Эдийн засаг, хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны худалдаа, эдийн засаг хариуцсан зөвлөх Лю Жинжиг хүлээн авч уулзав.
Уулзалтаар уул уурхайн бүтээгдэхүүний экспортын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч мэдээлэл өгч, цаашид хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хүрээнд дээрх асуудлуудыг идэвхтэй хэлэлцэн ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын XVII хуралдааны хоёр талын Ажлын хэсгийн уулзалтыг энэ оны 6 дугаар сарын сүүлчээр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар санал нэгдэж, холбогдох бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлэх ажлын талаар харилцан санал солилцов.
Хятадын талаас “Монгол, Хятадын экспо”-г тав дахь удаагаа БНХАУ-ын Хөх хотноо 2025 оны наймдугаар сарын 18-25-нд зохион байгуулахаар төлөвлөж буйгаа танилцуулж, уг үйл ажиллагаанд Монголын талын оролцоог хангах, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.