x

Л.Оюун-Эрдэнэ: Монголын ард түмэн хөрөнгө оруулагч талдаа дахин итгэл хүлээлгэж байна

Өнөөдөр Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлж буй түүхэн үйл явдал тохиож байна.

Гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат болох анхны тэсэлгээг хийх дохиог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон "Рио Тинто" группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өглөө.

Ийнхүү гүний уурхайн үйлдвэрлэл эхэлснээр 2023 оны эхний хагас жилд үйл ажиллагаа жигдэрч, бүрэн хүчин чадлаараа ажиллана гэсэн тооцоотой байна. 

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Удтал хүлээгдсэн гүний уурхайн төслийн ажил өнөөдөр эхлэхэд бэлэн болж байна. Энэ өдөр хөрөнгө оруулагч талдаа Монголын ард түмэн дахин итгэл хүлээлгэж байна. Магадгүй энэ сүүлчийн найдлага гэдгийг хэлмээр байна” хэмээн онцолсон юм.



Тус ёслолд Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Тэрээр "Эрхэм Монголчууд аа,

Хөрөнгө оруулагчид, зочид төлөөлөгчид, хатагтай ноёд оо, 

Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын үйлсэд гар бие оролцож буй уурхайчид, инженер техникийн ажилтан, албан хаагчид аа,

Монгол Улс Оюутолгойн ордыг гуравдагч хөрш орны хөрөнгө оруулалтаар эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргасан нь манай улсын эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдалд чухал алхам байсныг өнөөдөр онцлон тэмдэглэх нь зүйтэй. 

Харамсалтай нь өнгөрсөн 13 жилийн хугацаанд Оюутолгой төсөл эхлэхэд анхлан тохирсон Монголын тал 53 хувь, хөрөнгө оруулагч тал 47 хувийн үр өгөөжтэй байна гэсэн эдийн засгийн тооцоолол алдагдаж, үндсэн зээлийн болон хүүгийн төлбөрийн нийт 2.3 тэрбум ам.долларын өрөнд орж, ирээдүйд 22 тэрбум ам.долларын өр үүсэж, ногдол ашиг хэзээ ч авахааргүй нөхцөл байдал бий болсноор хөрөнгө оруулагч талд Монголын ард түмэн итгэл алдарч, урам хугарч Оюутолгой төсөл зогсох хэмжээний улс төрийн эрсдэлд орсон нь бодит үнэн билээ.

Энэ нөхцөл байдлаас гарахын тулд 2019 онд “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 92-р тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын түр хороо, Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдаж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэлэлцээр нэн амаргүй нөхцөлд үргэлжиллээ.

Өнөөдөр энэхүү хэлэлцээрийн эхний шатны үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүсэн 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор Оюутолгой төслийн Засгийн газрын эзэмшлийн 34 хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирж, монголчууд бид 2009 онд анх гэрээ байгуулсан өдрийн нөхцөл байдал буюу ТЭГ гараан дээрээ дахин ирж, удтал хүлээсэн Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил  ийнхүү эхэлж байна.

Хэлэлцээр өнөөдрийн түвшинд ирэхэд нэгдмэл бодлогоор тууштай дэмжиж, хамтран ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар болон Улсын Их Хурлын эрхэм гишүүд, Улсын Их Хурлын Түр хорооны гишүүд, олон жил цөхрөлтгүй тэмцсэн улс төрчид, иргэний нийгмийн байгууллагууд болон Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсгийн гишүүдэд гүн талархал илэрхийлье. 

Монгол Улсын Засгийн газрын саналыг хүлээн авч, буулт хийж, хамтын ажиллагааны итгэлцлийгсэргээхийг эрмэлзсэн хөрөнгө оруулагч тал болох Рио Тинто, Туркойз Хилл компанийн удирдлагуудад мөн талархаж байна.

Эрхэм хөрөнгө оруулагчид аа,

Монгол Улсын Их Хурлаас баталсан 103-р тогтоолын хүрээнд өнөөдөр эхлүүлж буй Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг Монголын талд нэмэлт өр үүсгэхгүйгээр, дахин хугацаа хойшлуулахгүйгээр, техник эдийн засгийн алдаа дахин гаргахгүйгээр туйлын хариуцлагатай хандаж, харилцан тохиролцсон хугацаа буюу 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад оруулна гэдэгт итгэж байна.

Оюутолгойн Гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлж байгаа энэ өдөр бол хөрөнгө оруулагч талд дахин итгэл хүлээлгэж буй Монголын ард түмний чин эрмэлзэл, магадгүй сүүлчийн найдлага гэдгийг миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд нийт иргэдээ төлөөлөн та бүхэнд илэрхийлж байна.

Эрхэм монгол ахан дүүс ээ, 

Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдож, Монгол Улсын эдийн засаг болон төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэх боломжтой. 

Оюутолгойн бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдсэнээр жилд тав орчим тэрбум ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсын нэг жилийн эдийн засгийн тэн хагасыг Оюутолгой компани дангаар үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Энэ хэмжээгээр Монгол Улсад төлдөг татвар, ашигт малтмалын нөөц ашиглалтын төлбөр гурав дахин өсөх урьдчилсан тооцоолол гарч байна. 

Хэлэлцээрийн хүрээнд Оюутолгой төслийн бүтээн байгуулалтыг Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээр хангах шийдвэр гарснаар Тавантолгой Дулааны цахилгаан станц баригдах боломж бүрдэж, өнөөдөр жил бүр гадаадаас худалдан авч буй 120 гаруй сая ам.доллар Монгол Улсад үлдэх болно.

Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр Монгол Улс хөрөнгө оруулагчидтай ойлголцож, зөвшилцөж, тогтвортой хамтран ажиллаж чаддаг, харилцан ашигтай түншилдэг гэдгээ дэлхий дахинд нотлон харуулах баталгаа болно гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд цаашид хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдтэй харилцан ашигтай түншлэн ажиллахад монголчууд бид бэлэн байгаагаа хөрөнгө оруулагчдад илэрхийлье.

Оюутолгой ордоос Монгол Улсын эрх ашгийг нэмэгдүүлэх хэлэлцээр цаашид байгаль орчны нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, өмнийн говийг усжуулах, зэс боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг олон чиглэлээр баяжин амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэж байна. 

Гүний уурхай харилцан тохиролцсон хугацаандаа ашиглалтад орж, газрын доорх их бүтээн байгуулалттай биечлэн танилцахаар эргэн уулзахын ерөөл дэвшүүлье.

Та бүхэнд ажлын амжилт хүсье!" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 19 цаг 54 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 21 цаг 37 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 21 цаг 46 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 22 цаг 0 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 22 цаг 10 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 22 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 22 цаг 20 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 22 цаг 24 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top