Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд ашиглах сонгуулийн автоматжуулах хэрэгслийн программ хангамж, иж бүрдлийг өчигдөр (6-р сарын 18) 19 аймгийн 68 санал авах байрын байршилд нэгэн зэрэг шалган туршлаа.
Туршилтын зорилго ба оролцогчид
Санал авах байранд ашиглах камер, ирцийн мэдээ дамжуулах систем, санал тоолох төхөөрөмж түүний иж бүрдэл, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгслийг санал авах өдрөөс өмнө шалган турших энэхүү үйл ажиллагаа нь нам эвсэл, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдэд нээлттэй явагддаг. Энэ удаагийн сонгуульд оролцож буй 4 намын төлөөлөл, 121 нэр дэвшигчийн ажиглагч шалган турших ажиллагаанд оролцож, хяналт тавьсан юм.
Шалган турших үйл ажиллагааг Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээллийн технологийн төв, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл оролцсон “Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох ажлын хэсэг зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд Сонгуулийн ерөнхий хороо болон аймаг, сумын сонгуулийн хороо, мэдээллийн технологийн 59 багийн гишүүн, 121 даамал, Улсын бүртгэлийн ерөнхий газраас хэсгийн хороодод ажиллах итгэмжлэгдсэн ажилтнууд оролцов.
Сонгуулийн хугацаа ба хамрах хүрээ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль 6 дугаар сарын 22-нд Улаанбаатарын цагаар 07:00-22:00 цагт болно. Ийнхүү 2 аймгийн ИТХ-ын хоёр, 17 аймгийн 52 сумын ИТХ-ын 61 мандатад зохион байгуулах нөхөн сонгуулийн бэлтгэлийг бүрэн хангасан байна.
Сэтгэгдэл (1)