Азийн Ойн Хамтын ажиллагааны байгууллага (AFoCO)-аас жил бүр зохион байгуулдаг сэдэвчилсэн чуулга уулзалт энэ жил Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод эхэллээ. Арван хоёр дахь удаагийн энэхүү чуулганыг “Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт ба олон талт түншлэлийн хамтын ажиллагаагаар AFoCO-ийн чадавхыг шинэ шатанд хүргэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй юм.
Чуулганд оролцогчид AFoCO-ийн стратегийн зорилтууд, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодит арга хэмжээ, санхүүжилтийн шийдлүүд болон олон талт түншлэлийн механизмын талаар хэлэлцэж байна. Тус байгууллага 15 орныг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд тогтвортой ойн менежментийг дэмжих, бүс нутгийн уур амьсгалын тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулдаг.
AFoCO-ийн гүйцэтгэх захирал нээлтийн үгэндээ байгальд суурилсан шийдлүүдийг санхүүжүүлэхэд тус байгууллагын гүйцэтгэх үүргийг онцлон тэмдэглэсэн бол Монголын талаас Ойн газрын төлөөлөл “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, төр-хувийн хэвшлийн түншлэлийн сайн жишээ, эрх зүйн шинэчлэлийн талаар танилцууллаа.
Хэлэлцүүлгээр AFoCO-г бүс нутгийн найдвартай хамтын ажиллагааны платформ болгон төлөвшүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, уур амьсгалд тэсвэртэй ойн шийдлийг хурдасгах, хувийн хэвшлийн оролцоог идэвхжүүлэх арга замыг онцолсон юм.
Сүүлийн жилүүдэд олон улс байгальд суурилсан шийдэл, хосолсон санхүүжилтийн (blended finance) хэлбэрийг илүү эрчимтэй ашиглаж эхэлсэн. Энэ нь уламжлалт хандивлагч төвтэй загвараас илүү уян хатан, тогтвортой хөрөнгө оруулалтын шинэ хэлбэрүүд рүү шилжих чиг хандлага дэлгэрч байгааг харуулж байна.
Чуулган маргааш өндөрлөх бөгөөд 2024–2030 оны стратегийн хүрээнд шинэ төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж, 2026 оны төслийн уриалгын явцыг тайлагнах юм. Түүнчлэн олон улсын хөгжлийн банкуудтай хамтран нөлөөллийн хөрөнгө оруулалт, нүүрстөрөгчийн санхүүжилт, корпорацийн түншлэл, шинэчлэлд суурилсан технологийн шийдэл зэргийг хөгжүүлэх чиглэлээр AFoCO цаашид ажиллахаар зорьж байгаа аж.
Эх сурвалж: AFoCO, Монгол Улсын Ойн газар