x

Гүйх гэж төрсөн хүмүүс

Гүйх гэж төрсөн хүмүүс гэж байна. Ямар ч морь, буга тэдний тасралтгүй гүйх чадлыг бараадахгүй. Шөнийн турш 100 км замыг зогсолтгүй гүйгээд туулчихна. Тэднийг Рарамуричууд (Тарахумарачууд) гэдэг.

-Яагаад ингэж их гүйдэг юм бэ?

-No se (мэдэхгүй)

Тэд ингэж л хариулна. Рарамуричуудад хувийн сэтгэгдлээ хэлээр илэрхийлэх соёл гэж байхгүй.

Тэр нь ч яая гэсэн,... ер нь яагаад гүйдэг юм бол?

  • Арнулфо

Мексикийн уулын бүсийн гүн дэхь “Коппер хавцал”. Мөнөөх Америкийн алдарт “Grand canyon”-оос 4 дахин уудам энэхүү хад чулуу болсон уулын хөвөөгөөр Рарамуричууд амьдардаг. Суурин газраас холоо алслагдах тэдний гацаанууд уулын хавцал бэлээр тархан байрлана.

Тэнд, гүйдэг омгийнхон Рарамуричууд дотроо ч хол тасархай гүйгч (runner) Арнулфо гэгч бий. Нутгийн хүмүүс бол хэн нь ч андахгүй хэлээд өгнө. Рарамуричуудын нутгийн тэмцээнд 5 аваргалж, манайхаар бол дархан аварга гэж хүндлэгдэх түүний нэр сүр өндөр.

Рарамуричуудын нэр дэлхийд танигдах болсон нь 1990-ээд оны үе. Агуу гүйгч Арнулфо 1996 онд Лос-Анжелест зохиогдсон 160км-т өрсөлдөх уулын марафонд тэргүүн байр, бусад Рарамуричууд ч дээгүүр байруудыг битүү дүүргэж дэлхийг уулга алдуулсан гэдэг.

Арнулфогийн амьдардаг газар гэвэл, далайн түвшнээс 2,400м өргөгдсөн уулын оргил дахь сийрэг агаар бүхий орчин. Тэнд барагтай бол хүнтэй тааралдана гэж үгүй. Өдрийн ажил гэвэл ямаагаа хариулна, эрдэнэ шишээ тарина, өдөртөө 2 хоолтой. Өөрсдийнхөө хэрэгцээг өөрсдөө л хангана. Мөнгө гэвэл ямаагаа зарахаас өөр юмгүй. Гүйлтийн бэлтгэл гээд тусгайлан хийх юм байхгүй. Өдөр тутмын амьдрал нь л тэр чигээрээ бэлтгэл болоод өгнө.

Жишээ нь өдөртөө 2 удаа усаа татна. Уруудаад 300 метр хэртэй уулын замыг Арнулфо шогшиж буугаад, өгсөхдөө 20 литр устай сав мөрөндөө тохоод гүйгээд ирнэ. Үүнийг хүүхэд байхаасаа өдөр болгон хийж ирсэн гэх.

-Энийг өмсөөд гүйдэг юм

гэж хэлээд Арнулфо сандалархуу тавчик үзүүлж байна. “Huarache” гэдэг юм гэнэ. Машины дугуйны хамер юм болохоор хүнд гэж жигтэйхэн, дээр нь ямар ч зөөлөвчгүй. Өмсөөд алхахад л ядармаар эд. Энэ нь түүний өдөр тутмынх гэлтгүй, тэмцээн уралдаан болсон ч үүнтэйгээ гүйдэг бололтой юм.

-Тэмцээнд би гэр бүлийнхээ төлөө л оролцдог. Шагналын мөнгө маань бүгд хоолонд яваад дуусдаг.

Арнулфогийн тэмцээнээс авдаг шагналууд бол гэр бүлийнх нь хувьд чухал орлогын эх үүсвэр. Өөрсдийн хэрэгцээг өөрсдөө хангадаг ч гэлээ, сүүлийн үед хотод зардаг өдөр тутмын элдэв хүнс барааг бас авахгүй байж болохгүй.

-Савангийн үнэ өссөн байлээ шүү

гэх зэргээр эхнэр нь үг хаялна.

