачин болгодог. Гэр хорооллынхныг хачин болгосон. Тэд газрын эзэд атлаа хамжлага албат аятай ухаан нь мохож, дорд хүлцэнгүй байдалд автсан. Жишээ нь, газрынх нь үнийг санаатай унагасаар атал хүлцэж сууна. Ямар газрын эзэд гэхээрээ ингэдэг билээ?!

Дахин төлөвлөлт эрчимтэй явагдаж байх үед нэг хашааны газар дунджаар хоёр өрөө орон сууцны үнэтэй болж байлаа. Гэтэл одоо үсрээд л ипотекийн урьдчилгааны 30 хувийн үнэ цэнэтэй болж уналаа.

Хашааны газрын үнийг унагаж буй нь алсдаа хямд үнээр арилжин авч "газарт оруулах" зорилготой юм. Харин орон сууцны урьдчилгаанд хашааны газраа өгсөн иргэд ипотекийн зээлийнхээ үлдэгдэл өрөө төлж чадахгүй, байр ч үгүй, газар ч үгүй үлдэнэ.

Ийм политик явуулж буйг анхааруулаад байхад л манай гэр хорооллынхон эсэргүүцэх гэж үгүй. Далайсан бүхнээс дальдчиж явна. Түүгээр зогсохгүй зарим этгээд харин ч газрыг нь санаатайгаар үнэгүйдүүлж байгаа улстөрчдийн талд орчихсон суртал хийгээд явж байна! Бодвол гайгүй хөлс өгсөн бололтой дог.

Энэ байдлыг харахаар Христийн "Тэд юу хийж байгаагаа ойлгохгүй байгаа юм! Тэднийг өршөө, Эцэг минь!" хэмээх учирлал санаанд ордог юм. Архаг ядуурал хүмүүсийг угаасаа тэнэглэл, мунхаглал руу түлхдэг болой.

Хэдийгээр гэр хорооллынхон "юу хийж байгаагаа ойлгохгүй", өөрөөр өөрсдийнхөө сайн сайхны төлөө тэмцэж чадахгүй улстөрчдөд дээрэлхүүлж суугааг харахад хөөрхийлөлтэй ч нийслэлээ, улс орноо хөгжүүлэхийг чин сэтгэлээсээ хүсч буй хүн бүр тэднийг дэмжиж "босгох" хэрэгтэй.

Учир нь нийслэл болоод улсын хөгжил гэр хорооллын "барьцаа"-нд буй. Үүнийг утаа, хөрсний бохирдол, байгаль орчны доройтлоос өгсүүлээд зөвхөн уул уурхайн орлогоос хамааран савлаж байдаг арчаагүй эдийн засаг, олигтой өндийж өгөхгүй байгаа үндэсний үйлдвэрлэл харуулаад байгаа юм. 

Тэгэхэд бид гэр хорооллыг зөвхөн утаа, тоос, хөрсний бохирдлын эх үүсвэр төдийд өрөөсгөл хараад байдаг. Том зургаар нь харж чадахгүй байна.

Гэр хорооллын хашааны газар "зээлжих зэрэглэлгүй"-н улмаас чөлөөт зах зээлийн харилцаанд орж чадахгүй байгаа нь нийслэлийн хагас сая иргэн тогтвортой орлогын эх үүсвэргүй болж ядуурахад хүргэсэн. Хагас сая хүн төлбөрийн чадваргүй болоход зах зээл хагас сая худалдан авагчаа алдан бизнес дампуурч, үүний улмаас эдийн засаг хумигдан давжаардаг. Үүнийг макро эдийн засгийн онолтой холбон ойлгодог нэг ч улстөрч, банкир, бизнесмэн, эдийн засаг болон нийгмийн ухааны боловсролтой хүнтэй би таарч байсангүй!

Манай "дээдэс" харин гэр хорооллынхон арчаагүй учраас ядуу байдаг хэмээх хөгийн өнгөцхөн атлаа муйхар ойлголттой байдаг. Арчаагүй гэгдээд байгаа тэр хүмүүс нь 7 орчим тэрбум доллараар (2010 оны судалгаагаар) үнэлэгдэх хөрөнгө улаан гараараа босгочихсон, тэр нь хууль ёсны бизнес, санхүүгийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүйн улмаас "цус"-гүй хөрөнгө болжихуйд цуцан ядуурсан юм шүү дээ! 

Хэрэв зээ гэр хорооллынхныг ялгаварлан гадуурхалгүй чөлөөт зах зээлийн үйлчилгээнд хамруулан зээлжих зэрэглэлийг нь нэмэгдүүлбэл эдийн засаг маань даруй 2-3 дахин тэлнэ. Дээрээс нь уул уурхайтайгаа зуузай холбоодохвол жилийн өсөлт маань ойрын 20-30 жилд тогтвортой хоёр оронтой тоогоор хэмжигдэх учиртай. Гэр хорооллыг дорд үзсэнээс ийм боломж алдаж байна даа!

"Дээдэс" нь гэр хорооллоо дорд үздэг нь социализмын үеийн ангич үзлээс үүдэлтэй нэг төрлийн "арьсны үзэл" юм. Айн Рэнд "...ер нь арьсны үзлээр оюунлаг хүмүүс биш, сэтгэлгээний хоосролтой хүмүүс өвчилдөг" хэмээсэн. Тэгээд энэ сэтгэлгээний хоосрол нь хөгжил дэвшлийг боомилж, боломжийг алдуулдаг гэжээ!

Манай дээдсүүд ихэрхэлгүй "оюуны хоосрол"-тойгоо хүлээн зөвшөөрч гэр хороолол руу анхаарлаа хандуулан тэднийг дэмжих цаг болсон!

Э.Бат-Үүл /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 13 цаг 27 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 13 цаг 37 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 13 цаг 40 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 13 цаг 40 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 13 цаг 41 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 13 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 13 цаг 43 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 13 цаг 44 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 16 цаг 5 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 16 цаг 14 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 16 цаг 15 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 16 цаг 18 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 16 цаг 27 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 16 цаг 32 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 18 цаг 9 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 18 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 18 цаг 21 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 18 цаг 21 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 18 цаг 26 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 18 цаг 30 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр...
Top