x

Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч, эрхэмсэг хатагтай Саманта Мостин манай улсад төрийн айлчлал хийж байна.

Амбан захирагчийн түвшинд 31 жилийн дараа хийж буй энэхүү айлчлал нь Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь манай улсын чухал түнш, гуравдагч хөрш Австрали улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой түүхэн үйл явдал мөн.

Австралийн нийгмийн төлөө амьдралаа зориулсан эмэгтэй

Хатагтай Мостин улстөрчийнхөө хувьд дэлхий дахинд төдийлөн танигдаагүй боловч бизнесийн салбар, нийгмийн сайн сайхны төлөөх хүмүүнлэгийн үйлсэд оруулсан хувь нэмрийг нь австраличууд ба бүс нутгийн улс орнууд өндрөөр үнэлдэг. 

Бизнес эрхлэгч бөгөөд хүйсийн тэгш байдлыг хамгаалан тэмцэгч тэрбээр 2024 оны долоодугаар сарын 1-ний өдөр Австралийн 28 дахь амбан захирагчаар томилогдсоноор уг албан тушаалыг хаших хоёр дахь эмэгтэй болов.

Тэрбээр хүйсийн тэгш байдлыг хангахын төлөө, уур амьсгалын өөрчлөлтийг сөрөн зогсох, Австралийн уугуул иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудыг янз бүрийн цаг үед удирдсаар иржээ. Тухайлан дурдвал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх “Нэг сая эмэгтэй” эмэгтэйчүүдийн бүлгийг үүсгэн байгуулж, удирдаж байснаас гадна “Эмэгтэй удирдагчид” байгууллага, ClimateWorks Australia судалгааны төвийн ТУЗ-ын гишүүнээр ажиллаж байв. Түүнчлэн Австралийн уугуул иргэд ба шилжин суурьшсан иргэдийн хооронд эвлэрэл тогтооход тус дөхөм үзүүлэх зорилго бүхий Reconciliation Australia санг удирдахад оролцож байжээ.

 

 

 

 

 

 

 

Үүгээр түүний нийгмийн идэвх зогссонгүй, сэтгэлзүйн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг Beyond Blue буяны байгууллага болон Залуу австраличуудын сан, Эмэгтэйчүүдийн аюулгүй байдлын асуудлаарх Австралийн үндэсний судалгааны төвийг удирдаж байв.

Дэлхий даяарх бизнес, тогтвортой хөгжлийн асуудлаарх хараат бус Комиссын зөвлөлд багтаж, олон улсын хөгжлийн тусламж үзүүлдэг төрийн бус байгууллагуудын холбоо болох Австралийн олон улсын хөгжлийн зөвлөлийн ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Мөн “Mirvac”, “Citi Australia”, “Transurban”, “Virgin Australia” зэрэг Австралийн тэргүүлэгч компаниудын удирдах зөвлөлд ажиллаж байсан асар их туршлагатай.

Түүнээс гадна, 2005 онд Мостин Австралийн хөл бөмбөгийн лигийн комиссараар томилогдсоноор уг албан тушаалыг хашсан анхны эмэгтэй болсон бөгөөд 2017 оныг хүртэл 10 гаруй жил ажиллажээ. Үүнээс хойш “Sydney Swans” хөл бөмбөгийн клубийг зургаан улирлын турш удирдсан байна. Хоёр жилийн дараа Австралид спортыг санхүүжүүлэх асуудлаар санал боловсруулах шинжээчдийн бүлгийн гишүүнээр ажиллажээ. Мостин спортын салбарт эмэгтэйчүүдийг тууштай дэмжсээр ирсэн бөгөөд мэргэжлийн эмэгтэй тамирчдад зориулсан Minerva Network гэдэг хөгжлийн хөтөлбөрийг санаачилсан байна. Энэ мэтчилэн түүний хуримтлуулсан арвин баялаг туршлагыг нь харгалзан 2022 онд байгуулагдсан Э.Албанизын засгийн газар Мостиныг эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх тэгш байдлыг хангах асуудал эрхэлсэн ажлын хэсгийн ахлагчаар томилжээ.

Нэгэн биеэр хийж барамгүй нийгэмд тустай ажлуудыг гүйцэлдүүлж чадсан С.Мостины нийгмийн шударга ёс, жендэрийн тэгш байдал, байгаль орчны тогтвортой байдлыг хангахын төлөөх хүчин зүтгэл, нөр их хөдөлмөрийг үнэлэн 2024 онд Австралийн одонгоор шагнажээ. Мөн 2020 онд түүнд НҮБ-ын өдрийг тохиолдуулан хүндэт шагнал, 2018 онд Австралийн үндэсний их сургуулиас хууль зүйн ухааны хүндэт доктор цол олгожээ.