...Агуу гүйгч Арнулфогийн амьдралаа дэнчин тавин зүтгэх ээлжит тэмцээн ойртон ирлээ.

100 км-ын ультра марафон.

Энэ ууланд болдог хамгийн том тэмцээн бөгөөд, айргийн 5-д багтвал нэг жилийнхээ хэрэгцээнд санаа зовохооргүй шагнал гардана.

  • 100км-ын марафон

Тэмцээний талбарт домогт Рарамуричуудтай өрсөлдөж хийморио сэргээе гэсэн Мексикийн төдийгүй гадаадын шилдэг тамирчид цуглажээ.

-Жинхэнэ гүйдэг хүмүүсийг дагаад ч болов, энэ газар дээгүүр гүйжүзэх гэсэн юм.

Гадны оролцогчид юунаас ч юм ариуслын хөөрөлд автан буй нь, аанай л манайхны наадмын морьдын тоосонд дарагдах гээд хөвөлзөн буйг санагдуулна.

Нийт 90 оролцогчоос 60 нь Рарамуричууд байна. Үүр цайхын өмнөх бүрэнхий дунд гарааны цэг дээр хүмүүс шавалджээ. Хавь ойрын хүмүүс баярын уур амьсгал үүсгэн хөөрөлдөх дунд, Арнулфогийн харц харин улам шийдмэг харагдана.

-3, 2, 1...

Нэгэн зэрэг гүйлдэн гарлаа. 100 км-ын холын зайд зохимжгүй хурдтай гараа. Эхний 1 км-ыг 3 минутанд туулах нь дэлхийн дээд амжилтын зэрэглэл. Цагийн дараа 20 км зам өнгөрөхөд байц хад руу ороод ирлээ. Рарамуричуудын жинхэнэ эд хаваа үзүүлэх нь эндээс эхэлнэ.

Энэ хүртэл 25-р байранд явсан Арнулфо гэнэт хурдаа нэмэн нэхэж эхэллээ. Өмнөх өдрийн бороонд чулуу нойтон, халтиргаа ихтэйг ч тоолгүй улам бүр довтолгоод байх нь тэр.

-Яаж Рарамуричууд ийм байц хадаар хүртэл хурдаа саалгүй гүйж чаддаг байна аа? Тэгээд бүр ийм сандалтай шүү

Зам ид дундаа орлоо, 40 дэхь км.

Эндээс огцом хадан цохиогоор өгсөж эхэлнэ. Арнулфо өөрийн сайн чадах уулын замаар аль хэдийнэ 20-иод хүнийг нэмж гүйцээд авчээ. Одоо бол тэргүүн байр горилох бүрэн боломжтой...

  • Үр дүн

Гэтэл, гараанаас гараад 5 цаг өнгөрөхөд Арнулфогийн хөл сулраад ирэх нь тэр. Үнэндээ Арнулфо уулын орой дохь гэрээсээ 70км зам туулж, 2 өдөр 1 шөнийн турш алхаж тэмцээнд хүрэлцэн ирээд байсан юм. Шалтгаан нь ердөө л замын зардлаа хэмнэх гэж.

Гэсэн ч тэрээр гүйсээр л байна. Хөлийн улан дахь цэврүү хичнээн ч хагардаг бай, тэр нь гүйхээ зогсоох шалтгаан болохгүй бололтой.

-Хичээгээрэй, Арнулфо!!!

Замын хажуугаар эгнэн зогсох Рарамуричууд ч үүнийг мэднэ. Ямар ч хүнд нөхцөл бай, тэд зогсолтгүй гүйх ёстойг.

Гэхдээ яагаад тэгтэл гүйх ёстой гэж?...

Арай гэж барианд орсон Арнулфо 10-р байранд буув (10 цаг 21 минут). Эцсийн дүнгээр тэмцээний эхний 30 байрыг Рарамуричууд зайгүй эзэлжээ (тэргүүн байр 8 цаг 39 минут).

Ялалтын баярын цагираг дунд Арнулфо алга. Тэрээр ганцаараа өвдгөө тэврэн сууж харагдана...

