x

Лууван ба ташуурын бодлого: Шатахуун

Орос улс эрчим хүчний нөөцөө гадаад бодлогынхоо зэвсэг болгосон тухай 2011 онд АНУ-ын Пеннийн их сургуулийн судлаач Р.Ньюман ийм нэртэй нийтлэл гаргасан. Орос эрчим хүчний арвин нөөцөө найз нараа шагнах лууван, дайснуудаа шийтгэх ташуур болгосныг тодорхой жишээн дээр тайлбарлажээ. Оросын бодлогыг дэмждэг Армянь, Беларусь, Ерөнхийлөгч Кучмагийн үеийн Украйн улсуудад Оросууд онцгой хямд үнээр эрчим хүч (байгалийн хий, шатахуун) нийлүүлж ирсэн бол Гүрж, Молдавь, Балтын улсууд, Юшенко Ерөнхийлөгчийн үеийн Украйн зэрэг бодлогыг нь сөрдөг улсуудад нийлүүлэлтээ таслах, эсвэл үнээ өсгөж шийтгэж ирснийг баримтаар харуулжээ.

2011 оноос хойш ч энэ бодлого улам хүчээ авсан юм. Тод жишээ нь Киргизстан. Энэ улсад анхны ерөнхийлөгч Акаевын гэр бүл АНУ-ын цэргийн баазыг байршуулж, Манасын онгоцны буудлын түлшийг Оросын шатахуунаар цэнэглэж олон арван сая доллар олсон. Тэгвэл удаах Ерөнхийлөгч Бакиевын гэр бүл АНУ-ын баазыг нутгаасаа гаргаж Оросын баазыг байгуулан бас л шатахууныг нь нийлүүлж баяжжээ.

Нийтийн засаглал нь муу, авлигад идэгдсэн, дээр нь түлш шатахууны нийлүүлэлт нь гадаадын ганцхан орноос бүрэн хамаардаг бол аль ч орны төр засаг нь тогтворгүй, ер нь орших эсэх нь эрчим хүчний нийлүүлэгч орноосоо хамаардаг ажээ.

2010 он хүртэл Монгол улс Роснефтийн хэлсэн үнээр түлш шатахуунаа авч байлаа. Өөр ямар ч сонголтгүй байв. Тэгэхэд тус компани тонн тутам 400 долларын ашиг хийж байв. Монголын төрийн сайд энэ компани дээр очиж үнээ бууруулахыг гуйдаг байлаа. Монголчууд төдөлгүй Хятадаас, эсвэл гуравдагч өөр орноос Хятадаар дамжуулан шатахуун авч эхэлсэн. Оросууд Сингапурын Платц үнийг суурь болгосноор монголын шатахууны хамаарал харьцангуй буурав.

Харин энэ шинэ жилээс байдал өөрчлөгдөхөөр болж эхлэв.

Хоёр Ерөнхийлөгчийн Владивостокын уулзалт

Энэ оны 9-р сард МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулганд оролцож ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзав. 2019 онд Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэх, хамтарсан үзэсгэлэн, уран сайхны ба баримтат кино, ном зохиол гаргахаар тэд тохиролцов. Мөн манай Ерөнхийлөгч Халх гол сумыг ойн өмнө шинэчлэн байгуулах зураг төслөө Оросын ерөнхийлөгчид танилцуулжээ.

888164df9990f1cbb1163144b73aa269.jpg

Сарын дараа Оросын хамгийн том газрын тосны Роснефть компанийн гурван дэд захирал Улаанбаатарт ирж, Монголд хөрөнгө оруулж, газрын тосны эрэл хайгуул хийх, хурдан өсч буй түлш, шатахууны хэрэгцээг найдвартай хангах талаар Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболдтой уулзаад, Халх голын тулааны ойг тэмдэглэх, сумыг шинэчлэх төсөлд 10 сая доллар хандивлав.

Түүнээс хоёр долоо хоногийн дараа шинэ сумын шав тавих ёслол Дорнод аймгийн Халх гол суманд болж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, сумын ИТХ-ын дарга Ц.Насанхүү, сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ нарын албаны хүмүүс оролцов. Ирэх оны 8-р сарын эцэст хоёр Ерөнхийлөгч ирэхэд төсөл бүрэн хэрэгжсэн байх ажээ.

Улс орон бол компани биш

Ерөнхийлөгч Х.Баттулга авхаалжтай бизнесмен. Тэрээр ардчилсан хувьсгалын дараа ганзагын наймаа эрхэлж, улсын хамгийн том махны, талх чихрийн үйлдвэрүүд, хамгийн том зочид буудлыг (Баянгол) хувьчилж авсан. Дэлхийд хамгийн том морьтой хөшөөг барих хөрөнгийг санхүүгийн зах зээл дээрээс босгосон овсгоотой хүн. Тэр 2004 оноос хойш гурван удаа УИХ-ын гишүүн, төрийн сайдын алба хашсан. 2013 оноос Үйлдвэр Хөдөө аж ахуйн сайд байхдаа “шинэ сум” төсөл санаачилж, өөрийн нутаг, сонгуулийн тойрог Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдыг шинэчилсэн.

