Засгийн газрын 2025 оны наймдугаар сарын 6-ны ээлжит хуралдаанаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 109 компанийн тоог 87 болгох шийдвэр гаргалаа. Энэ нь нийт компаниудын тоог 20 орчим хувиар бууруулах зорилтот бодлогын эхний алхам болж байна.
Төрийн болон төрийн өмчийн оролцоотой эдгээр компаниуд өнөөдрийн байдлаар эрчим хүч, зам, тээвэр, уул уурхай, банк санхүү зэрэг 11 салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд тэдгээрийн толгой компаниуд 86, охин компаниудтай нийлээд 109 болжээ.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл мэдээлэхдээ:
-
Алдагдалтай ажиллаж буй компаниудыг татан буулгах, ашиггүй давхар бүтэцтэй байгууллагуудыг нэгтгэх
-
Захирлууд болон удирдлагын цалин хангамжийг бууруулах, үр ашигт нийцсэн цалингийн систем боловсруулж Засгийн газарт танилцуулах
-
Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг үе шаттай цөөлөх нь зүйтэй хэмээн онцоллоо.
Түүнчлэн төрийн өмчийг хувьчлах бодлогыг шинэ шатанд гаргах, УИХ болон Засгийн газрын өмнөх тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэх, цаашид төрийн эзэмшлийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаалах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл боловсруулж 2025 оны наймдугаар сарын 15-ны дотор Засгийн газарт танилцуулах үүрэг өгөгдлөө.
Мөн:
-
2025–2028 онд төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр арилжаалах
-
Өнгөрсөн 35 жилийн өмч хувьчлалын үр дүнг дүгнэх
-
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг шинэчлэн найруулах
-
Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах зэрэг эрх зүйн шинэчлэлийг хийх шаардлагатайг албаны хүмүүс онцолсон байна.
Эдгээр алхам нь төрийн өмчийн засаглалыг сайжруулж, нийгэм-эдийн засгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, ил тод, хариуцлагатай удирдлагын тогтолцоог бүрдүүлэх зорилготой гэж Засгийн газар үзэж байна.
Эх сурвалж: Засгийн газар