УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжлээ.
Хуралдааны үеэр гишүүд асуулт асуух, санал хэлэхгүйгээр санал хураалт руу шууд шилжсэн бөгөөд төслийн 1 дүгээр хавсралтын 4.5 дахь хэсэгт нэмэхээр тусгасан “Иргэний бүртгэл, үл хөдлөх хөрөнгө, төрийн өмчийн бүртгэлийг блокчейн технологийг ашиглан гүйцэтгэнэ” гэсэн заалт, мөн хоёр өөр саналыг дэмжиж баталлаа. Энэ нь ирээдүйд төрийн бүртгэлийн ил тод байдал, өгөгдлийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх технологийн шийдлийг хуульчлан тусгасан чухал алхам боллоо хэмээн үзэж байна.
Ингэснээр хөгжлийн төлөвлөгөөнд дэвшүүлсэн зарим зорилтууд илүү нарийвчилсан, дижитал шилжилтийг хангах агуулгатайгаар баяжигдаж байгаа юм. Уг санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар болжээ.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар



