БОУАӨЯ, МУИС, Даян дэлхийн байгаль орчны сан (GEF) хамтран “Биологийн олон янз байдлын конвенцын Нагояагийн протоколын хэрэгжилтийн анхдугаар тайлан”-г өнгөрсөн баасан гарагт хэлэлцүүллээ.
Монгол Улс Биологийн олон янз байдлын тухай конвенцод 1993 онд, Нагояагийн протоколд 2013 онд нэгдэн орсноор генетик нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, үр шимийн шударга хуваарилалтын чиглэлээр олон улсын өмнө үүрэг хүлээсэн байдаг. Энэ дагуу Нагояагийн протоколын хэрэгжилтийн анхдугаар тайланг танилцуулан, хэлэлцсэнийг БОУАӨЯ мэдээлэв.
Энэ үеэр Монгол Улсад генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийг хамгаалах, зохистой ашиглах, үр шимийг хуваарилах, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцсэн байна. Генетик нөөц нь зөвхөн байгалийн баялаг бус, шинжлэх ухаан, эрүүл мэнд, инновац, эдийн засгийн хөгжлийн шинэ боломжийн үндэс суурь болохыг оролцогчид онцолж, Монгол Улс өвөрмөц экосистем, биологийн олон янз байдал, уламжлалт мэдлэгийн баялаг өвөөрөө дэлхийд өрсөлдөхүйц давуу талтайг онцолсон. Мөн Монгол Улсын генетик нөөцийн өнөөгийн байдал, хамгаалалт, ашиглалт, тулгамдсан асуудал, бодлогын чиглэл, мөн үр шимийн шударга хуваарилалтын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээг тэмдэглэжээ.
Хэлэлцүүлэг нь Нагояагийн протоколын хэрэгжилтийг эрчимжүүлэх, генетик нөөцийн бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтой юм. Хэлэлцүүлэгт генетик, биотехнологийн чиглэлээр судалгаа, шинжилгээ, инновацын бүтээгдэхүүн хөгжүүлдэг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, генийн дэд сангуудыг хариуцан ажиллуулдаг төрийн болон ТББ-ын төлөөлөл оролцжээ.



