Хоёр шөнө дамнан хуралдсан УИХ-ын ТББХ, УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаас УИХ-ын гишүүн М.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Пүрэв гаригт хуралдсан Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаас гарсан "Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй" гэсэн шийдвэрийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан албажуулав. Үндэслэл нь,
Нэгдүгээрт, АТГ гишүүдийг нэр бүхий гишүүдийг нэг нэг удаа дуудаж мэдүүлэг авсан бөгөөд мөрдөн байцаалтад саад учруулсан гэх нөхцөл байдал илрээгүй байна.
Хоёрдугаарт хэргийн шалгалт дуусаагүй байгаа тул шалгалтын ажил дууссаны дараа бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх боломжтой гэв. Гишүүд үүнийг баримтлан олонхиороо "Бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй" гэж шийдвэрлэсэн юм. Хэрэг явдал нэгэнт ингэж шийдэгдсэн тул ТББХ, (Хууль зүйн байнгын хороо хаалттай хуралдсан) Чуулганы нэгдсэн хуралдаанд УЕП М.Энх-Амгалан нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал, саналын үндэслэлээ гишүүн тус бүр дээр нэг бүрчлэн танилцуулсныг товчлон хүргэж байна.
М.Энх-Амгалан:
-ЖДҮХСанд анх 1,041 материал орж ирсэн. Тэднээс шаардлага хангахгүй байна гэж хассаар байгаад 431 төсөл үлдсэн. Үлдсэн 431 төслөө дахин хурлаар авч хэлэлцээд 134-т нь зээл олгосон байна. Одоо яригдаж байгаа нэр бүхий хүмүүсийн оруулж ирсэн төсөл анхны шүүлтүүрээр буюу 1,041 төслөөс л хасагдчих байсан төслүүд. Төслийн материалын бүрдүүлэлт дутуу, хуульд заасан шаардлага хангаагүй. Яахаараа хэрэгжихгүй төсөл, материал бүрдүүлэлт дутуу байхад зээл олгочихож байгаа юм бэ? Үүнийг Эрүүгийн хуулинд албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг гэж үзэж байна. Эдгээр хүмүүс албан тушаалаа урвуулан ашигласан болон бусдыг албан тушаалаа урвуулан ашиглахад хамтран оролцсон учраас гэмт хэрэг гэж үзээд оруулж ирж байгаа юм. Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал оруулж ирж байгаа нь мөрдөн шалгах ажиллагааны үндсэн дээр тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгааг прокурор нягтлаад үндэслэлтэй гэж үзсэний үндсэн дээр хийж буй ажил. Өөр гишүүдийн асуудал ч шалгагдаж байгаа. Шаардлагатай бол бас оруулж ирнэ.
-Бүх зээл барьцаатай гарсан байхад ганцхан Д.Дамба-Очир гуай барьцаагүй зээл авсан байна. Д.Дамба-Очир гишүүн өөрийн компаниа дүүгийнхээ нэр дээр шилжүүлж, дүү М гэгч иргэнтэй нийлээд уул уурхайн хайгуул хийх зориулалтаар зээл авсан. Гөлтгөний үйлдвэр барина, үйлдвэрийн тоног төхөөрөмж авна гэсэн нэрийн дор зээл аваад тал мөнгийг нь уурхайн ажил руу хийсэн, талыг нь зээл авсан хүмүүс хуваагаад авчихсан байгаа юм.
-Зээлийн материалын бүрдүүлэлт, төсөл бодит байх ёстой. Г.Солтан гишүүний хүүгийн компани зээлийн материал бүрдүүлж өгөх хугацаанд жижиг дунд үйлдвэрээр бүртгэгдээгүй байсан.Тэгэхээр зээл авах шаардлагыг хангаагүй байжээ гэсэн үг. Зээлийн материалд бүрдүүлж өгсөн бичиг баримтыг нотариатаар батлуулж өгөх ёстой байсан. Гэтэл зүгээр хуулбарлаад өгсөн байна. Ингээд зээлийн мөнгө гишүүний эхнэрийн данс руу ороод банканд хүүлэгдсэн. Ийм л буруу юм хийсэн дээ.
-Л.Энхболд гишүүний хувьд албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад нөлөөлж зээл авсан байна. Авахдаа төсөл хэрэгжүүлье гэж бодоогүй юм байна. Харин өөрийнхөө бусдаас авсан зээлийг буцааж төлөх зориулалтаар авч, үйл ажиллагаа өрнөжээ гэдэг нь мөрдөн байцаалтын явцад шалгагдаж нотлогдоод байна.



