Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох өргөдлөө өгөх сургаар дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшихийг горилогчдын нэрс эчнээ тодроод байгаа. Б.Жавхлан, Н.Учрал, Я.Содбаатар гэдэг нэрс яригдаж эхэлсэн тухай "шум" төрийн ордноор сонсогдох болов. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд Ерөнхий сайдын суудлаас татгалзсан гэх мэдээлэл бий. Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр цахим хуудсаараа дамжуулж дээрх мэдээллүүдийг үгүйсгэсэн байна.
Тэрбээр цахим хуудастаа, "Хэвлэл мэдээлэл, сошиал орчинд намайг Ерөнхий сайдаар томилогдох гэж буй мэт мэдээллүүд олноор цацагдлаа. Худал цуурхал бүтэн өдөржин тархаж, элдвээр гүтгэн бужигналаа. Шинэ Ерөнхий сайдын томилгоо хаана ч яригдаагүй. Мөн надад ийм амбиц байхгүй гэдгийг хэлье" гэсэн байна.
Ямартай ч МАН-ын Бага хурлын шийдвэр гарч, Ерөнхий сайд тус шийдвэрийг хүлээж аваагүй тул огцрох өргөдлөө өгөхөөр болсон. Гэхдээ өнөөдөр товлогдоод байсан Засгийн газрын отгон хуралдаан тодорхойгүй хугацаанд хойшлоод байна.