Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ногоон хөгжлийн хорооны өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны үйл ажиллагаатай танилцлаа. Хуралдааны гол зорилго нь хууль, тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, ногоон байгууламжийн хамгаалалт, усан хангамж, хог хаягдлын менежмент зэрэг хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхэд чиглэсэн байв.
НИТХ-ын төлөөлөгч, хорооны дарга Б.Золтуяа хурлын эхэнд нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт, гол, ногоон байгууламжийн хамгаалалт, оршуулгын зохион байгуулалт, ахуйн хэрэглээний усан хангамж, хог хаягдлын төлөвлөлт, удирдлагын зохион байгуулалт зэрэг салбарын үйл ажиллагаатай танилцсаныг онцоллоо.
Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгчид болох Ч.Батзориг, Т.Батцогт, Ү.Оюунзул, Г.Ууганбаяр, О.Зундуйдорж нар оролцсон бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны холбогдох албан тушаалтнууд ногоон хөгжлийн чиглэлээр улс, нийслэл, олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулга өгч, санал солилцлоо.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