Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хооронд байгуулах нийгмийн хамгааллын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Уг төслийг Монгол Улсын Засгийн газар яаралтай горимоор өргөн мэдүүлээд байсан юм.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хэлэлцээрийн төслийн талаар танилцуулахдаа, Монгол Улсын “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон 2024–2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын дагуу нийгмийн хамгааллын салбарт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж буйг онцлов.
Тэрбээр өмнө нь ОХУ, БНСУ, Унгар, Польш, Турк, Чех улстай ижил хэлэлцээр байгуулсан тухай дурдаж, энэхүү хэлэлцээрүүдийн хүрээнд иргэдийн шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцох, тэтгэвэр тогтоох эрхийг бий болгох, мөн шалтгаангүй давхар шимтгэлээс сэргийлэх, зарим богино хугацааны тэтгэмжийг олгох нөхцөлийг харилцан тохирсон гэж мэдээллээ.
2023 оны байдлаар Австри улсад 2577 монгол иргэн оршин сууж байгаагаас 1670 нь хөдөлмөр эрхэлж байгаа бол Монгол Улсад 31 австри иргэн оршин сууж байгаа юм. Тус хэлэлцээр нь хоёр улсын иргэдийн нийгмийн баталгааг хариуцлагатайгаар хангах, тэтгэврийн эрх үүсгэх болон нийгмийн даатгалын системийн уялдааг хангах чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба