Женев хотноо энэ оны зургадугаар сарын 2-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Олон улсын хөдөлмөрийн бага хурлын 113 дугаар чуулганд Монгол Улсаас Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаагаар ахлуулсан төлөөлөгчид оролцож байна.
Чуулганы зургаадугаар сарын 5-ны өдрийн нэгдсэн хуралдаанд төлөөлөгчдийн тэргүүн Д.Гэрэлмаа үг хэлж, Монгол Улсын Засгийн газраас хөдөлмөрийн салбарт авч хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлүүдийг танилцуулсан. Тэрбээр зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг сайжруулах, хөдөлмөрийн хууль, эрх зүйн орчныг ОУХБ-тай хамтран үнэлэх, хяналтын тогтолцоог бэхжүүлэх зэрэг цогц арга хэмжээнүүдийг дэлгэрэнгүй дурдав.
Түүнчлэн байгаль орчны тогтвортой байдал, зохистой хөдөлмөр эрхлэлтийг хослуулан ногоон эдийн засагт шилжих бодлогыг дэмжин, сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж, ногоон ур чадвар эзэмшүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлснийг онцолсон. Энэ нь ажлын байрны чанарыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд нийцсэн хөгжил рүү шилжих үндсэн алхам хэмээн үнэлэгдэж байна.
Нийгмийн хамгааллын хүрээнд Монгол Улсын Засгийн газар тэтгэмж олголтыг цахимжуулах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, даатгалын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд ахицтай ажиллаж буйг мөн танилцуулсан. Эдгээр бодлого, үйл ажиллагаа нь хөдөлмөрийн салбарт үр ашиг, шударга байдлыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд үүний суурь нь нийгмийн гурван талт буюу Засгийн газар, ажил олгогчид, ажиллагчдын оролцоотой яриа хэлэлцээ гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэв.
Сэтгэгдэл (4)