Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг баталлаа.
Шинэчлэгдсэн журамд зааснаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд ажлын байр шинээр бий болгох, хадгалах, өргөтгөх зорилгоор 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг 36 сар хүртэл хугацаатай, арилжааны банкаар дамжуулан олгох боломж хэвээр үлдсэн. Үүн дээр нэмэгдэн:
-
Хүүгүй, барьцаагүй, эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийг 5–10 сая төгрөгийн хооронд олгох нөхцөлийг хадгалсан.
-
Зээлийн дээд хэмжээг нэмэгдүүлж,
-
Хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 20 сая төгрөг,
-
Нөхөрлөл, хоршоо байгуулагч болон гадаадад ажиллаж байгаад эх орондоо ирсэн иргэдэд 40 сая төгрөг олгохоор өөрчилсөн.
-
Энэхүү өөрчлөлт нь инфляцын түвшинтэй уялдуулсан шийдвэр бөгөөд иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэх зорилготой юм.
2020–2024 оны хооронд:
-
Жижиг зээлд 5,551 иргэн, ААНБ хүсэлт гаргаснаас 47.9% (2,662 нь)
-
Санхүүгийн дэмжлэгт 38,331 иргэн, ААНБ хүсэлт гаргаснаас 64.7% (24,816 нь) тус тус хамрагдсан байна.
Жижиг зээлийг дамжуулан олгох банкийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах эрхийг өмнө нь төв яам хариуцдаг байсан нь төвлөрөл ихтэй, шат дамжлага нэмэгддэг байжээ. Харин шинэ журамд энэ үүргийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хариуцахаар болсон нь зохион байгуулалтыг илүү уян хатан, шуурхай болгох боломж бүрдүүлж байна.
Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар



