Афганистаны засгийн эрхийг барьж буй хэт давруу үзэл лалын шашинтнуудын "Талибан" хөдөлгөөний удирдагч Хайбатулла Ахундзада тус бүлэглэлийн гишүүд болон төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглосон аман тушаал гаргажээ. Энэ талаар "Afghanistan International" цахим хэвлэлд нэр нь тодорхойгүй нэгэн баримт бичгээс эш татан мэдээлсэн байна.
Хоригийг зөрчсөн хүмүүсийг цэргийн шүүхээр оруулж хариуцлага тооцож магадгүй байна. Ахундзадын тушаалыг “Талибан”-ы Хууль зүйн яам Афганистаны найман бүсэд үйл ажиллагаа явуулдаг Дээд шүүхийн цэргийн нэгжийн харьяа цэргийн шүүхүүдийн дарга нарт уламжилсан байна. "Мөн эдгээр бүсийн цагдаагийн байгууллагын удирдлагууд болон тагнуулын албаны дарга нарт мэдэгдсэн" гэж нийтлэлд дурджээ.
Сэтгүүлчдийн олж мэдсэнээр, Афганистаны эрх баригчид хяналтад байх ёстой хүн бүрийн нэр, албан тушаал, алба хааж буй газар, үүрэн холбооны оператор болон утасны дугаар зэргийг багтаасан жагсаалтыг аль хэдийн бэлдсэн байна.
Талибууд өмнө нь ухаалаг гар утас хэрэглэх болон амьд амьтдын зураг, дүрс бичлэгийг нийтлэхэд хязгаарлалт тогтоосон бөгөөд 2025 онд Хайбатулла Ахундзада "Талибан"-ы гишүүдэд ухаалаг гар утасны хэрэглээгээ багасгахыг уриалж байсан юм.
Үүнээс гадна, хэдхэн хоногийн өмнө Талибаны засгийн газрын Боловсролын яамны Исламын боловсролын хэлтсээс сурагчдыг сургууль болон шашны семинариудад ухаалаг гар утас авчрахыг хориглосон удирдамж гаргасан гэж "Afghanistan International" сонинд бичжээ.
Эх сурвалж: DW



