“Бүсчилсэн хөгжил–Төрийн албаны манлайлал” сэдэвт баруун бүсийн зөвлөгөөн тавдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөнд Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд аймгийн төрийн байгууллагын 700 гаруй албан хаагч оролцож, бүс нутгийн төрийн албаны хамтын ажиллагаа, туршлага солилцох өргөн талбар болж байна.
Хоёр өдөр үргэлжлэх зөвлөгөөний эхний өдөр төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн албан хаагчийн ёс зүй, хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэрэглээ зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнөсөн бол дараагийн өдөр оролцогчид төрийн албаны шинэтгэл, бодлогын хэрэгжилт, хөдөлмөрийн харилцааны зохицуулалт, анхаарах асуудлуудын талаар санал бодлоо илэрхийлж байна.
Зөвлөгөөнөөс гарсан саналуудыг цаашид төрийн бодлогын түвшинд тусган ажиллах зорилготойг Төрийн албаны зөвлөл онцоллоо.
Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл