x

Агаарын тээврийн айсуй чөлөөлөлт

Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон тулгуурт эдийн засгийг бий болгож, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэр гэх мэт уул уурхайн бус салбарт хөрөнгө оруулна, түүний дотор тээвэр, логистикийн дэд бүтэц байгуулж, энэ хүрээнд Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны шинэ буудлын багц төслүүдийг хэрэгжүүлнэ гэж Монголын эдийн засгийн форум дээр мэдэгдэв.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх, шинэ онгоцны буудлын хүчин чадлыг бүрэн ашиглахын тулд агаарын тээврийг либералчлах, иргэний нисэхийн салбарыг шинэчлэх гэж буйгаа өнгөрсөн долоо хоногт болсон агаарын тээврийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн дээр Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ мөн хэлжээ.

Өмнөх засгуудын хийж хүчрээгүй ажлыг энэ засаг цаг алдалгүй хийхээс өөр сонголтгүй юм. Уул уурхайгаас бусад салбарыг хөгжүүлэх ажил ярианаас хэтрээгүй, агаарын тээврийн салбарын өсөлт удааширсан, шинэ онгоцны буудлын ашиглалтанд орох хугацаа хойшилсоор байгаа, үндэсний авиа компанийн өр алдагдал нэмэгдсээр байгаа нь агаарын тээврийг чөлөөлөхийг ийнхүү шамдуулах болов.

Алдаагаа засах боломж

Агаарын тээвэрт чөлөөт өрсөлдөөнийг үе шаттайгаар, төрийн хяналт, зохицуулалттайгаар бий болгох тухай 2013 онд Их хурал баталсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого” үр дүнд хүрсэнгүй. Төрийн компанитай хувийн компани өрсөлдөж чадахгүй гэдгийг арай ядан зардлаа хааж буй хувийн 2-3 компани, аль хэдийн дампуурсан Изнис компанийн түүх батлаж байна. Сөүл, Бээжингийн чиглэлд хоёрдогч тээвэрлэгчийг оруулахгүй байсан нь өрсөлдөөнийг боож, монополийг дархалсаар, нислэгийн тийзний үнэ буурахгүй байгаад үйлчлүүлэгчид дургүйцсээр байна.

МИАТ-ээс бусад тээвэрлэгчийг олон улсын бусад шугамд, орон нутаг, бүс нутгийн шугамд хуваарилах зарчмаар зохицуулахыг оролдсон нь агаарын тээврийн хүртээмжийг хумилаа. Гадаад улсын тээвэрлэгчийн тухайд “нэг шугам-нэг тээвэрлэгч” бодлого баримталсан нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон хаалт болов.

Харин энэ Засгийн газар эдгээрийг өөрчилж, юуны өмнө 2020 он хүртэлх бодлогыг энэ хаврын их хурлын чуулганаар өөрчлүүлж, Сөүл, Бээжингийн чиглэлд чөлөөт өрсөлдөөнийг бий болгох, гадаадын агаарын тээврийн компанитай ижил тэгш нөхцлөөр харьцах, алслагдсан бүс нутагт агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэх, орон нутгийн нислэгийг өргөжүүлэн тогтворжуулахаа мэдэгдээд байна.

Эдийн засгийн цар хэмжээ, авиа компаниудын онгоц, нислэг, чиглэлийн тоо нь эрс ялгаатай ч, Турк ба Монголын жишээн дээр агаарын тээврээ чөлөөлвөл, эс чөлөөлвөл ямар үр дагавар гардгийг харж болно.

Туркийн чөлөөлөлт ба онгоцны шинэ буудал

Турк улс 2008 онд агаарын тээврээ чөлөөлөв. Хүссэн авиа компани бүр тус улсад нислэг хийж болно. Туркийн зорчигч эргэлт 2007 онд 54 сая байсан бол, 2017 онд 138 сая болж 2.4 дахин өсчээ. 2017 онд 30 сая жуулчин авсан бол 2023 онд 50 сая жуулчин хүлээн авах гэнэ. Дараагийн 10 жилийн өсөлтийг хангахын тулд дэлхийн хамгийн том онгоцны буудал тэд барьж байна. Шинэ онгоцны буудлыг хотын төвтэй галт тэрэг, авто замаар холбох ажээ.Туркиш Айрлайнс 2023 онд 500 онгоцтой, жилд 120 сая зорчигч тээвэрлэдэг, дэлхийн 10 дахь том авиа компани болох. Одоо 14-р байрт буй.

Хар тэнгисийн Европ талын эрэгт баригдаж буй энэ буудал нь жилд 200 сая зорчигч авах чадалтай [Ата Тюркийнхаас 7 дахин том], 6 нисэх буух зурвас, 4 терминалтай, нийт 76.5 мянган шоо км талбайтай. Тус буудлыг энэ оны 10-р сарын 29 буюу тусгаар тогтнолын баярын өдрөө нээхийн тулд эдүгээ 35 мянган хүн гурван ээлжээр, тасралтгүй ажиллаж байна. 500 онгоцны зогсоолтой, 145 зорчигч суулгах хоолойтой, терминалуудын нийт талбай нь 1.5 сая шоо метр буюу нэг дээвэр доорх дэлхийн хамгийн том онгоцны буудал ажээ.

Туркийн дөрвөн том барилгын компанийн нэгдэл тендэрт ялж, барьж, 20 жил ажиллуулаад, хүлээлгэн өгөх (BOT) нөхцлөөр, эхлээд 20, дараа нь 10 тэрбум ам. дол хөрөнгө оруулан, төслийг хугацаанд нь гүйцэтгэж байна. 2019 оноос жил бүр засгийн газартаа 1 тэрбум долларын төлбөр бас төлөх ажээ.

