Өнөөдөр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүд Б.Пүрэвдорж, Ш.Бямбасүрэн, Г.Уянгахишиг, Д.Пүрэвдаваа, Н.Батсүмбэрэл нар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Хуулийн өөрчлөлтийн үндэслэл
Хууль санаачлагчдын зүгээс 2015 онд онцгой албан татварын хувь хэмжээг бензинд 400 мянган төгрөг, дизель түлшинд 520 мянган төгрөгөөр тогтоосноос үүдэж, завсрын бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэн нь гол асуудал болсныг онцоллоо. Учир нь уг бүтээгдэхүүнд онцгой албан татвар болон тусгай зөвшөөрөл шаардахгүй байгаа нь хуурамч шатахуун үйлдвэрлэх гол шалтгаан болж байна гэж үзэж байгаа юм.
Нефть үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг зарим компаниуд хуурамч шатахуун үйлдвэрлэж, иргэдийг хохироосоор байна. Тухайлбал, нафта зэрэг 19-р зуунд тракторын хөдөлгүүрт ашиглаж байсан, өдгөө зөвхөн нисдэг тэрэг, онгоцны сэнс цэвэрлэхэд ашигладаг бүтээгдэхүүний импорт манай улсад өссөөр байгаа нь энэ төрлийн түүхий эдийн хольцтой хуурамч шатахуун үйлдвэрлэж байгаагийн нотолгоо гэж үзжээ.
Хохирол ба сөрөг үр дагавар
Хольцтой шатахуун хэрэглэснээр дараах хохирол, сөрөг үр дагаврууд үүсч байна:
- Тээврийн хэрэгслийн эвдрэл: Машины тоног төхөөрөмж амархан эвдэрч, хоёр жилийн дотор хэрэглээнээс гардаг.
- Агаарын бохирдол: Автомашины эвдрэлээс шалтгаалж хар утаа ихээр ялгаруулж, хорт бодисын улмаас агаарын бохирдол нэмэгдүүлдэг.
- Эрүүл мэндийн эрсдэл: Агаарын бохирдол нь амьсгалын замын өвчлөлийг нэмэгдүүлж байна. Ялангуяа жирэмсэн эхчүүд, бага насны хүүхдүүдийн амьсгалын эрхтэн хуурамч шатахуун хэрэглэсэн автомашинаас гарах утаанаас болж гэмтэж байгааг тайлбарлав.
Иймд уг хуульд нэн яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.