Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, штабын дарга хурандаа Ц.Ганзориг Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг хатагтай Сандра Чоуфанитай уулзалт хийж, гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтаар бичил уул уурхайн аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх, уул уурхайн бүс нутагт амьдарч буй иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах талаар тохиролцсон байна. Түүнчлэн хоёр тал ойн гал түймрийг унтраах, урьдчилан сэргийлэх чиглэлээр ч мөн хамтрах боллоо.
Уулзалтын үеэр гамшгийн эрсдэлийг бууруулах, мэдээлэл, туршлага солилцох, мэргэжлийн сургалт, дадлага зохион байгуулах зэрэг олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж байгааг хоёр тал онцолсон байна.
Эх сурвалж: ОБЕГ