Өнөөдөр Төрийн ордонд болж буй Төрийн албан хаагчдын үндэсний чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, чуулганы үйл ажиллагаанд зориулан үг хэллээ. Тэрбээр төрийн албаны түүхэн хөгжлийг эргэн дурдан, хоёр мянганы тэртээгээс Их Монголын Эзэнт гүрэн, Богд хаант Монгол Улс, Ардын засаг, Ардчилсан тогтолцооны үеийг хамарсан түүхэн замналд сүүлийн гучин жилд Төрийн албаны тухай хууль батлагдаж, Төрийн захиргааны албаны зөвлөл байгуулагдсан явдал шинэ хуудас нээсэн гэж онцлон тэмдэглэлээ. Энэ хугацаанд мэргэшсэн, ил тод, хариуцлагатай, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэхэд уг зөвлөл томоохон хувь нэмэр оруулсан бөгөөд цаашид ч энэхүү эрхэм зорилгоо нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн төрийн албаны шинэчлэлийг “өнөөдрөөр амьсгалж, ирээдүйд тэмүүлэх ёстой” хэмээн тодорхойлоод, Засгийн газраас эхлүүлж буй БҮТЭЭМЖТЭЙ ТӨР-ийг төлөвшүүлэх хөтөлбөрийн хүрээнд албан хаагчдад дараах шаардлагуудыг сануулав. Үүнд:
-
аливаа асуудлыг том зургаар, тогтолцооны түвшинд хардаг аналитик сэтгэлгээтэй байх
-
хүн төвтэй хандлагыг эрхэмлэж, иргэдийн санал, хандлага, сэтгэл хөдлөлийг ойлгодог байх
-
цахим орчинд ажиллах мэдлэг, өгөгдөлд тулгуурлан шийдвэр гаргах чадвартай байх
-
бодлого хэрэгжүүлэхдээ иргэд, иргэний нийгэм, хувийн хэвшил болон бусад талуудтай хамтарч, нэг зүгт чиглэсэн нэгдмэл бодолтой ажиллах ур чадвар эзэмших
Мөн төрийн байгууллагын үйл ажиллагаа зөвхөн хууль, бичиг цааст баригдах бус дээрх шаардлагыг хангасан чадварлаг, ёс зүйтэй, иргэдэд итгэл төрүүлдэг алба хаагчдын оролцоогоор амжилтад хүрэхийг онцлон хэллээ. Ерөнхий сайд чуулганы төгсгөлд төрийн албаны бүтээмж, үр ашиг, шударга ёсыг эрхэмлэж, хамтын оролцоог тууштай дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлэв.