Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Данийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Старбэк Кристэнсэнээс Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авлаа.
Энэхүү уулзалтын үеэр талууд Монгол, Данийн уламжлалт найрсаг харилцааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэх талаар санал солилцсон байна. Ялангуяа худалдаа, эдийн засаг, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, боловсролын чиглэлд хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломжийг хэлэлцжээ. Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил зэрэг чиглэлээр Дани улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бол Элчин сайд Кристэнсэн мөн хоёр улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлжээ.
Түүнчлэн талууд Нэгдсэн Үндэстний Байгууллага болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа, нийтлэг үнэт зүйлсийн талаар мөн ярилцсан байна.
Эх сурвалж: mfa.gov.mn



