Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 2025 оны зургадугаар сарын 17-ны хуралдаанаа гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр эхлүүлж, зургаан асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэв. Хуралдааныг УИХ-ын гишүүн А.Ундраа даргалсан бөгөөд эхний асуудлаар “Хот байгуулалтын тухай хууль”-д нэмэлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулж, гишүүн Г.Лувсанжамц ахлагчаар ажиллахаар болов.
Хуралдааны хоёр дахь хэсэгт “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэв. Шадар сайд С.Амарсайхан хуулийн төслийг танилцуулсны дараа санал хураалт явуулж, оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжсэн байна.
Гурав дахь асуудал болох “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, ногоон барилгын дулаалгад анхаарах саналуудыг Г.Лувсанжамц гишүүн танилцууллаа. Хэлэлцүүлгийн үеэр П.Сайнзориг гишүүн төслийн уялдаа, тооцоо судалгааг тодруулж, Л.Соронзонболд, Н.Батсүмбэрэл нар төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Улмаар санал хураалтаар оролцсон 16 гишүүний 65.5 хувь нь тогтоолын төслийг дэмжив.
Хуралдааны төгсгөлд УИХ-ын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэж буй талаар мэдээлжээ. Ногоон бодлогын суурь зохицуулалтыг боловсруулах, ногоон орон сууцны зээл, агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх саналууд байнгын хорооны гол хэлэлцэх асуудал болж байна.