Ерөнхийлөгч болсныхоо дараа тэр гадаадад айлчлахдаа уулзсан ерөнхийлөгч нартаа өөрийн эхлүүлсэн, хувийн Майдар хотхоныг барихад хөрөнгө мөнгө оруулах, хандивлах саналыг тавьдаг болов. Нийслэлд хүн, машин нь багтахаа больсон байхад дагуул хот барих, хүн нь дүрвээд байхад сумдаа шинэчлэх бол сайн үйлс, гэхдээ энэ ажлыг МУ-ын Ерөнхийлөгч биш, Засгийн газар нь ярьж, хэрэгжүүлвэл төрийн ажлын ёс зүйд нийцэх юм.

Ер нь “улс орон бол компани биш ээ” (P. Krugman). Бизнесийн зарчмаар улс орныг удирдахад учир дутагдалтай. Аль нэг улсын ерөнхийлөгч өөр улсын ерөнхийлөгчөөс хөрөнгө мөнгө гуйхаар хүсэлтийг хүлээн авахад хэцүү, хүлээн авахгүй бол бүр хэцүү. Хэрэв тэр хөрөнгө мөнгө нь бизнесийн компаниар, ялангуяа төрийн өмчит компаниар дамжин бэлэг хандив хэлбэрээр орж ирэх нь шал өөр ашиг сонирхлыг дагуулдаг.

Манай Ерөнхийлөгчийн хүсэлтийг Роснефть компанийн захирал И.И.Сечин биелүүлэв. Сечин гуай сард сая долларын цалинтай ч энэ 10 сая долларыг өөрийн халааснаасаа гаргаагүй нь мэдээж. Нэгэнт л төрийн компанийн буюу Оросын татвар төлөгчдийн мөнгө учраас Монголын Ерөнхийлөгчийн Тамгын газар 10 сая доллараар нэг сумыг яаж тохижуулснаа Оросын биш юм аа гэхэд, ядаж өөрийн иргэддээ ил тод тайлагнах байх аа. Монгол бол ардчилсан төр засагтай улс.

Газрын тосны үйлдвэр бодитой юу?

Роснефтийн 10 сая долларыг монголын шатахууны зах зээлийг хянах сонирхол дагажээ. Монголын Засгийн газрын төлөөлөгчид Роснефть компанитай уулзаж Энэтхэгийн 1 тэрбум ам. долларын хөнгөлөлттэй зээлээр барих гэж буй газрын тос боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулах тухай энэ өдрүүдэд идэвхтэй ярилцаж, Москва, Улаанбаатарын хооронд харилцан зорчсоор байна.

Монголчуудын нарийн царигаар төмөр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, газрын тосоо боловсруулах зэрэг олон санааг Оросууд эсэргүүцэж ирсэн. Тэгээд л аль нь ч хэрэгжээгүй. Харин энэ удаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх газрын тос боловсруулах үйлдвэр барьж, түлш шатахуунаар гадны улсаас хамаарахгүй болно гэж амлаад, энэ төслийг хэрэгжүүлээд эхэлчихсэн байдаг. Монгол үнэхээр түлш, шатахууныхаа 95 хувийг Оросоос авдаг. Хоёр улсын худалдаа эргэлтийн 90 хувь нь монголын газрын тосны импорт. Монголчууд жилд 1.5 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж буйгаа дотооддоо үйлдвэрлэнэ гэвэл 1.5 тэрбум доллар шаардлагатай. Энэтхэгийн зээл зөвхөн газрын тосны үйлдвэр барихад л хүрэх гэнэ ээ. Хятадын компани газрын тос олборлож буй Дорнод аймгийн Тамсгийн ордоос Дорноговь аймгийн Алтанширээ сум хүртэл 670 км урт хоолой татахад 350 сая долларын хөрөнгө нэмэх шаардлагатай.

Роснефть компанийг энэ үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх, цаашдаа дутагдаж болох газрын тосыг нийлүүлэх саналыг монголын тал тавьжээ. Хариуд нь танай үйлдвэрийн хүчин чадал дэндүү бага, нефть чинь өтгөн, хоолой тавихад технологийн хувьд маш өндөр зардалтай. Танайх харин Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулж, тодорхой хувь эзэмших боломжтой гэжээ.

Ангарскийн үйлдвэр бол монголд хамгийн ойрхон, сайн чанартай бүтээгдэхүүн гаргадаг. Роснефть жилд 118 сая тонн газрын тос боловсруулж, Оросын зах зээлийн гуравны нэгийг барьдаг том компани. Тэгвэл Ангарск үүний 8.4 хувийг буюу жилд 10 сая тонн газрын тос боловсруулж байна. Гэхдээ энэ үйлдвэрийн зах зээлийн үнэлгээ хэд болох, түүний хэдэн хувийг нь монгол худалдан авах нь оновчтой, боломжтой талаар ярилцахад бол гэмгүй.  

