Бутаны Хаант улсын хөдөө аж ахуйн салбарынхан өмнө нь монгол сарлагийн үр хөврөлийг амжилттай суулгаж туршсан бол энэ удаад адуу, хонины үр хөврөл суулгах зохиомол хээлтүүлгийн арга барилыг судлахаар Монгол Улсад хүрэлцэн иржээ. Тус улсын төлөөлөгчид ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнтэй уулзах үеэрээ энэхүү хүсэлтээ илэрхийлж, хоёр орны төрийн тэргүүн нарын тохирсон хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсаас өнгөрсөн онд Бутанд сарлаг, адуу, хонины гүн хөлдөөсөн үр хөврөл илгээсэн талаар дурдав. Бутаны Хөдөө аж ахуй, мал аж ахуйн яамны Судалгаа, шинжилгээний техникийн багийн ахлагч Товчу Рагбэй монгол сарлагийн үр хөврөл суулгах ажил амжилттай хэрэгжиж, удмын санг сайжруулахад бодит хувь нэмэр оруулж байгааг онцоллоо.
Төлөөлөгчид энэ сарын наймны өдрөөс арван дөрөвний хооронд Говьсүмбэр, Архангай, Орхон, Дархан-Уул аймгуудад ажиллаж, зохиомол хээлтүүлгийн чиглэлээр туршлага судалж байна. Уг хөтөлбөрийг ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулжээ.
Монгол, Бутаны хоёр тал 2024 онд “Өндөрлөг нутгийн мал аж ахуй, бэлчээрийг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааны тухай” харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд энэ удаагийн уулзалтаар уг гэрээний хэрэгжилтийн явцыг хэлэлцсэн байна.