x

Нийгмээ цэвэрлэх үү, намаа цэвэрлэх үү?

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр өдгөө сонгогдон ажиллахаас нь даруй тав, зургаан жилийн өмнө гишүүн, сайд Х.Баттулгатай нэг бус удаа уулзаж, ярилцлага авч байлаа. Тэгэхэд өнөөдрийнх шигээ танигдаагүй ч тэр хэрээрээ нэр хүндтэй, монголчуудын итгэл найдварын нэг хэсэг болон мандаж байсан юм. Нүүрсний экспорт, төмөр зам, үйлдвэржилт гээд сэдэв бүхэн нь нийгмийн дэмжлэгтэй байх тэр үедээ хэлж ярьж байснаас нь өнөөдөр ихэнхтэй нь эвлэрэх хэцүү болсон ч нэг л зүйлийг нь одоо хүлээн зөвшөөрч байна. “Уул уурхайн экспорт өсч, орлого нэмэгдлээ ч тэрийгээ хөгжил рүү шингээх потенциал одоохондоо Монголын төрд байхгүй”

“Чалько”-д өр тавиад “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүртээ регистрийн дугаараар нь мөнгө тарааж байсан тэр үед энэ үгийг хэлсэн нь одоо ч утгаараа. Одоо гэдэг нь ЖДҮ-ийг дэмжих сангаас хуваарилагддаг зээл жижиг, дундынхны нэр, нүүрээр угаагдан улстөрчид руу очиж байсан нь ил болж, уг сантай төстэй дахиад 29 санд жилдээ бараг 3 их наяд төгрөгийн санхүүжилт эргэлддэг гэдгийг мэдээд байгаа энэ үе юм. Улсын төсвийн дөрөвний нэг орчим хувь нь тэдгээр сангуудаар эргэлдэж байгаа ч тэрхүү хөрөнгө яг зориулалтаараа ашиглагддаг, зорилтот хэсэгтээ дэмжлэг, бодлого болж хүрдэг эсэхэд хэн ч үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна. Мөсөн уулын орой гэдэг шиг ЖДҮДС-гийн зарцуулалт задрах төдийд юу болж байгааг бид харлаа. Засгийн газар огцрох уу, УИХ тарах уу, Ерөнхийлөгчийн засаглалд шилжих үү, Үндсэн хуулийн өөрчлөлт хийх уу, үймээн самуунд хүрэх үү гэсэн асар том системийн асуудалд тултлаа улс орноороо сүйрч байна. Дахиад тийм сан арав, хориороо, дээрээс нь төрийн өмчит компаниуд гэх улстөрчдийн мөнгөний төмпөн задрахад чухам юу болохыг нь төсөөлөшгүй. 

Өмч хувьчлал /1990-2000/, уул уурхай, газрын лиценз /2000-2010/, төсвийн тендер, тусгай сан, концесс /2010 оноос хойш/ гэсэн үе шатыг дамжин улстөр дагасан мэдээлэлд ойр хэсгийнхэн өнгөрсөн хугацаанд идэж ууснаа шингээж чадахгүй гулгиулж байгааг бид харж байна. Энэ бол #ЖДҮ_хулгай гэх товчхон томьёон дор бүгдийг нь чихэхэд болохоор агуу их идэлт, уултын систем. Ямар ч их орлого, хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлт байлаа гээд хөгжлийн санхүүжилт болж чадахгүй. Төрд тийм потенциал нь бий болох болоогүй гэсний учир энэ байж. Тэгвэл тэр мөнгийг хөгжил болгох тэр потенциал нь хэзээ бий болох вэ? Төрийн нэр барьсан хэсэг бүлэг луйварчид ханаж цадсаны дараа юу?! Өнөөдөр тосоор гулгиж байгаа ч тэд ханаж цадахыг мэдэх үү?! Ханаж цадсан нь явахад дараагийн ээлжнийхэн ирээд найрлах эсэхийг хэн мэдэх вэ?! 

