x

Тусгаар тогтнолоо зарахын тулд тэднийг “далд” хийдэг үү?

Улс дотроо нэг нэгэндээ төр зарах нь дүүрч. 
Гадагшаа улсаа зарах нь арай хэтэрч байна. 

Х.Тэмүүжин

Монголын ноёд санаачилгаараа Сюй Шүжаны гамин цэргийг урьж, тусгаар тогтнолоосоо татгалзсаны 100 жилийн ой хойтон тохионо. Тэртээ 1919 оны арваннэгдүгээр сарын 17-ны гутамшигт үйл явдлыг 1911 онд тунхагласан Богд хаант Монгол улсын засгийн газрын таван яамны дөрвөн сайд үзэх учиргүй байсан юм. Тусгаар тогтнолын үйл хэрэгт оройлон зүтгэсэн тэдний цаг бусын үхэл өнөө ч оньсого хэвээр...

Чин сүжигт, Чин ван, Да лам Г.Цэрэнчимэд

Сэжигтэйгээр нас эцэслэсэн дөрвөн сайдын хамгийн эхнийх нь Дотоод яамны хэргийг бүгд захиран шийтгэх яамны сайд, Да лам Г.Цэрэнчимэд (1872-1914) байлаа. Тэрээр Манжийн “Шинэ засгийг бодлого”-ыг хэрэгжүүлэхгүй саад хийх явуулгад бусад ноёд болоод Богд Жавзандамбыг татан оролцуулсан гол хүний нэг. Эндээс эхлэн гагцхүү Монголын тусгаар тогтнолын төлөө харилгүй зүтгэснийг Г.Цэрэнчимэдийн намтараас бэлээхэн харж болно. Да лам Г.Цэрэнчимэд 1914 онд баруун хязгаарт томилогдон явах замдаа өвчний учир нас барсан гэх боловч түүхчид үүнд эргэлздэг. Түүний үхлийн шалтгааныг гаднаас, тухайлбал Оросоос хайх нь бий. 1912 онд хийсэн Монгол-Оросын гэрээний үеэс Г.Цэрэнчимэдийн хатуу байр сууринд эгдүүцэн хорссон И.Я.Коростовиц Гадаад яамны сайд С.Д.Сазановтаа “...да лам Оростой ойртохыг эсэргүүцдэг манай хамгийн том дайсан бөгөөд биднийг Монголыг боолчлохыг эрмэлзсэн хэмээн буруутгаж байна, түүнийг засгаас зайлуулах хэрэгтэй” гэхчлэн бичсэн баримт нь бий. И.Я.Коростовиц ганц өөрийн талынханд төдийгүй Сайн ноён хан Т.Намнансүрэнгээс ч Да ламыг төрөөсөө холдуулахыг шаардсан байдаг. Г.Цэрэнчимэд Монгол улсын Гадаад бодлого нь зөвхөн Орос улсаар тогтохгүй гэж үзэж байсан учир Оросын диломатын нүдэнд орсон хог болсон юм. Тэрээр Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэх хэлэлцээр хийхээр Японыг зорьсон боловч Харбинд суух Оросын элчин сайд цааш явуулаагүй байдаг. Дотоод яамны хэргийг бүгд захирах яамны сайд Г.Цэрэнчимэдийг баруун хязгаарт тохоон томилогдсоны цаад эзэд нь оросууд байх бүрэн магадтай билээ.

