x

Төв банк

Төв банк (зарим газар “Нөөцийн банк”, “Мөнгөний мэдэл” гэх мэтээр нэрлэдэг) бол улсын валют, хүү, мөнгөний нийлүүлэлт зэрэгт мэнэжмэнт хийдэг бие даасан инстүүц юм. Төв банк нь мөн тухайн улс орон дахь арилжааны банкны тогтолцоо, хандлагыг тодорхойлох үүрэгтэй. Арилжаны банкнаас ялгаатай нь мөнгөний суурийг тэлэх онцгой эрх эдэлдэг, иймээс ч өөрийн бодлогын хүрээнд тухайн улсын баталгаажсан мөнгөн тэмдэгтийг хэвлэн гүйлгээнд оруулах эрхтэй. Төв банк нь санхүүгийн хямралын үед “сүүлчийн арга хэмжээ” гэгдэх арилжааны банк болон санхүүгийн бусад байгууллагад бэлэн мөнгө гаргаж өгөх “аргагүй хамгаалалт” хийх эрхтэй байдаг. Арилжааны банкуудыг хянаж зохицуулж байх үүргийнхээ хүрээнд шаардлагатай үед тэдний дампуурлыг зарлах, хаах эрх эдлэнэ.

Тогтворжсон тогтолцоотой орнуудад Төв банкийг улс төрийн нөлөөнөөс ангид байлгахаар зохион байгуулан зохицуулсан байдаг. Энэ нь төрийн гүйцэтгэх ба хууль тогтоох инстүүцээс аль болох ангид, тэдний хяналт маш хязгаарлагдмал байхаар зохицуулжээ. Бие даасан байдал гэдэг нь Төв банк өөрийн бодлогоо хөндлөнгийн инстүүц болон хүний оролцоогүйгээр шийдэх эрхийн тухай яриа. 

Төв банк нь эдийн засгийн ба улс төрийн хараат бус байдлаар бие даасан шинжээ хадгална. Эдийн засгийн хараат бус байдал гэдэг нь Төв банк мөнгө зээлийн бодлогоо ямар ч хязгаарлалтгүйгээр бие даан шийдэж өөрийн тавьсан зорилгоо хэрэгжүүлэхийн тулд авах арга хэмжээгээ өөрөө сонгон шийднэ.Улс төрийн бие даасан байдал гэдэг нь Төв банк удирдлагаа сонгох, мөнгө зээлийн бодлогоо боловсруулахдаа Засгийн газартай зөвлөлдөх шаардлагагүй. Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал нь Төв банкны орлогын хуваарилалтад оролцох, удирдлагын сонголтод нөлөөлөх, Төв банкны мөнгө зээлийн бодлогод нөлөөлсөн хууль гаргах, Төрийн зардлыг шууд ба шууд бусаар Төв банкаар санхүүжүүлэх сонирхолтой байдаг учир энэ болгоныг нэг бүрчлэн хориглосон хуулийн хүрээнд ажлаа явуулах ёстой.

Монгол улсын хууль тогтоомжоор Монгол банк нь (манай Төв банкны оноосон нэр шүү дээ) Улсын их хурлын удирдлагад байдаг. Уг нь энэ нь ерөнхий хяналт болохоос бодлого болон ажил төрөлд нь хөндлөнгөөс оролцох эрх гэж тодорхой заагаагүй учир Төв банк дээр дурьдсан бие даасан байдлаа хадгалах хамгаалах бүрэн эрхтэй юм л даа. Даанч тэгэж чаддаггүй, сонгууль болгоны дараа бүлэглэлүүд өөрийн хүнээ удирдлагад тавьдаг, өнөөх нь юун гүйцэтгэх болон хууль тогтоох инстүүцийн гэхээсээ бүлэглэлийн толгойлогчдын дарамтан дор тэдэнд өрөө төлөх гэж гүрдийтлээ зүтгэдэг явдал уламжлалт заншил болжээ. Хараат бус инстүүц байж чадахгүйгээр ямар ч орны Төв банк өөрийн үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй. Яг л хараат бус бие даасан Шүүх байх ёстой гэдэг шиг.

Болдог бол хагас нүүр дээрхийг гишүүд, сайд нарт цээжлүүлчихмээр. Учир нь тэд Төв банкны мөнгийг өөрсдийнх нь юм, захиран зарцуулах эрх нь өөрсөдөд нь байдаг, дуртай үедээ шалгаж заавар зөвлөлгөө өгч байх ёстой, дургүй хүргээд байвал даргыг нь (Уг нь “Ерөнхийлөгч” гэдэг юм) хэзээ ч сольж болно, “Чамайг би томилсон” гэж загнах эрхтэй гэж бодоцгоодог. Бодох ч юу байхав, ерөөсөө тэгэж аашилдаг. Ийм нөхцөлд Төв банк ерөөсөө үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй. Ийм бол Төв банктай байх ч хэрэг үгүй, Сонгуульд ялсан бол Төв банк тухайн ялагчдын бодлогыг хэрэгжүүлэх ёстой гэдэг бол тэдний хувьд дэндүү ойлгомжтой аксиом юм. Мэргэжлийн бус тэдэнд ямар үхснийх нь бодлого байх вэ дээ, тиймээс муйхар шаардлага, тэнэг аашаа бодлого гэж үзнэ. Харсаар байтал сая төгрөг, тэрбум юанийг хооронд нь ялгах чадваргүй гишүүд гэнэт шалгагч болон очиж “15 тэрбум доллар салхинд хийсгэчихсэн байна” хэмээн чаралсаар орж ирнэ. УИХ Төв банкийг шалгах эрхтэй байж магадгүй, гэхдээ үүнийг мэргэжлийн хүмүүсээр хийлгээд тайлан дүгнэлтийг нь сонсох учиртай. Ерөөсөө ч аль ч салбарт хийж буй УИХ болон ЗГ-ын шалгалтыг мэргэжлийн комисс хийж дүнг нь тэд сонсож байх ёстой юм л даа. Энэ улсын хамгийн дорой мэдлэг боловсролтойчууд нэг газар бөөгнөрчихөөд байгаагаа ойлгохгүй юм. Ядахнаа л валют зохицуулалтын хууль, Викселийн хууль зэргийн төв банк өөрөө санаачилж баймаар.

Төв банкийг шалгаж шаардаж бодлогыг нь шүүмжилж, сайшааж байх эзэн нь олон нийт юм. Сүүлийн үед тэргүүлэх орны Төв банкууд мэдээллийн хэрэгслэлээр бодлого болон шийдвэрээ байнга мэдээлж байх болжээ. Үүний дотор нийгмийн сүлжээгээр мэдээгээ тарааж амьд холбоо тогтоох нь хамгийн үр дүнтэй гэж үзэж байна. Төв банкууд твитэрийг их ашиглах боллоо. Фэйсбүк дээр арай цөөн. Гаргаж буй шийдвэрээ ютюб дээр видеогоор ч цацдаг болж. Манай Төв банкны шийдвэр бодлого дандаа нууц явсаар ирсэн. Тиймээс тэндхийн шийдвэр гаргагчид валютийн наймаачидтай хамтран спекуляци хийсээр ирсэн нь нууц ч юм биш.

Дэлхий даяар алдартай Германий Хроник хэвлэлийн газраас дэлхийн түүхийг зуунаар, жилээр, сараар, өдрөөр тэмдэглэдэг номнууд хийдэг. Тэндэхийн “Хорьдугаар зууны хроник - өдөр өдрөөр” хэмээх бараг төө шахам зузаан номд Монголын тухай дөрвөн газар тэмдэглэсэн байна билээ. 1910 оны (сар өдрийг нь мартаж) Оросын цэрэг Монголд нэвтрэв (Туваг хэлж буй бололтой), 1924.11.26- Монголд зөвлөлт маягийн засаг тогтов, 1991.5.20 – Монголд Төв банк байгуулагдав гэж байсан шүү. Үүнээс өмнө Монголд Төв банк байсан гэхэд хэцүү. 1925 онд “анхны” гэгдэх банк байгуулагдсан гэх авч нэг талаас өмнө нь Монголд арилжааны банк байсан, хоёрт, зөвлөлтүүдийн байгуулсан тэр банк арилжааных уу, эмиссийнх үү, үндэснийх үү, гадных уу зэрэг нь ойлгогддоггүй. Төгрөг нэртэй анхны эмисс хийсэн боловч дэвсгэрт дээр гарын үсэг зурагсад нь оросууд байдаг.