С.Мостин өмгөөлөгч Симеон Бекеттэй гэрлэсэн бөгөөд тэд насанд хүрсэн нэг охинтой ажээ. С.Бекет бол хүний эрх, ялгаварлан гадуурхахтай тэмцэх, уугуул иргэдийн өмчлөлийн эрхийг хамгаалах зэрэг нийтийн эрхзүйн асуудлаар мэргэшсэн өмгөөлөгч хүн юм. 

Армийн офицерын охин амбан захирагчаар томилогдсон нь 

Хатагтай Саманта Мостин 1965 оны 9 дүгээр сарын 13-нд Канберра хотноо төржээ. Армийн офицерын охин тэрбээр эцгээ дагаж олон газраар аялж, Мельбурн хот, АНУ, Канадад амьдарч байжээ. Эцэг нь Дантрун дахь Эзэн хааны нэрэмжит цэргийн коллежийг төгсөж, армид 40 жил орчим алба хаасан офицер юм. Тэрбээр Вьетнамд байлдаж байх зуур бяцхан Самантаг Аделаид хотод амьдардаг эмээ нь хоёр жил асарч байв. 

Армийн офицерын охин Саманта хэлэхдээ “намайг Амбан захирагчаар томилсон нь асар их нэр төрийн хэрэг, миний эрхэмлэдэг суурь үнэт зүйлс, зарчмуудыг миний эцэг эх, миний гэр бүл надад олгосон. Би гурван охин дүүтэйгээ хамт цэргийн хүний гэр бүлд өсөж бойжсон. Нийгмийн амьдралд оролцох, бие даан боловсрол эзэмших, спортоор хичээллэж, хөгжим тоглох, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах, сайн дурын ажилд оролцох зэргээр би өөрийн дурсамжаа бүтээсэн, өсвөр насанд минь надад төрийн алба хаагчийн итгэл үнэмшил, үзэл санаа төлөвшин суусан байлаа” хэмээн тэрбээр дурсан ярьжээ.    

2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Ерөнхий сайд Э.Албанизаас ирүүлсэн саналын дагуу С.Мостиныг амбан захирагчаар томилох шийдвэрийг Чарльз III хаан гаргасан байна. Энэ шийдвэрийг ихэнх хүмүүс, тэдний дотор эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагууд, Вьетнамын дайнд оролцож байсан Ахмад дайчдын холбоо төдийгүй либерал үзэлт сөрөг хүчнийхэн хүртэл дэмжжээ. Тухайлбал, Мостиныг Амбан захирагчаар томилсныг бүгд найрамдахчуудын хөдөлгөөний тэргүүн Крейг Фостер “урам өгсөн сонголт” гэж дүгнээд, хэрвээ Австрали улс бүгд найрамдах улсын тогтолцоонд шилжсэн бол Мостин ерөнхийлөгчийн үүргийг төгс сайн гүйцэтгэж чадах байлаа гэж үнэлжээ.

Мөн Ерөнхий сайд Э.Албаниз амбан захирагчид Мостиныг нэр дэвшүүлж танилцуулахдаа “хатагтай Мостин бол манай үндэстний өнөө цагийн өөдрөг үзэлт манлайлагч юм. Түүний манлайлал нь Австралийн хувиршгүй үнэт зүйлс болох тэгш эрх, шударга ёс ба дараа дараагийн үедээ илүү сайхан ирээдүйг цогцлоохын төлөөх хариуцлагын илэрхийлэл болж байдаг. Ажил үйлстээ үнэнчээр ханддаг төрөлхийн зан чанар, бүтээлч хандлага, эх орныхоо төлөөх хичээл зүтгэлээрээ тэрбээр амбан захирагчийн үүргийг гүйцэтгэж чадна гэдэгт миний бие итгэлтэй байна” гэжээ. 

 

Хэдийгээр орчин үеийн Австралийн нийгэмд амбан захирагч гэдэг албан тушаал байх нь зохимжтой эсэхэд зарим хүн эргэлздэг боловч энэ асуудлаар 1999 онд бүх нийтийн санал асуулга явуулахад парламентаас төрийн тэргүүнийг сонгодог бүгд найрамдах улсын тогтолцоотой болохыг австраличуудын ихэнх нь зөвшөөрөөгүй юм. Ерөнхий сайд Э.Албаниз өнгөрсөн онд явуулсан “уугуул иргэдийн дуу хоолойг парламентад хүргэх” тухай санал асуулга амжилтгүй болсны дараа дахиад ямарваа асуудлаар санал асуулга явуулах шаардлагагүй гэсэн байр суурийг баримтлах болжээ. 