Агнуурын тор тавьчихсан юм шиг хамаг л алтан загасыг нь хэдхэн хүн хамж шимээд сууж байдаг, торноос доошхи хоосон ногоон намганд нь жижиг, дундчууд нь шанаган хорхойгоор гол зогоохын тулд өнөөдүүлтэй өрсөлддөг ийм чөлөөт эдийн засаг гэж байдаггүй юм. Үүнийг өөрчлөхгүйгээр хөгжил ирэхгүй.

Төр нь мөнгийг хөгжил болгох потенциалтай болох цаг ирлээ. Ашгүй хамаг идээ бээр хагарч, хавдрын голомт хаана байгаа нь илэрлээ. Одоо эмчилье! Нийгмийн эрүүл саруул хэсэг нь энийг л хүссэн юм аа. Энд эмчилгээний жор бичье гэх ёстой эрх барьж буй намын лидерүүд нь тэнд нэг нэгнээрээ сор залж явна. 

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг анх 2006 онд баталснаас хойшхи 12 жилийн хугацаанд 26 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Жилдээ 2-3 удаа хуульд гарч хүрч, бас хүссэн үедээ дурын сангаа нэмж байгуулж, татан буулгаж, эргэж сэргээж байхад бидний нүд, чих хаана явсныг үнэндээ ойлгох тэнхэл алга. Сэтгүүлч Г.Сонинбаярын бичсэнээр бол энэ бүхний ул мөр нь тухайн зүйл, заалтыг өөрчилсөн, нэмсэн, хүчингүй болгосон гэх мэт 236 тайлбар, зүүлт болж хуульд тэмдэглэгдсэн байна. Хууль анх батлагдахад Засгийн газрын 22 тусгай сан байсан бол нэмж байгуулсан, татан буулгасантайгаа нийлээд 40 тусгай сан өнгөрсөн 12 жилд үйл ажиллагаа явуулжээ. /эх сурвалж: http://eagle.mn/r/45833/

Жилдээ 2-3 удаа нэмэлт өөрчлөлт оруулж, 236 засвар хийгдсэн ийм хууль өөр байна уу? Цаашид ингээд яваад байх юм уу?

Тэдгээр сангууд хэнийг хэрхэн санхүүжүүлж, ямар үр нөлөө, эсвэл ямар алдагдал хорогдол авчирсныг судалж шинжлээд зарлахад л нийгмийн асар том цэвэрлэгээ болно. Үүний дэргэд намаа цэвэрлэнэ гэх чинь жижиг сонсогдож байна, У.Хүрэлсүх сайд аа. 

Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр цахим хуудсаараа хэдэнтээ давтсан Бүртгэлийн тогтолцооны эрхзүйн шинэчлэлийн талаарх “гурван сая иргэн АТГ болно” гэсэн лийдтэй яриаг нь анзаараад үзээрэй. Бүртгэлийн тухай багц хуулийн хүрээнд өмнө нь хаалттай байсан 148 төрлийн мэдээллийн бараг 90 хувийг нь иргэдэд нээлттэй болгохоор байгаа аж. Газрыг хэн эзэмшээд байгаа, ашигт малтмалын лицензийг ямар хүмүүс ямар хугацаанд, ямар халхавчаар эзэмшээд байгаа гэдгийг бүгдийг ил болгоно. Ингэснээр АТГ биш 3 сая монгол иргэн бүгдээрээ авлигатай тэмцэх ажлын “албан хаагчид” болно / http://itoim.mn/article/A99MZ/14941/ гэснийг нь дэмжиж байна. Нийгмийн цэвэрлэгээг хаанаас яаж эхлүүлэхийг олж харж байгаа танхимынхаа залуусыг сонс, тэднийг зоригтой дэмж Ерөнхий сайд аа. Олгогдсон эрх мэдэл дотроо та оновчтой шийдэл хайж болох л байх.

