НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-тай хамтран “Зудын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн үнэлгээ” болон “Зудын малчин өрхүүдэд үзүүлэх нөлөөлөл”-ийн тайланг боловсруулж, өнөөдөр НҮБ-ын төв байранд танилцууллаа. Энэхүү үнэлгээний ажлыг НҮБХХ ахалж, ОУШХБ, ХХААБ, Улаан загалмайн холбоо, Монголын улаан загалмай нийгэмлэг, ОБЕГ, ХХААХҮЯ хамтран хэрэгжүүлсэн юм.
Тайлангийн хүрээнд 2023–2024 оны зудын богино болон урт хугацааны нөлөөллийг олон өнцгөөс хэлэлцэж, гамшигт үзэгдлийн өмнөх бэлтгэл болон хариу арга хэмжээний чадавхыг нэмэгдүүлэх шаардлагыг онцлон дурдсан. ОБЕГ-ын дэд дарга Ц.Уранчимэг “Гамшигт нэрвэгдсэний дараа биш, харин гамшгийн эрсдэлийг урьдчилан тооцож, бэлэн байдлыг хангах ёстой” хэмээн илтгэлдээ дурдсан юм.
НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн “Зуд бол уур амьсгалын хямрал аль хэдийн бодит болсны илрэл. Гэвч энэ нөхцөл байдалд төр, олон улсын байгууллагууд, иргэд хамтдаа ажиллаж чадвал хөгжлийн боломж ч бий” хэмээн онцолсон бол НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Матилда Димовска “Зуд бол байгалийн гэлтгүй нийгэм, эдийн засгийн бүх салбарт цохилт өгч буй хөгжлийн сорилт” гээд нөхцөл байдлыг эрт даван туулах урт хугацааны бодлого, хөрөнгө оруулалтын шаардлагыг анхаарууллаа.
Хэлэлцүүлэгт УОК, ХХААХҮЯ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Ус, цаг уур, орчны судалгааны хүрээлэн, Боловсролын ерөнхий газар зэрэг байгууллагын төлөөлөл оролцож, зудын үеийн хүндрэл бэрхшээл, цаашдын бодлогын чиглэлийг санал болгосон. Түүнчлэн судалгаагаар зуд нь ДНБ-д оруулах хөдөө аж ахуйн салбарын хувь нэмрийг 2024 оны эхний есөн сард 27 хувиар бууруулсан, шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлж, жендэрт суурилсан хүчирхийллийг ч даамжруулж буйг дурджээ.
Тайлангийн бодлогын зөвлөмжид:
-
Эрт сэрэмжлүүлэх системийг сайжруулах
-
Малын даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх
-
Газрын тогтвортой менежментийг хэрэгжүүлэх
-
Нийгмийн хамгаалалд хөрөнгө оруулах
-
Хөдөө орон нутгийн дэд бүтэц, дасан зохицох чадавхад зориулсан хөрөнгө санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг багтаасан байна.
Эх сурвалж: НҮБХХ, ОБЕГ, ХХААХҮЯ