Үүний сацуу барууны үзэлт зарим улстөрчид, хэвлэлийнхэн улс төрийн хэд хэдэн асуудлаар Мостины байр суурийг шүүмжилж байв. Жишээ нь, уугуул иргэдийн эрх ашгийг хамгаалсан мэдэгдлүүдийг хатагтай Мостин хэдэнтээ хийснээрээ шүүмжлэлд өртжээ. Мөн Мостиныг амбан захирагчаар томилсон нь олон хүний хувьд гэнэтийн шийдвэр байсан бөгөөд учир нь тэд уугуул иргэдийн дотроос анх удаагаа амбан захирагчийг тодруулах байх хэмээн таамаглаж байв.

Австралийн Амбан захирагч бол Их Британийн хаан III Чарльзын Австралийн нутаг дэвсгэр дэх албан ёсны төлөөлөгч  бөгөөд гүйцэтгэх засаглалын тэргүүний үүргийг гүйцэтгэдэг. Амбан захирагч нь элчин сайд, сайд, шүүгч нарыг томилохоос гадна хуулийг батлах, сонгуулийн товыг зарлах, шагнал гардуулах үүргүүдийг гүйцэтгэнэ. Мөн Холбооны зөвлөлийн ерөнхийлөгч, Австралийн батлан хамгаалах хүчний ерөнхий командлагч юм. Түүнээс гадна парламентын чуулганыг зарлан хуралдуулах, түүний үйл ажиллагааг зогсоох, тараах эрх мэдэл Амбан захирагчид бий.

Өнгөц харахад ёслолын шинжтэй үүрэг гүйцэтгэдэг мэт боловч амбан захирагч нь Ерөнхий сайдыг ч халах эрх мэдэлтэй. Гэхдээ энэхүү эрхээ ашигласан тохиолдол Австралийн түүхэнд ердөө ганцхан бий. 1975 онд амбан захирагч Жон Керр Ерөнхий сайд Гоф Уитламыг огцруулсан нь Австралийн улс төрийн түүхэнд хамгийн ээдрээтэй үйл явдлуудын нэг болж тэмдэглэгдэн үлдсэн юм.

ТОДРУУЛГА:

Монгол Улсад айлчилж буй Австралийн Холбооны Улсын амбан захирагч Саманта Мостин нь тус улсын  төрийн тэргүүн бөгөөд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн үүргийг гүйцэтгэдэг. Австрали улс нь хоёр их наяд орчим ам.долларын эдийн засагтай дэлхийн тэргүүлэх 15 эдийн засгийн нэг билээ. Тэр дотроо Энэтхэг-Номхон далайн бүсийн голлох нөлөө бүхий орон юм. 

Монгол Улс нь Австралийн Холбооны Улстай 1972 онд дипломат харилцаа тогтоосон, гадаад бодлогын үзэл баримтлалаар Австрали нь манай улсын нэн чухал "Гуравдагч хөрш" оронд тооцогддог. Мөн манай хоёр улс ардчилал, эрх чөлөөний үзэл санаа зэрэг нийтлэг үнэт зүйлтэй, найрсаг харилцаатай.

Монгол Улсын 22,000 орчим иргэн өдгөө Австралид ажиллаж, амьдарч, оршин сууж байна. 

montsame.mn

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлэгтэй хамтран донтолтын эсрэг бодлого хэрэгжүүлнэ 13 цаг 33 мин 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл боловсруулж байна 13 цаг 35 мин Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа батлан харууллаа 13 цаг 35 мин Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд 5000 айлын орон сууц барина 13 цаг 38 мин Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Улаанбаатарт үерийн хамгаалалтын байгууламж барина 13 цаг 40 мин Монгол, Казахстан хоёр улсын иргэд тэтгэврийн даатгалын хугацаагаа харилцан тооцуулах боломжтой болно 13 цаг 42 мин Монгол, Герман Улс батлан хамгаалах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ байгууллаа 13 цаг 49 мин Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 13 цаг 51 мин Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 13 цаг 52 мин Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна 15 цаг 20 мин Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 15 цаг 47 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 15 цаг 47 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 15 цаг 49 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 15 цаг 50 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 15 цаг 52 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 15 цаг 55 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 15 цаг 57 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 15 цаг 57 мин Дорнодын нутгийн 77 хувь зудын хүндрэлгүй хэмээн тооцжээ 15 цаг 58 мин Б.Батцэцэг сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав 15 цаг 59 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top