Сэлэнгэ аймгийн удирдлагууд Япон улсын Шизуока мужийн албаны төлөөлөгчидтэй 2025 оны тавдугаар сарын 7-ны өдөр цахимаар уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа ойн аж ахуйн чиглэлээр шинэ түвшинд гаргах асуудлаар санал солилцлоо.
Уулзалтад Шизуока мужийн Засаг даргын Тамгын газрын Ойн аж ахуй, хамгааллын хэлтэс болон Гадаад харилцааны хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцсон байна. Талуудын хамтын ажиллагаа анх 2016 онд албан ёсоор эхэлсэн бөгөөд ХАА болон байгаль орчны чиглэлд үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж иржээ.
Тухайлбал, Сэлэнгэ аймаг Шизуока мужтай хамтран шинэ сортын таримал ургамлыг Монгол орны хөрсөнд нутагшуулах туршилтыг амжилттай хийж байгаа бөгөөд Зүүнбүрэн сумын нутагт Японы үндэсний хоол болох суба гоймонгийн түүхий эд гурвалжин будааг 40 га талбайд тариалж, сайн ургац хураан авч байна.
Мөн ойжуулалтын чиглэлээр ч үр дүнтэй хамтын ажиллагаа өрнөж байгаа бөгөөд Шизуока мужаас сакура, тавилгана, царс, шинэс, нарс, азалия зэрэг долоон төрлийн 200 ширхэг модны тарьцыг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Ой баясах” ХХК-ийн мод үржүүлгийн газарт арчлан ургуулж байна. Энэ нь ой хамгаалал, нөхөн сэргээлт, ойн төрөл зүйл нэмэгдүүлэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулж буйг талууд онцлон тэмдэглэв.
Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн ЗДТГ