Чин ван М.Ханддорж

Тусгаар тогнолын гол архитекторийн араас нөгөө ертөнц рүү явах ёстой хүн нь Гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яамны сайд, Чин ван М.Ханддорж (1869-1915) байжээ. Тэрээр Монгол улс, улс шиг болохын тулд дэлхийн олон улс гүрнээр эрх чөлөө, тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх нь хамгаас чухал хэмээн үзэж байсныг түүх гэрчилдэг. М.Ханддорж 1913 оны өвөл Петербург орж Оростой хэлэлцээ хийхдээ Англи, Франц, Япон зэрэг улсаас Орост суугаа Элчин сайдын яамдад Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэх асуудлыг тавих зорилго өвөрлөж явсан юм. Гэвч Оросын Гадаад хэргийн яамны явуулгаар түүний санаа бүтээгүй байдаг. Хаант Орост хоёр дахиа очсон энэ үйл явдлаас М.Ханддорж хоёр их гүрний дунд орших бага буурай улс ухаалаг, нарийн, давхар тооцсон бодлого явуулж гэмээн нь сая бие даан оршин тогтноно гэдэг дүгнэлтэд хүрчээ гэдгийг түүнээс дараах улс төрийн алхмаас нь харж болно. Чин ван М.Ханддорж 1915 оны хавар шинийн зургаанд Богд хаанд золгосныхоо маргааш Дунд голын мөсөн дээр бусдад хорлогдсон байдалтай үхснийг нь архивын баримтад “мориноос унаж нас барсан” гэсэн байдаг. Түүнийг зарим түүхчид Богд Жавзандамба, Бадамдорж нар хорлосон гэх нь бий. Харин Хятадын судлаач нар Оросын талыг баримтлагчдын ажил гэдэг. Гэвч М.Ханддорж Оросын талыг дэмжигч явсан учир дээрх хоёр дүгнэлт магадлал муутай.

Түшээ гүн Г.Чагдаржав

Тусгаар тогтнолоо зарлаад удаагүй Монгол улсын хувь заяаг шийдэх эгзэгтэй, ээдрээтэй Хиагтын гэрээнд Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайд, Түшээ гүн Г.Чагдаржав (1869-1915) Монголын бүрэн эрхт төлөөлөгчдийн тэргүүнээр оролцсон билээ. Тэрээр 1911 оны Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг санаачилан, нууцаар удирдан зохион байгуулсан зургаан зүтгэлтний нэг. 1914-1915 он дамнан Орос, Хятадын шахалтад есөн сар үргэлжилсэн Хиагтын хэлэлцээрээр Монгол улс өөртөө засах эрхтэй үлдсэн билээ. Г.Чагдаржав Хиагтын хэлэлцээрээс ирснээсээ сарын дараа “...Шавь боол Чагдаржав миний биед энэ зуны сүүл сараас эхлэн дээш хөөрч амьсгал давчих ба хүчтэй ханиалгах зэрэг өвчин тохиолдсон нь элдвээр шавдан засуулсаар боловч илаарших төлөв үгүй нэн дордон маш зовиур бүхий хэвтэж буй ану... өвчнийг чөлөө шагнан олгоно уу” хэмээн чөлөө аваад 11 хоногийн дараа нас баржээ. Тухайн үед түүнийг хордсон хэмээн сэжиглэж хор тайлах эм дом хэрэглэсэн юм билээ. 

Сайн ноён хан Т.Намнансүрэн

Шашныхан давамгайлсан Богд хаант Монгол улсын засгийн газарт хар, шар феодалуудын мөчөөрхөл их байлаа. Үүнийг намжаах зорилгоор 1912 оны долоодугаар сард Богд хааны зарлиг гарч Сайн ноён хан Т.Намнансүрэнг (1878-1919) Бүгд ерөнхийлөн захирах яамны сайдаар тохоон томилсон юм. Ийнхүү Чингисийн алтан ургын сурвалжит язгууртан Монгол улсын анхны ерөнхий сайд болсон түүхтэй. Тэр жил тусгаар тогтнолын төлөө хамтран зүтгэж явсан дөрвөн сайдаа цаг бусаар явуулсан Т.Намнансүрэн ганцаардчихаад байлаа. Архивын баримтад түүнийг өвчний учир бие барсан гэсэн байдаг. Харин Бодоо, Д.Догсом нараас 1920 онд Коминтерний Алс дорнодын нарийн бичгийн дарга нарын газарт өргөсөн бичигт “... Бээжин засгийн газрын ховдог харгис эзэлт эрх баригчид Сайн ноён хан мэтийн үнэнхүү сайдуудыг хороор алж арилгав” гэсэн байдаг. 1919 онд Монгол тусгаар тогтносон улс байх уу, үгүй юү гэдгийг шийдсэн. Хятадын эрхэнд орохыг хамгийн гол эсэргүүцэн, саад хийж чадах хүн нь ерөнхий сайд Т.Намнансүрэн байсан юм. Түүнийг үхснээс гурван сарын дараа Чен И-гийн шахалтаар автономит эрхээсээ татгалзах эсэхийг улсын хурлаар хэлэлцсэн байдаг. Хятадын тулгалтыг доод хурал эсэргүүцсэн бол ван, гүн, ноёд, дээд лам нараас бүрддэг дээд хурал автономийг устгахад бэлэн гэдгээ харуулав. Ингээд Бадамдорж тэргүүтэн арваннэгдүгээр сарын 17-д автономит засгийг гуйн устгах бичгийг Сюй Шүжанд гардуулснаас таван хоногийн дараа Хятадын ерөнхийлөгч Монгол улсын автономитийг устгах зарлигаа гаргажээ. 

