Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын айлчлал амжилттай өндөрлөлөө. Тус айлчлал нь Туркменистанаас Монгол Улсад хийж буй төрийн тэргүүний анхны айлчлал байв.
Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх талаар санал солилцов. Худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөн үйлдвэрлэл, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурж, эрх зүйн үндсийг улам бүр бэхжүүллээ.
Хоёр улсын бизнес эрхлэгчдийн оролцоотой бизнес форум зохион байгуулж, хүнс, хөдөө аж ахуй, нэхмэл эдлэл зэрэг чиглэлээр урт хугацааны хамтын ажиллагааны үндэс тавигдав. Мөн хоёр орны уран бүтээлчид Дуурь, бүжгийн эрдмийн театрт хамтарсан тоглолт зохион байгуулж, соёлын солилцоог бататгасан юм.
Айлчлал өндөрлөж, Туркменистаны төрийн тэргүүнийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон хоёр улсын Элчин сайд нар, албаны хүмүүс хүндэтгэн үдэж мордууллаа.
Эх сурвалж: President.mn