Монголын эс чөлөөлөлт ба онгоцны шинэ буудал

Монгол улс агаарын тээврээ чөлөөлөх тухай арваад жил ярьсан ч, дорвитой ажил болсонгүй. ЗТХЯ-ны тоогоор 2013 оныг 2017 онтой харьцуулахад зорчигч эргэлт 1.1 саяас 1.2 сая болж багахан өссөн ч, нийт буулт, хөөрөлтийн тоо 16.5 мянгаас 13.5 болж, ачаа эргэлт 6.5 мянган тонноос 5.0 тонн болж тус тус буурчээ. 

Харин монголыг алгасаад, дээгүүр нь дамжин өнгөрч буй нислэгийн тоо мөн хугацаанд 86 мянгаас 110 мянгад хүрч өссөн нь бусад улсын агаарын тээвэр хаашаа, монголынх хаашаа яваад буйг бэлхнээ харуулж байна. 

2017 онд Монгол улсын гадаадын нислэгээр 1.3 сая, дотоодын нислэгээр 250 мянган хүн зорчсон бол 2024 онд гадаадынх 1.9 сая, дотоодынх 400 мянга болох гэнэ. Энэ урсгалыг хангах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор шинэ онгоцны буудал барих шаардлага гарсан юм.

Нийслэл Улаанбаатараас 52 км зайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд шинэ буудал баригдаад дуусч байна. Зорчигч авах хүчин чадлаараа шинэ нисэх буудал, одоогийн Буянт-Ухаагаас хоёр дахин том ажээ. Шинэ нисэх буудлыг Японы хөнгөлөлттэй, 40 жилийн хугацаатай, 540 сая долларын зээлээр, харин Улаанбаатараас очих замыг Хятадын зээлээр барьж буй боловч дуусах хугацаа нь жил алгасан сунасаар энэ оны 11-р сард дуусна гэх.

Нисэх буудлын менежментийг Японы талтай хамтран концессийн гэрээгээр хэрэгжүүлэх бөгөөд энэхүү хамтарсан компани 30 жилээр буудлыг ашиглаж, Японы зээлийг төлөх ажээ. Японы тал менежмент хийснээр нисэхийн бус орлогыг нэмэгдүүлэх, ноу хауг нэвтрүүлэх, бүс нутгийн томоохон зангилаа нисэх буудал болгон, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой.

Истанбул бол Ази Европыг холбосон агаарын тээврийн зангилаа, тэгвэл Улаанбаатар бол Хойд туйлын дээгүүр Ази, Хойд Америкийг холбосон дөт замын голд байгаа хот. Тэгээд ч монгол шиг өргөн уудам нутагтай, далайд гарцгүй улсын хувьд агаарын тээвэр дэлхийн бизнестэй холбогдох цорын ганц суваг байтал түүнийг бид ашиглаж чадахгүй, хоосон суусаар байна.

Монгол улс агаарын тээврээ чөлөөлвөл олон компани нисч, зорчигчийн тоо ихсэх тусам өрсөлдөөн ширүүсч, нислэгийн тийз хямдарч, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувьсгал гарах юм. Энэ өрсөлдөөн эхэлмэгц, үйл ажиллагааны зардлын гуравны нэгийг эзэлдэг түлшний монополь ч задрах болно.

2011 онд хийгдсэн Монгол Улсын агаарын харилцааны либералчлалын үр нөлөөний тухай судалгаагаар (ЭЗБӨЧСТ) либералчлалыг хэрэгжүүлснээс хойш 2-3 жилийн дараа олон улсын нислэг 112 хувиар өснө. Монгол Улс бусад улс оронтой харилцаа холбоо сайжирч, Европ, Хойд Америк зэрэг томоохон зах зээлд агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг болно; Зорчигчийн тийзний үнэ дунджаар 42 хувиар буурч, зорчигчид 121 сая ам.доллар хэмнэнэ; Олон улсын ачаа тээврийг 62 хувиар, орон нутгийн зорчигчийн тоог 43-87 хувь хүртэл нэмэгдүүлнэ гэжээ.

Жил тутам 117000 олон улсын зорчигч шинээр нэмэгдэж, 94 сая ам. долларыг монголын эдийн засагт оруулна; Иргэний нисэх, аялал жуулчлал, эдийн засгийн бусад салбарт 21540 байнгын ажлын байр бий болгож, нийт хөдөлмөр эрхлэлтийг 2.1 хувиар өсгөнө; Жил тутам зуу орчим сая ам.доллар эдийн засагт орох нь Монгол Улсын ДНБ-ийг 2.5 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэжээ. Монгол улс агаарын тээврээ яаралтай чөлөөлөх шаардлагатай нь эндээс тод харагдаж байна.

 

Нийтлэлч Д.Жаргалсайхан / BAABAR.MN/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 11 цаг 23 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 11 цаг 24 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 11 цаг 25 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 11 цаг 30 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 11 цаг 31 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 11 цаг 32 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 11 цаг 33 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 11 цаг 35 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 13 цаг 45 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 13 цаг 47 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 13 цаг 49 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 13 цаг 51 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 13 цаг 52 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 13 цаг 53 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 13 цаг 56 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 13 цаг 56 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 15 цаг 34 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 15 цаг 35 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 15 цаг 37 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 15 цаг 38 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top