Тусгаар тогносон Богд хаант Монгол улсын таван яамны дөрвөн сайдаас гадна үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд идэвхтэй оролцсон Түшээт хан Дашням, Засагт хан Содномравдан, Бинт ван Гончигсүрэн нар 1919 он гэхэд бүгд энэ ертөнцөөс үгүй болсон байлаа. Тэдний үхлийг ч түүхчид цаг бусын гэж үздэг. Эдний дотроос Түшээт хан Дашням хамгийн залуу нь, дөнгөж 26 настай эр байлаа.

Тэд юу хүсч, юу хийв

1911 онд тусгаар тогтнолоо зарласан Богд хаант Монгол улсын Засгийн газар үгүй болох хүртлээ нөр их үйл бүтээхийг зориод чамгүй ажил амжуулсан юм. Тэдэн дундаас Хятад, Орос хоёрыг давж дэлхийн бусад улстай харилцаа тогтоох эрмэлзлэлээ Хиагтын гэрээ батлагдах хүртэл хаялгүй цуцалтгүй оролдсоор байлаа. Т.Намнансүрэн 1914 оны эхээр Орост айчлахдаа Богд хаанаас Японы эзэн хаанд хаягласан захидлыг дамжуулж өгнө үү хэмээн Оросын Гадаад хэргийн сайд Сазановт гардуулсан аж. Гуравдагч хөрштэй болох гэсэн тэдний хүсэл даанч санаснаар нь болсонгүй. Оросууд оролдлого бүрийг тас цохин зогсоож иржээ. Харин дотооддоо авч хэрэгжүүлсэн зарим зүйлээс голж болохооргүй үр дүн гарч эхлээд байлаа. Т.Намнансүрэн Хаант Оросоос сая рублийн зээл авах гэрээ байгуулж, түүгээрээ цэрэг арми болоод нийгмийн зарим асуудлаа шийдэж эхлэжээ. Мөн түүнчилэн дотоод нөөц бололцоогоо ашиглаж төсвөө зузаатгах зарим алхам ч хийсэн юм. Тухайлбал, ерөнхий сайд Т.Намнансүрэн Орос, Хятад, Бельги, Францын хувь нийлүүлсэн “Монголор” алтны нийгэмлэгийн урьд хийсэн гэрээг хянаж, сар бүр олборлосон алтны 17.6 хувь буюу түүнтэй тэнцэх мөнгөн тэмдэгтийг шимтгэн авахаар өөрчилж гэрээг 1912 онд үзэглэжээ. Манжийн савраас салсан ахар хугацаанд Монголын дотоод, гадаад худалдааг хянадаг байсан хятад наймаачдын хүч өчүүхэн суларсан зайгаар үндэсний хөрөнгөтнүүд ч төрөн гарах боломж бүрдсэн байдаг. Гэвч...

Түүх давтагдаад байх шиг...

Хүмүүнлиг ардчилсан нийгэм байгуулна гэж Үндсэн хуульдаа тунхагласан Монгол Улсын ерөнхийлөгч ардчиллаас уйдсан гэдгээ зарлаад араас нь ШХАБ-д элсэх санаатай яваагаа ярилаа. Х.Баттулгын босгосон шороо намжаагүй байхад УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд ШХАБ-ын асуудлыг хаалттай хэлэлцүүлэхээр гэнэт оруулж иржээ. Асуудлыг Засгийн газар нууцын зэрэглэлтэй өргөн барьсан аж. Орос, Хятадын толгойлдог цэрэг, улстөрийн эвсэлд элсэх шалтгаанаа ерөнхийлөгч ихээхэн хэмжээний зээл, том төслүүдээ хөдөлгөх боломж, эдийн засгийн интеграци хэмээн тайлбарлаж байгаа. Харин түүний энэ үг үйлдэл гадаад бодлогын “гуравдагч хөрш”-тэй Монголыг хааш чирч байгааг ярихаасаа өмнө Х.Баттулга ерөнхийлөгч болсноос хойш улс төрд өрнөсөн үйл явдлыг харвал жихүүдэс төрөхөөр байна. Монгол Улсын гуравдагч хөрш бодлогыг илэрхийлдэг “Оюу Толгой” компаний гэрээтэй холбогдуулан ерөнхий сайд асан С.Баяр нарыг хоёр сар хорилоо. Түүнчилэн УИХ-ын тогтоолоор “Оюу Толгой” компанийг хүссэн бүхэн шалгадаг болжээ. Монгол Улсын түүхэндээ хийсэн хамгийн том хөрөнгө оруулалттай энэ гэрээг харлуулчихвал Барууны хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг бусад компанийг ч хөөгөөд гаргахад амархан. Ер нь “Оюу Толгой”-н үйл ажиллагаа зогсоход л үлдсэн хэдэн компаниуд өөрсдөө гараад явчих биз ээ. Нэгэн дипломатчийн хэлснээр ийм маягаар Оросын гомдлыг тайлна, тайлж чадна гэдгээ батлан харуулчихаад ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын ээлжит хуралд оролцон В.Путин, Ши Жиньпин хоёрын гарыг атгах гэж яваа юм биш биз? Түүний эдийн засгийн интеграци гэдгээс хоёр хөршөөс өөр сонголт байхгүй гэдэг санаа харагдана билээ. Хятадыг машид үзэн ядах үзлээр сонгуульд саналаа өгсөн Х.Баттулгын сонгогчид хэдийнэ “Оюу Толгой”, “Оюу Толгой”-н хэрэгт холбогдсон хүн бүхнийг үгийн муухайгаар хараагаад эхэлжээ. Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг; сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, тэдний араас хэн хэнийг хорьж шалгах бол? Харин энэ зуур Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгын нэр холбогддог 280 сая ам.доллар үгүй хийсэн “Төмөр замын хэрэг”-ээр эрэн сурвалжлуулж, шалгагдаж явсан этгээдүүд захаасаа цагаадсанаар барахгүй үндэсний аюулгүй байдлын бодлого тодорхойлдог болчихоод байгаа билээ. Монгол Улсын ШХАБ-д элсэх бэлтгэл ингээд ханаж байгаа бололтой. Манай ерөнхийлөгч мах, гурил, буудайгаар манийгаа битгий зарчихаад ирээсэй билээ гэж залбирч хүлээхээс өөр чадах юм бидэнд үнэндээ л алга. Ум сайн болтугай. 

Д.Батбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа 5 цаг 9 мин “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүлэв 6 цаг 43 мин Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан удирдах хорооны хуралдаан боллоо 7 цаг 8 мин Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү! 7 цаг 26 мин П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй 7 цаг 43 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 8 цаг 2 мин ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 20 цаг 26 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 20 цаг 36 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 21 цаг 39 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 21 цаг 56 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 21 цаг 56 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 22 цаг 4 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 22 цаг 16 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 22 цаг 30 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 22 цаг 33 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана 22 цаг 46 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ 22 цаг 50 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ 23 цаг 3 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 23 цаг 39 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна Өчигдөр 14 цаг 27 мин
iИх уншсан
Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... ОРОС дахь АЛЛАГА Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б... Японд болсон газар хөдлөлтөөс хүчтэй хөдлөлт манай оронд дөр...
Top