  • Рарахипари

Рарамуричуудын хүчирхэг гүйлт бол нутгийн хэц уулын бүсийн тэдэнд өгсөн бэлэг юм. Гэхдээ, огтоос тэд дуртайдаа тэр газрыг сонгон суурьшсан юм биш. Цаг үе тэртээх 400 жилийн өмнө, 17-р зуунаар уулгалан довтолж ирсэн Испаничуудаас амь зулбах гэж энэ газар тархан нуугдсан гэдэг.

Түүнээс хойш 400 жилийн туршид өвлүүлэн хадгалсан уламжлалт нэгэн үйл бий.

Рарахипари.

Бэйсболын бөмбөгний дайны жижигхэн бөмбөгийг тасралтгүй хөөн өшиглөж бүтэн шөнийн туршид гүйнэ. Тэгээд 2 баг болон хуваагдаад, аль нь илүү хол гүйхээрээ өрсөлдөнө.

Овон товон, уул горхи бүхий байгаль дундуур дурын зүг рүү үсчин өнхрөх бөмбөгийг даган гүйх нь, зүгээр гүйхээс хавьгүй хэцүү.

Яагаад тэд ингэн ингэн бөмбөг хөөж гүйлддэг юм бол?

-No se (мэдэхгүй)

Рарамури хүү ингэж л хариулна. Шөнийн турш рарахипари хөөн гүйхийн учир утгын тухай тэрээр бодож ч байсангүй.

Тосгоны багш тайлбарлан хэлж байна

-Өнхөрч буй бөмбөг нь “үүрдийн амьдралыг” бэлэгдэж буй юм. Үхэл бол амьдралын төгсгөл биш гэсэн үг.

Тасралтгүй гүйх, тэгээд тасралтгүй бөмбөг өнхрүүлэх нь “тасралтгүй амьдрах явдал юм”. Зэвсэг агссан Испани хүмүүст хөөн шахагдсан тамын газарт, тэд гүйх дундаас “итгэлын галаа” өрдөж ирсэн юм болов уу. Тосгоны багш тийн өгүүлнэ.

-Рарамуричуудад ямар ч аман болон бичгийн өв сургаал үлдээгүй ч, гүйх үйлээ л өнөөг хүртэл өвлүүлэн авч ирсэн юм. Өнөөдөр хэдий гүйхийн учир утга мартагдан балартсан ч, “гүйх” явдал нь нэгэнт тэдний бие эд эсэнд шингэн үлджээ.

Рарахипари бараг 7 хоног бүр зохиогдоно. Гүйгчдийг тухай бүрт нь тосгоны хүмүүс ярилцаж шийднэ. Энэ удаад гүйх нь тосгоны эрэгтэй хүүхдүүд. Тэдний нэг Хосе Олгин (11 настай) сарын өмнө ялагдсанаасаа хойшхи дараагийн тэмцээндээ орох гэж буй нь энэ.

Рарахипарид ашиглах бөмбөгийг тэмцээн болгонд шинээр хийдэг ёстой. Энэ удаад Хосегийн бөмбөгийг Хосегийн аав нарс модыг зорж хийжээ.

Тэрээр Хосегийн өмнөх тэмцээний бөмбөгийг ч нандигнан хадгалсан байна.

-Энэ бөмбөг хатаад баахан цуурсан байгаа биз? Гэхдээ би үүнийг хаялгүй хадгалдаг юм. Энэ бол Хосегийн 28 цагийн турш рарахипаридсан бөмбөг юм шүү дээ.

Ийнхүү рарахипари эхэллээ.

Оройн 6 цагт Хосегийн өшиглөснөөр тэмцээн гараанаас гарав. Гүйлт шөнийн турш үргэлжилж, нар ургах хүртэл хэн нь хол гүйсэн нь ялах болно. Өнөөгийн хөлбөмбөгтэй адилаар гар ашиглах хориотой.

Гараанаас хойш цагийн дараа гэнэт том том ширхэгтэй мөндөр бууж эхлэв. Тэр нь явсаар аадар бороо боллоо. Гэсэн нь тэмцээн үргэлжилсээр. Хосе нар улайран бөмбөг хөөн гүйлдэнэ. Хөгжөөн дэмжихээр ирсэн томчууд ч нэг мэдэх нь ээ даган гүйлдэж гарав.

