Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуульд нийт 63 мандатын төлөө 121 нэр дэвшигч өрсөлдөхөөр нэр дэвшигчийн үнэмлэхээ энэ сарын 7-нд авч, албан ёсоор сонгуулийн сурталчилгаа эхэлжээ. Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.
Энэ удаагийн нөхөн сонгууль Баянхонгор, Дархан-Уул аймгийн ИТХ-ын тус бүр нэг, мөн 17 аймгийн 52 сумын ИТХ-ын нийт 61 мандатад зохион байгуулагдаж байгаа бөгөөд сонгуульд улс төрийн дөрвөн намаас болон бие даан нэр дэвшигчид өрсөлдөж байна. Монгол Ардын намаас 58, Ардчилсан намаас 49, ХҮН намаас 3, Иргэний зориг ногоон намаас 2 нэр дэвшигч, бие даан нэр дэвшигч 9 хүн байгаа бол тэдгээрийн 41 буюу 33.9 хувь нь эмэгтэйчүүд байна.
Сонгогчид Улсын бүртгэлийн ерөнхий газрын election.burtgel.gov.mn цахим хаягаар орж, нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэх, санал өгөх байрныхаа хаягийг шалгах боломжтой.
ИТХ-ын нөхөн сонгуулийн санал хураалт 2025 оны зургаадугаар сарын 22-ны өдөр Улаанбаатарын цагаар 07:00–20:00 цагийн хооронд зохион байгуулагдана.
Эх сурвалж: Улсын бүртгэлийн ерөнхий газар



