“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг жил бүрийн тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гаргуудад тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Энэ хүрээнд энэ сарын 16, 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулах 37 дахь удаагийн “Номын баяр”-т Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо оролцож, “Сонгогчдын боловсрол төв” ТББ-тай хамтран “Сонгуулийн боловсрол” нэртэй асарт иргэдэд мэдээлэл хүргэхээр болжээ.
Сонгуулийн хууль тогтоомжийг олон нийтэд ойлгомжтой тайлбарлаж, сонгуулийн боловсрол олгох, хариуцлагатай сонгогчдыг төлөвшүүлэх зорилготой энэхүү оролцоонд Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төв, Улс төрийн намын мэдээлэл, арга зүйн газар, Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газар, мөн “Сонгогчдын боловсрол төв” ТББ хамтран ажиллана.
Тус асарт сонгуулийн тухай хууль тогтоомж, улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилт, тэдгээрийн хэрэгцээт мэдээллүүдийг иргэдэд хүргэж, сонгуулийн боловсрол олгох ном, сэтгүүл, гарын авлага тараах үйл ажиллагааг зохион байгуулах юм.
Иргэд, олон нийт “Номын баяр”-ын үеэр “Сонгуулийн боловсрол” асарт зочлон, иргэний оролцоогоо нэмэгдүүлэх мэдлэг, мэдээллийг авахыг Сонгуулийн ерөнхий хороо уриалж байна.
Эх сурвалж: Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо