Улсын Их Хурлын 2025 оны тавдугаар сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаан өнөөдөр 10:00 цагт эхэлж, “Их хуралдай” танхимд үргэлжилнэ. Өглөөний хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны дөрөвдүгээр дүгнэлтийг хэлэлцэж, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 72.1 дэх хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэх юм.
Мөн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн асуулт, саналыг сонсоно. Тус төслийг Засгийн газар 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн.
Харин 14:00 цагаас эхлэх үдээс хойших хуралдаанаар “Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх бөгөөд нийт 90 минутын хугацаанд гишүүд асуулт асууж, хариулт авна.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн алба.