1937 онд Зөвлөлтийн цэрэг Монголд орж ирэхэд тэр жил болсон их хядлагыг газар дээр нь зохион байгуулсан Бүрэн эрхт төлөөлөгч Мироновоос Москва руу бичихдээ “Манай цэргийн ангиуд энд ирээд байрлаж төвхнөхтэй холбогдон монгол төгрөг их хэмжээгээр хэрэг болж байна. Монгол банкны нийт нөөц 7 сая төгрөг байгаа нь улс даяар таржээ. Улаанбаатарт ердөө 2 сая 300 мянган төгрөг байна. Иймээс нэн дарай 10 сая төгрөг үйлдэн нааш шилжүүлэхийг Госзнакт үүрэг болгож шинээр хэвлэсэн мөнгийг яаралтай ирүүлнэ үү” гэжээ. Хүсэлтийг яаралтай биелүүлж илгээсэн. Хонь 50 мөнгө, бүдүүн шар үхэр 10 төгрөгийн үнэтэй байснаа энэ шийдвэрийн дараа цай 10 төгрөг болсон юм. Ингэхээр Үндэсний Төв банк байсан гэхэд хэцүү.

1991 онд Бямбасүрэнгийн Засгийн газраас монгол төгрөгийн ханшийг хоёр дахин унагах 20 дугаар тогтоол гарсныг ихэд муулдаг. Монголд байрлаж байсан 100 мянган зөвлөлт цэрэг, тэдний эхнэр хүүхдийн дунд Ленинградад хэвлэгддэг төгрөг хичнээн байсныг Монголын ганц байсан банк нь мэддэггүй байсан. Тэдний гар дээр байгаа мөнгөний ханшийг огцом унагаж байж нийт төгрөгийнхөө баримжааг олж мэдэн удалгүй шинэ эмисс хийсэн нь тухайн үедээ тун оновчтой, эдийн засгийн хувьд зайлшгүй хийх ёстой байсан арга хэмжээ юм. Тэрний дараа л үнэнгээсээ Монголд анхны үндэсний Төв банк байгуулагдсан юм шүү дээ.

Монгол банкны анхны Ерөнхийлөгч Жаргалсайхан, дараа нь Моломжамц, Үнэнбат, Чулуунбат, тэгээд богино хугацаанд бас нэг нөхөр, дараа нь Пүрэвдорж, Золжаргал, Баяртсайхан гээд дараалж байна. Үнэнийг хэлэхэд бүгдээрээ сонгуульд ялсан намын төлөөлөгчид. Яг бие даасан хараат бус бодлого баримталж ажилласан нь хэд юм бол? 1992-96 онд тогтож байсан Засгийн газрын үед инфляци 360 хувь хүрч мөнөөх 1937 оны рекордыг эвдэж байлаа. Олон Ерөнхийлөгч (мэдээж Төв банкны) Засгийн газрын хуралд суун Ерөнхий сайдаас үүрэг даалгавар аван гардаг байсан. Үүнийгээ бас зөвшилцөл гэж хөөрхөн нэрлэнэ ээ, болоогүй. Ажигласнаар Пүрэвдорж л Ерөнхий сайдын үгэнд ордоггүй байсан байх юм. Үнэнбат ердөө 6 сая долларын нөөцтэй банкийг аваад төгрөгийн ханшийг тэр даржин үед тогтоон барьж чадсан. Энэ ханш дээшээ доошоо савалгаатай боловч бараг 20 жил төвшингөө хадгалсаар ирсэн юм шүү.

Золжаргал Ерөнхийлөгчийн мөнгөний бодлого маш буруу байсан. Үүнийг би өөрт нь ч хэлж байсан, сонин хэвлэлд ч бичиж байсан. Тэрээр нөөцийн мөнгийг барилга үйлдвэрлэл, зам тавихад хайр найргүй зарцуулж байсныгаа “нүх ухуулаад цалин өг, эргэж булуулаад бас мөнгө төл” гэсэн Кэйнсийн бодлогоор тайлбарлаж хүмүүс мөнгөтэй болбол худалдан авалт өргөжиж эдийн засаг сэргэнэ гэж мэтгэж байлаа. Гэвч улсын даржин нөөц шавхагдсан ба энэ хооронд барилгууд ч дууссан юм байхгүй балгас болж, зуун жилийн дараа ч өртгөө нөхөж чадахгүй баахан замтай боллоо. Барилга, зам бол Засгийн газрын ажил, Төв банк төгрөгөө арчилж, инфляцийг доод төвшинд барьж байх үндсэн үүрэгтэй.