Дуулиан болоод байгаа тусгай сангуудаас үнэхээр шаардлагатай нь ажиллах ёстой л байх, гэхдээ санхүүжилт, зарцуулалт гээд мэдээлэл нь ил тод байхыг л иргэд шаардаж байна. Монгол Улсад Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрх чөлөөний тухай хууль гэж бий. Хэн хэзээ энэ хуулийг ашиглаж, мэдээлэл авах эрх чөлөөгөө хамгаалуулсныг мэдэхгүй ч 2011 онд батлагдсанаасаа хойш мөн л хэдэнтээ засагдсаар Төсөв, санхүүгийн ил тод байдал хэмээх 9 дүгээр зүйл нь тэр чигтээ арчигдчихсан байх жишээтэй. https://www.legalinfo.mn/law/details/374 Хэлбэр дээрээ хуультай бол хуультай, ер нь бүх юм нь байсаар байх боловч хэрэгтэй үедээ хууль нь ч, хүн нь ч үүргээ гүйцэтгэж чаддаггүй манайх шиг ийм системийг гадныхан “дүр эсгэсэн ардчилал” гэж ёжилж буй биз.

Нөгөө ЖДҮ-ийн хулгайчдын эсрэг олон нийтийн сошиал тэмцэл юу болсон бэ? “Эзэн нь ЖДҮ шаа-сан” гэсэн хууль зөрчсөн агуулга хуулгыг тухайн объектэд нааж, цахим жагсаал өрнүүллээ. Өөр ямар тодорхой шийдэл шаардсаныг ойлгосонгүй. Бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх үүрэгтэй парламент, Засгийн газар нь шийдэл санал болгох битгий хэл хөлөө жийлцэн нэгнээрээ сор залцгааж байхад хөөрхий соошлийн идэвхтэнүүд тэр зэргийн цамнахыг буруутгах аргагүй.

“Төрийн тусгай сангуудыг татан буулгана” гэсэн амлалт өгөхийн оронд бие биенээ татан буулгана гэсэн заналаа хэвлэлээр дайж суугаа МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-ын экс дарга М.Энхболд нарын өмнөөс ичиж байна. Та нарын хэн нь хөлгийн залуур дээр ирэх, хэн нь явах одоо чухал биш. Албан тушаал, улстөрийн хариуцлага нэрээр халхавчилдаг наад халаа, сэлгээнд чинь хэн ч найдахгүй байгаа. 

Учир нь өмнөх Засгийн газраа тараахдаа та бүхэн Ж.Эрдэнэбатыг танхимын сайд нартаа концессийн гэрээг хууль зөрчин олгосон гэж буруутгасан. Засаг солигдсон, өнөө концесстэй хэн ч хариуцлага тооцоогүй. Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат нар 2019 төсөв дээр концессын мөнгөө тусгуулчихаад инээж суугаа. 60 тэрбумын наймаанд завдсан гэж Сандуйг албан тушаалаас нь авч хаясан, тэгээд юу ч өөрчлөгдөөгүй. Одоо Засгаа солилоо гээд “ЖДҮ-ийн хулгай” болон төсвөөс шүүрддэг загасны тороо та нар тасдаж хаях баталгаа байна уу. Би лав олж харахгүй байна. Яагаад гэвэл тийм зүйлд хүрэхүйц ямар ч бодлогын яриа шийдлийг хэн нь ч санал болгох битгий хэл дурссангүй. Харин бие биенийхээ муу, муухайг хэвлэлээр хангалттай сайхан илчилж байна. Ердөө жилийн өмнө л нэг нь Ерөнхийлөгч, нөгөө нь Ерөнхий сайд болохоос аргагүй сайн сайхан улс гэж сурталдаж байсан биз дээ? Бодлогын нам гэх боловч Босоо хөхийнхний тэмцлээс ялгарах юм харагдахгүй байна.Монголын түүхийн 100 жилийг бичилцсэн МАН хэмээх улс төрийн хүчин зүгээр л нурж байгааг харах харамсалтай байна. Та нарын тэмцлийн дундуур бухын тулаанч шиг улаан дарцаг дохисхийж суугаа тэр нэг хүнд ч бас гомдож байна. Та бүхнийг хөлгийн залуураа булаалдаж байх хооронд хөлөг чинь хөөрхий иргэдтэйгээ хамт зүгээр л живж байгаа учраас бид гомдолтой байна. 

З.Боргилмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ Өчигдөр 11 цаг 50 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи Өчигдөр 11 цаг 37 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл Өчигдөр 11 цаг 26 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ Өчигдөр 11 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 03 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top