x

Хог хаягдлын менежментийн асуудлаар Байнгын хороо хэлэлцэж, ажлын хэсэг байгууллаа

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 12 цаг 23 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг сонслоо.

Сүүлийн жилүүдэд хүн ам өсөн нэмэгдсэнээр хог хаягдлын хэмжээ ихсэж байгааг Б.Батбаатар сайд мэдээлэлдээ онцлов. Харин аюултай хог хаягдлын хэмжээ 2023 онд 433.9 мянган тонн болж, 2022 онтой харьцуулахад 133.5 мянган тонноор буурсан. Үүнд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаас үүссэн хог хаягдал 138.1 тонноор буурсан нь нөлөөлсөн гэж байлаа.

Гэхдээ цахилгаан станц, дулааны үйлдвэрлэлээс үүссэн аюултай хог хаягдлын хэмжээ 2023 онд өмнөх оноос 1.8 мянган тонн, уул уурхайн үйл ажиллагаанаас үүссэн аюултай хог хаягдал 2.5 мянган тонн, арьс шир, үслэг, ноос ноолуур, ээрмэлийн үйлдвэрлэлийн аюултай хог хаягдал 0.1 мянган тонноор тус тус өссөн гэж мэдээлэлд дурдав.

2020 онд нийт аюултай хог хаягдлын 76.7 хувийг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, 21.4 хувийг цахилгаан станц, дулааны үйлдвэрлэл эзэлж байсан бол 2023 онд 36.1 хувийг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, 43.3 хувийг цахилгаан станц, дулааны үйлдвэрлэл, 20.1 хувийг уул уурхайн үйл ажиллагаа эзэлж байгаа аж. 

Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 онд баталсан бөгөөд аюултай хог хаягдлыг савлах, түр хадгалах, тээвэрлэх, устгах, хадгалах цуглуулах, дахин боловсруулах үйл ажиллагаа эрхлэх болон байгууламжийн байршилд тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэгчийг бүртгэх зөвшөөрөл олгох, хяналт шинжилгээ хийх, тайлагнах зэрэг аюултай хог хаягдлын менежменттэй холбоотой зохицуулалтыг шинээр тусгасан. Энэ хүрээнд аюултай хог хаягдлын цахим мэдээллийн сан үүсгэж, үүсгэгчийн бүртгэлд одоогийн байдлаар 2088 аж ахуйн нэгж байгууллага бүртгэгдэж, аюултай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр буюу эрүүл мэндийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах, хаягдал аккумлятор дахин боловсруулах, хаягдал техникийн тос дахин боловсруулах зөвшөөрлийг улсын хэмжээнд 26 аж ахуйн нэгж байгууллагад олгосныг Б.Батбаатар сайд мэдээлэлдээ онцлов.

Салбарын хяналтын газраас 2023-2025 онд давхардсан тоогоор энгийн болон аюултай хог хаягдал үүсгэгч, дахин боловсруулах үйл ажиллагаа эрхлэгч нийт 3692 объектыг хяналт шалгалтад хамруулж, давхардсан тоогоор нийт 2211 зөрчил дутагдал илрүүлж, 1637 буюу 74 хувийг нь арилгуулж, 326 этгээдэд 138.400.000.0 төгрөгийн торгох шийтгэл, 1,067.147.140.0 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулсан байна.

Мөн тэрбээр мэдээлэлдээ, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 377 дугаар тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газрын зориулалтаар 20 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, 2022 онд Байгаль орчинд нөлөөлөх байдлын урьдчилсан судалгаа, дүгнэлтийг боловсруулж, 2025 онд Аюултай хог хаягдлын байгууламжийн орлого, зарлагын эдийн засгийн тооцооллыг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлж, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу Эдийн засаг, хөгжлийн сайдад аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламжийн төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах хүсэлтийг хүргүүлээд байгааг дурдлаа.

Улсын хэмжээнд аюултай хог хаягдлыг түр хадгалах тээвэр, логистикийн сүлжээ бий болгох зорилгоор аюултай хог хаягдлын жишиг зургийг мэргэжлийн байгууллагаар батлуулж, 2020-2024 онд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны санхүүжилтээр 15 аймаг, нийслэлд барьж, байгуулахаар төлөвлөн ажилласан. Одоогийн байдлаар Архангай, Өвөрхангай, Булган, Дундговь, Дархан-Уул зэрэг таван аймагт баригдаж дууссан бол, барилгын ажил зогсонги байдалд ороод буй 10 аймагт барилгын ажлуудын гүйцэтгэл 70-80 хувьтай байна. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо татан буугдаж, санхүүжилтийн хүндрэл үүссэн хэдий ч 2026 оны Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын багцад 1.2 тэрбум төгрөгийн төсвийг тусгасан гэж байлаа.