Улс төр, эдийн засгийн бодлогод хаана ч алдаа дутагдал гардаг. Чөлөөт ардчилсан оронд үүнийг шүүмжилдэг болохоос шийтгэдэггүй. Гэтэл дараа нь гарч ирсэн засаг хөөрхий Золушкаг бодлогын алдаа гаргасных нь төлөө шоронд хийж шонд дүүжлэхийг шаардах болсон. Бас арай ч ингэдэггүй юмаа. Монгол банкны Ерөнхийлөгч хувьдаа мөнгө төгрөг идсэн бол тэр нь эрүүгийн хэрэг, үүнийхээ төлөө ял шийтгэл авах ёстой. Бодлогын алдаа гаргаагүй нэг ч Засгийн газар 1911 оноос тоолоод ганц ч байхгүй. Монгол банк гэгдэх манай Төв банкны хамгийн том уламжлалт алдаа бол бие даасан хараат бус ажиллагаатай байж чаддаггүй. Эзэн нь богино хугацаанд төрийн эрх мэдэл авдаг, энэ хооронд Төв банк нь эзэндээ ачийг нь хариулах гэж зүтгэдэг. Гэтэл эзэн гэгдээд байгаачууд нь голдуу банк санхүү байтугай 35 үсгээ бүрэн тогтоосон нь эргэлзээтэй эрхэмүүд шүү дээ. Харин ч алдаатай боловч Золжаргалд өөрийн гэх бодлого байсан юм шүү. Буруу л тооцоолсон. 

Засгийн газар инфляци үүсгэх сонирхолтой байдаг. Ингэснээр бага мөнгө төлөх учир цаад натур нь үүн рүү түлхэнэ. Үүнээс нь хамгаалах инстүүц бол Төв банк. Сонирхлын ийм том зөрчилтэй учраас төлөвшсөн орнуудад Төв банкны Ерөнхийлөгчийг гүйцэтгэх ба хууль тогтоох байгууллагын төлөөлөгчидтэй санаандгүй байдлаар ч биечлэн уулзахыг хуулиар хориглодог юм билээ. Манайх шиг Санхүү - Эдийн засгийн яам (нэг нь мөнгө цуглуулдаг нөгөө нь мөнгө тараадаг эсрэг тэсрэг үйлдэл), Шударга өрсөлдөөн – хэрэглэгчийн ашиг хамгаалах агентлаг (нэг нь үнэ буулгаж зах зээлд дэмпингээр монопол тогтоохын эсрэг, нөгөө нь үнийг аль болох доош татах эсрэг тэсрэг чиглэл) байгуулдаг байтугай ажиллуулдаг улс оронд Ерөнхий сайд, Төв банкны Ерөнхийлөгч хоёр сиямын ихэр гэгч шиг шадарлан өвөртөө унтах шахан хамтарч ажиллаад байгаад гайхах ч юу байхав дээ.

Б.Баабар /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ор үндэсгүй, баримт нотолгоогүй үлгэр бичиж түүнээсээ таашаал авсан эргүү одой хүн зайл!!! (192.82.65.56)
    Зах зээлийн талаар А ч гүй таадгар хар тарвган Баабар гадны хулгайч нартай нийлэн Ардын банк, Сэргээн Босголтын банкыг дампуурсан хэмээн худал хэлж татан буулгаад байсан бүх хөрөнгийг нь ДЭЭРЭМДЭЖ Голомт банкинд, заримыг нь гадаадад гаргаж идсэн Луйварчин шүү дээ. Элэнцэгийн чинь Орос, морос?????? Ор үндэсгүй, баримт нотолгоогүй үлгэр бичиж түүнээсээ таашаал авсан эргүү одой хүн зайл!!!
    2018 оны 12 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна 2 цаг 39 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь 2 цаг 43 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 2 цаг 43 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 2 цаг 46 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 2 цаг 48 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 2 цаг 51 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 2 цаг 54 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 2 цаг 54 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 3 цаг 55 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 4 цаг 7 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 4 цаг 31 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 5 цаг 40 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 6 цаг 5 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 6 цаг 29 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 6 цаг 36 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 6 цаг 51 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 7 цаг 14 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 7 цаг 19 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 7 цаг 22 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв Өчигдөр 16 цаг 28 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ?
Top