Шинэ буудлын шатахууны хангамж

Роснефть Хөшгийн хөндийн шинэ онгоцны буудлыг авиа керосиноор хангах, хуучин шинэ хоёр буудлын онгоцны түлш цэнэглэх комплексийг ашиглах урт хугацааны концессийн гэрээ яаралтай байгуулах, өөрийн шатахуун түгээх станцыг монголд барих санал тавьжээ.

4433327b72eb0ad780f085853e6feff8.jpg

2008 онд С.Баяр Ерөнхий сайд байхдаа энэ компанийг монголд 100 шатахуун түгээх станц барихыг дэмжиж байсан ч УИХ дээр очоод гацсан.Эдүгээ монголд газрын тосны бүтээгдэхүүний (ГТБ) дотоодын зах зээлд борлуулах тухай тусгай зохицуулалт хуулинд орсон. ГТБ-ий тухай хуулийн 7.2-т “Монгол улсад ГТБ-ий 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харьяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно” гэж заасан байгаа.

Роснефть сүүлийн жилүүдэд Сод Монгол компанитай 50:50 хувиар хамтарсан Мэргэ ван компаниар дамжуулан Буянт Ухаа дахь онгоцны буудалд керосин нийлүүлж ирсэн. Монголд керосин нийлүүлдэг бас А-жет гэдэг өөр компани (Eznis co) байдаг учир авиа компаниуд саяхан болтол сонголттой байжээ.

Шинэ онгоцны буудлыг ажиллуулахдаа шатахууныг нь бас л сонголттой байхаар зохицуулах хүлээлт байгаа. Онгоцны бензин дээр хоёр төрлийн стандарт буюу Оросын ТС-1 ба олон улсын JetA-1 гэсэн төрөл байдаг. Хоёуланг нь авиа компаниуд хэрэглэдэг бөгөөд харин далавчинд нь ортол нэг саванд хольдоггүй ажээ. Тэгвэл Засгийн газраас Япончуудад удаа дараа хүсэлт тавьсаар шинэ онгоцны буудал дээр тус бүр нь 2000 тоннын дөрвөн саваа бүгдийг нь зөвхөн ТС-1 байхаар тоноглуулжээ. Хэрэв нөгөө стандартыг сонгох боломжтой байлгана гэвэл шинээр хоёр ч сав барих ажээ.

Монголын улс төр-бизнесийн бүлэглэлүүд шинэ онгоцны буудлын онгоцыг цэнэглэх эрхийн төлөө ширүүн өрсөлдөж байна. Харин эцсийн дүндээ онгоцны болон машины шатахууны хангамжийг Роснефть бүхлээр нь авах үйлдэл өрнөж байна.

Шатахууны хангамжийн бяцхан сүвэг

Улс орны шатахуун түгээх салбарыг гадаадын нэг компанид өгөх нь эдийн засгаа хараат болгох магадлал өндөр. Тиймээс Монголчууд Оросуудаас гадна, урд хөршөөсөө, эсвэл түүгээр дамжуулж авдаг үнэ өндөр ч гэсэн зүүний сүвэг шиг жижиг боломжоо авч үлдэх хэрэгтэй. Бид шатахуунаараа бяцхан ч бай, сонголттой байх учиртай.   

Д.Жаргалсайхан /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 10 цаг 31 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 10 цаг 41 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 11 цаг 44 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 12 цаг 1 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 12 цаг 1 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 12 цаг 9 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 12 цаг 21 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 12 цаг 35 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 12 цаг 38 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана 12 цаг 51 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ 12 цаг 55 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ 13 цаг 8 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 13 цаг 44 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна 15 цаг 58 мин Палестиныг дэмжигчид Пентагоны шефийн гэрийн урд өтгө бууц асгажээ 16 цаг 2 мин Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бохир" мөнгөөр дарах уу? 17 цаг 9 мин Ж.Чинбүрэн: Шалгалтын ажилд санаатай саад хийж буй албан тушаалтанд хууль заасан хариуцлага тооцно 18 цаг 6 мин Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 18 цаг 40 мин Оросын ХАБА-ны тэргүүн Бортников: АНУ, Их Британи, Украин Москвагийн террорт хамаатай 19 цаг 33 мин ОРОС дахь АЛЛАГА 20 цаг 30 мин
iИх уншсан
Хуулиар засаглах биш, хуульчдаасаа хулгайлдаг ТӨР Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Богд хаант Монгол төрийг устгасан нь Д.Амгалан: Хувийн хэвшлийнхэн төрийн албан хаагчдыг цалинжуу... 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” ОРОС дахь АЛЛАГА Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б...
Top