Түүнчлэн Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны 51 дүгээр тэмдэглэлийн дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлтэй зээл олгох жагсаалтад  хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн салбар 2024 оноос эхлэн хамрагдаж, одоогоор таван аж ахуйн нэгжид 594.5 сая төгрөгийн зээл олгосон хэмээн мэдээлэлд дурдсан байв.

Цаашид олон улсад баримталж байгаа “Үүсгэгч нь хариуцах”, "Бохирдуулагч нь төлөх” зарчмуудыг хангах зорилгоор үйлдвэрлэсэн болон импортолсон зарим бараа, бүтээгдэхүүний хэрэглээнээс үүсэх хаягдал, сав баглаа боодлыг эргүүлэн татаж цуглуулах, дахин ашиглах, боловсруулах асуудлыг үйлдвэрлэгч болон импортлогч нь хариуцах, үүсгэсэн хэмжээнээсээ хамаарч төлбөр, хураамж тооцох, эрх зүйн зохицуулалтууд бий болгох чиглэлээр Хог хаягдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан батлуулахаар ажиллаж байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцлон тэмдэглэсэн.

Мэдээлэлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат энгийн хог хаягдал нь хүрээлэн буй орчин, хүмүүсийн амьдралын чанарт нөлөөлж байгааг онцлоод салбарын яамнаас хог хаягдлын менежментийн талаар баримталж буй бодлого болон Байгаль орчны багц хуулийн төслийг хэдийд өргөн мэдүүлэх болсон талаар лавлав.

Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, аюултай хог хаягдалд эзэлж буй  эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаас үүссэн хог хаягдал 46.8 хувиар буурсны шалтгаан нөхцөлимйг лавлаад цаашлаад Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламжийн барилгын ажил удааширсан шалтгааныг тодрууллаа. Мөн Хог хаягдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд эрх зүйн орчныг сайжруулахаар тодорхой ямар зохицуулалт тусгасныг сонирхож байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл айл, өрхүүд хог хаягдлаа ангилан, ялгаад тавихаар хог ачихдаа бүгдийг нь хамж аваад нэг газар овоолж байгаа тулгамдсан асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх шаардлагатайг онцлоод Хог хаягдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хогийг үүсгэгч нь хариуцах, бохирдуулагч нь төлөх зарчмыг тусгахдаа нарийвчлан нягтлах нь зүйтэй гэсэн санал хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар Монгол Улс хог хаягдлаа ангилан ялгах, дахин боловсруулах, устгах тулгамдсан асуудалдаа дорвитой шийдэл гаргалгүй, ажил хийлгүй ирсний илрэл нь нийслэл, аймаг, сум, аялал жуулчлалын бүс нь хогондоо дарагдаад байгаа явдал гэв. Цаашлаад хог хаягдлын менежментийг хийж чадахгүй байгаа шалтгаан нь хуулийн хэрэгжилт, төсөв хөрөнгө, ангилан ялгалт, зохион байгуулалтын аль хүчин зүйлтэй нь холбоотой байгааг тодруулав.

Мөн гишүүд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нэн тэргүүнд аймаг, сумдын засаг дарга нартай ярилцаад энгийн хог хаягдлыг цэгцлэхэд ямар асуудал байгааг судлаад, ярилцаад шийдвэрлэх, холбогдох хууль тогтоолын хэрэгжилтэд бодитой үнэлгээ хийлгэх шаардлагатай гээд  мөн хог үүсгэгч нь хариуцах, бохирдуулагч нь төлөх зарчмыг төсөлдөө хэрхэн, яаж тусгах нь хамгийн чухал асуудал гэж байв. Түүнчлэн хог, хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих, улмаар хог хаягдлыг салбар салбарын яамдууд нь хариуцуулахаар дундын асуудалд хэрхэн менежмент хийх, хэн зангидаж, яаж шийдвэрлэх талаар зохицуулалтуудыг хуулийн төсөлд тодорхой тусгахыг хүслээ.

Үргэлжлүүлэн мэдээлэл сонссонтой холбогдуулан “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. 

Уг тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.8 хувь нь дэмжлээ.

Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл ахалж, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, С.Ганбаатар, Ж.Золжаргал, А.Ундраа, С.Одонтуяа, Б.Уянга, Т.Мөнхсайхан нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 3 цаг 34 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 3 цаг 48 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 3 цаг 59 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 4 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 5 цаг 22 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 21 цаг 27 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 21 цаг 28 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 21 цаг 29 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 21 цаг 30 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 21 цаг 47 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 21 цаг 47 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 21 цаг 48 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 21 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Өчигдөр 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Өчигдөр 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Өчигдөр 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Өчигдөр 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Өчигдөр 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top