Үдшийн 8 цаг.

Гэгээ нэгэнт тасарсан ч томчууд бамбар асаан хүүхдүүдээ дэмжсээр.

-Хичээгээрэй, гүйгээд байна шүү!!!

Рарамуричууд хэрхэвч олон юм ярихгүй. Тэд ердөө л даган гүйлдэнэ. Магадгүй дагаж гүйх нь үг хэлэхээс илүүтэйгээр олон зүйлийг хүүрнэлдэх мэт...

Далим яриа дэлгэхэд

-Яагаад хүн бусад амьтад шиг биеэрээ үсгүй юм бэ?

гэх асуултанд

-Тасралтгүй гүйхийн тулд

...гэж хариулах судлаачид бий.

Учир нь хэрэв үстэйсэн бол арьснаасаа хөлсөө гаргаж чадахгүй болж, биеийн дотоод дулаанаа амаараа зохицуулахаас өөр аргагүйд хүрнэ (нохой хэлээ унжуулан амьсгааддаг шиг). Тийм болбол яагаад ч холын зайд гүйх боломжгүй. Тиймдээ ч, арслан гэх мэт амьтад ойрын зайд л тулалддаг. Тэд бол эгшин зуур гарах хүчиндээ найдах замыг сонгогсод.

Харин “сул дорой хүн төрөлхитөн” бол, цаг зарцуулж уйгагүй ангаа мөшгин хөөх гэдэг арга барилдаа чадварлаг. Урт удаан хөөж мөшгин олзоо цуцааж байгаад дайрах байдлаар. Энэхүү “холын зайд тасралтгүй гүйх” процесс дундаа биеийн үсээ гуужуулж, нүцгэн арьснаасаа хөлсөө гаргах замаар биеийн дотоод дулаанаа зохицуулах болсон юм гэдэг.

  • Тасралтгүй гүй

-Өчигдөр Хосе юу болсон бэ?

Маргааш өглөө нь Хосегийн аавын найз асуусаар ирлээ.

-Ялагдчихсан. Үүрээр 4 хүртэл гүйгээд байдаггүй.

Хосе 50 км хэртэй гүйсэн боловч, ялихгүй зөрүүгээр ялагдсан гэнэ.

Тэгж байтал Хосе сэрлээ.

-Өчигдрийн гүйлт хэр байв даа?

Хөлөө бага зэрэг чирэн боссон Хосе хариуд нь юу ч дуугарсангүй. Хаашаа ч юм, холын нэг цэг ширтсэн чигтээ дуугаа хураан зогсоно...

Тосгоны дараагийн рарахипари гүйгч тодорчээ. Энэ удаад тосгоны охидууд гүйнэ. Тэдний нэг болох Гуадарпи охины эцэг эх нь мөнгө олохоор тосгоноо орхин гарсан тул, охин өвөөгийндөө амьдрах болжээ. Тэрээр хэлнэ.

-Энэ тосгонд үлдэнэ гэж би өөрөө шийдсэн юм. Би тосгондоо хайртай. Яагаад гэвэл энд би бусадтайгаа хэзээ хүссэн үедээ сэтгэлээ ханатал гүйж болно...

...Харамсмаар зүйлс, хүссэнээр болохгүй тохиолууд амьдралд бишгүй л бий. Гэлээ ч, хэд ч ялагддаг бай, тасралтгүй гүйх л хэрэгтэй.

Хүн яагаад гүйдэг юм бэ, гэж үү?

Түүнийг мэдмээр байвал хэн нэгнийг дагаад, хамтдаа гүйгээд үзээрэй.

ТОМё БОДё /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 5 цаг 38 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 5 цаг 58 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 6 цаг 2 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 6 цаг 5 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 6 цаг 13 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 7 цаг 2 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 7 цаг 2 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 7 цаг 4 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 8 цаг 59 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 9 цаг 55 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 10 цаг 1 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 10 цаг 6 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 10 цаг 23 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 10 цаг 30 мин Түүх бол сургамж-багш 10 цаг 33 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 10 цаг 38 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 10 цаг 43 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 10 цаг 46 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 12 цаг 10 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 12 цаг 15 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түүх бол сургамж-багш Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top