x

Хөрөнгийн урсгалыг боох санаа

Төгрөгийн ханш суларч, доллар чангарч байна. Сүүлийн гучин жил үргэлжилж буй хандлага. Эдийн засагт эргэлдэж буй төгрөгийн өсөлтөөс долларынх нь хоцроод буй хэрэг.

Монголчууд тоног төхөөрөмж, унаа тэрэг, ер нь бүх хэрэглээний бараагаа гадаадаас доллараар авдаг. Энэ жил гэхэд л ноднингоос 40 хувиар илүү бараа импортлоод байна. Гадагшаа бид нүүрс, зэс, төмрийн хүдэр гэх мэт хэдхэн эрдэс экспортлож доллар олдог. Эдүгээ харин экспорт, импортын зөрөөгүй буюу гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч байгаа.

Харин төлбөрийн тэнцэл алдагдалтай байгаа. Энэ тэнцлийн тухай улс төрчид ярихаас цэрвэж, тойроод байдаг учир нь үүнийг тэд бий болгодог. Монгол улсын гадагшаа төлж буй өр төлбөрийн өсөлт, гадаадын шууд хөрөнгө оруулалтаас хоцроод байхаар энэ алдагдал бий болдог. Төлбөрийн тэнцлийн алдагдал гарахаар төгрөгийн ханш унадаг.

Монгол улсын Засгийн газрын гадаад өр нь эдийн засгийнхаа (ДНБ) 70 хувьтай тэнцээд байна. Энэ том зээлээ, хүүтэй нь төлөх гэж гадагшаа доллар гаргаад, гаднаас хөрөнгө оруулалт нэмж татахын оронд, орж ирснийг нь үргээж, айлгах боллоо.

Өр нэмэгдээд буй нь төсвийн алдагдлаас үүдэлтэй. Гэтэл төр засаг төсвөө жил бүр алдагдалтай төлөвлөж, төлөвлөснөөсөө том алдагдал гаргаж, “тодотгох нэрээр” нэмж зээл авдаг болсон. Одоо ч гэсэн тийм л төсөв УИХ батлах гэж байна.

Засгийн газраас хараат Монголбанк

Мөнгөний бодлогоо “улс төрийн болон засгийн газрын нөлөөлөлгүй” явуулахыг хараат бус байх гэдэг (Карл Э.Велш, 2006). Ж.Дэлгэрсайхан, Б.Алтанзул нарын судлаачид 2015 онд “Cukierman индексийг” ашиглан төв банкны хуулийн зохицуулалт, хэрэгжилтийг дүгнэж, мэргэжилтнүүдийн дунд санал асуулга явуулжээ. Үр дүн нь 0.446  буюу Монголбанк Засгийн газраас хараат гэж гарав.

Мөнгөний бодлого нь Засгийн газраас хараат оронд гадаад валютын нөөц нь бага, мөнгөний ханш нь унах хандлагатай байдгийг Грек, Аргентин, Зимбабве, Венесуэл зэрэг олон орны жишээн дээр харж болно.

Хараат учраас Монголбанкны өөрийн хөрөнгө үргэлж буурч ирсэн бөгөөд шалтгаан нь Засгийн газартай хамтраад төсвийн шинж чанартай үйл ажиллагаа явуулсантай холбоотой гэж дээрх судлаачид дүгнэжээ. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр", тодорхой салбарт чиглэсэн санхүүжилтийн эх үүсвэр арилжааны банкуудад олгосон, зах зээлийн бус зарчмаар валютын ханшийн зөрөөний хөнгөлөлттэй санхүүгийн үүсмэл хэрэгслийн хэлцэл, хуулийн гадуур  зарим хэлцэл хийснийг судлаачид онцолжээ.

Өнөөдөр Монголбанк мөн л улс төрийн дарамтанд орж Засгийн газрын дотоод өрийг шилжүүлэн авах болсноор ТБҮЦ-ны өрийн үлдэгдэл хоёр жилийн дотор 10 дахин өсч 4.3 их наяд болоод байна. Иргэдээс алт худалдан авах нөхцлөө сулруулснаар жилд 20 тонн алт авч эхэлсэн нь гадаад валютын нөөцийг нь нэмэгдүүлэв. Тэгтэл төр засгаас МБ-ыг ханшийн интервенц хийхийг шахах боллоо.  

Төгрөг суларч буйн суурь шалтгаан нь төлбөрийн тэнцлийн алдагдал байхад МБ бүх нөөцөө зараад ч ханшийг барьж чадахгүй юм. Харин түүний оронд төр засаг авсан зээлээ өгөөжтэй ашиглаж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмж татах шаардлагатай.

Монгол улс банкны системээ өөрчлөх үү?

Энэ өдрүүдэд валют зохицуулах нэртэй хоёр ч хуулийн төслийг УИХ хэлэлцэж эхэллээ. Нэгийг нь Ерөнхийлөгч, нөгөөг нь УИХ-ын дөрвөн гишүүн өргөн барьжээ. Ерөнхийлөгчийн санаачилсан төсөлд Валютын зохицуулалтын тухай хуулийн 14.10 дахь хэсэгт “Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг…хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ байршуулж болно” гэж оруулахыг санал болгожээ.

Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын төсөлд: ”Монголбанк Монгол улсын эдийн засаг, төсвийн орлогын бүрдэлтэд чухал ач холбогдолтой, стратегийн хөрөнгө оруулагч, эдийн засгийн харьяат бус этгээдэд харилцан тохиролцсоны үндсэн дээр валютын данс нээж, төлбөр тооцоо гүйцэтгэж болно” гэжээ.

Төв банкны хуулиар Монголбанк өөрөө иргэдээс алт худалдаж авахаас өөр арилжаа явуулахгүй, банкны бүх арилжааг зөвхөн арилжааны банкууд явуулах ёстой. Хэрэв дээрх хоёр саналыг нэгтгээд батлавал Төв банкны хуулинд бас өөрчлөлт оруулж Төв банк томоохон хөрөнгө оруулагчийн валютын дансыг өөр дээрээ нээх эрхтэй болох юм. Гагцхүү энэ үйлдэл нь Монгол улсын хоёр шатлалтай банкны системийг өөрчлөх эхлэл болох эсэхийг хууль тогтоогчид тунгаах ёстой.

Капиталын урсгалыг хянах уу?

УИХ дээр хэлэлцэж эхэлсэн дээрх шинэчилсэн хуулийн төслийн 16.1.3-д “Монгол улсын гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, зохицуулах зорилгоор иргэд, хуулийн этгээд, санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагаас валют, цэвэршүүлсэн алт худалдан авч болно; 16.1.6. Монгол улсын хилээр орох, гарах бэлэн валютад хязгаарлалт тогтоох; 17.1.3. төгрөгийн ханшид үзүүлэх нөлөөг харгалзан гүйлгээнд хязгаар тогтоож болно зэргээр заасан нь Монгол улс валютын урсгалыг төрөөс нь боох (capital control) гэж буйг илтгэж байна.

Энэ төрлийн заалтууд нь эдийн засагт ирээдүйд орж ирэх валютын урсгал, гадаадын хөрөнгө оруулагч, зээлдүүлэгчдийн сонирхол, нийт мөнгөний нийлүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлдгийг хөгжиж буй олон орнуудын алдаанаас харж болно. Ийм бодлого явуулсан орнууд үргэлж хохирч, нийгэм, эдийн засгийн хөгжил нь зогсож, олон жил алдахаас гадна засч залруулахад нэгэн үе шаардана. Хуулинд ийм зохицуулалт оруулах нь хэрэгжүүлсэн эсэхээс үл хамаарч гадаадын хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд шууд сөргөөр нөлөөлнө.

Ийм заалттай хууль гарвал хөрөнгийн урсгал, валютын гүйлгээ, арилжаанд төрөөс хязгаарлалт хийдэг орнуудын жагсаалтад Монгол улс орж, улмаар манайд хөрөнгө оруулах, зээл өгөх сонирхол алга болно. Өрөндөө бүрэн баригдаж живэх үеэр туслах улс орон гарч болох ч эдийн засгийн аюулгүй байдал алдагдана.

Монголын төр засаг ийм хууль гаргаж төгрөгийн ханшийг тогтворжуулахыг оролдож байгаа нь үнэхээр өндөр эрсдэл дагуулах юм.

Ханшийг амжилттай барьж ирсэн ганцхан арга бол Мөнгөний Зөвлөл (currency board) байгуулах явдал. Тэгэхдээ тухайн улс мөнгөний нийлүүлэлттэйгээ тэнцэх гадаад валютын нөөцтэй байх учиртай. Манайх 2500 төгрөг дээр долларыг “уяна” гэвэл 20 их наяд төгрөгтэй тэнцэх буюу наад зах нь 8 тэрбум долларын нөөцтэй байх ёстой.

Одоохондоо ийм нөөц байхгүй учир төсвөө алдагдалгүй батлаж, өрөө цагт нь төлж, улс орон даяар бүсээ чангалж амьдрах л үлджээ.

2018.10.17

Д.Жаргалсайхан /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Юун Ялта, юун дэлхийг хуваах! 2 цаг 32 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 2 цаг 38 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 2 цаг 42 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 3 цаг 27 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 3 цаг 40 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 9 цаг 57 мин Мэдээж “Ар нь түүз!” 10 цаг 8 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 10 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 10 цаг 33 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 10 цаг 37 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 10 цаг 42 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 10 цаг 47 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 10 цаг 52 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ Өчигдөр 18 цаг 11 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна Өчигдөр 18 цаг 07 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Өчигдөр 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо
Top