x

Урагш чирэхгүй ч уйдаахгүй Ерөнхийлөгчтэй, бид

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн баасан гарагт бас нэгэн цочир мэдэгдлийг хийв. Тэрбээр “Хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулахад олон нийтийн оролцоо, хяналт’’ сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн үеэр “Бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амийг нь хөнөөсөн, тарчлаан зовоосон болон балмад хэрцгий аллагын гэмт хэрэгт цаазын ялыг сэргээн хэрэглэнэ.

Энэ төрлийн гэмт хэргээр ял шийтгүүлсэн этгээдэд Ерөнхийлөгчийн албан тушаалд байх хугацаандаа ямар ч тохиолдолд уучлал үзүүлэхгүй” гэв. (Цаазын ял сонссон этгээдэд уучлал үзүүлэх нь Монгол Улсын Ерөнхийлөгчид хуулиар олгогдсон бүрэн эрх бөгөөд цаазын ялыг хорих ялын дээд хэмжээгээр сольдог)

Мөн цаазын ялыг сэргээн хэрэглэх тухай саналаа даваа гарагт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид албан бичгээр хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс, Монголын парламент олон улсын хүний эрхийн байгууллагуудын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж цаазын ялыг халсан явдал, түүний төлөө гаргасан хүчин чармайлт талаар болох нь.

Өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын төрийн тэргүүнээр сонгогдсоныхоо дараа (2010 оноос) цаазын ялд маратори зарлаж, шүүхээс цаазын ял оноосон тохиолдолд цаазын тогтоолд гарын үсэг зурахгүй гэдгээ мэдэгдсэн. Хоёр жилийн дараа Монгол Улс цаазын ялаас татгалзах тухай Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын фактын II нэмэлт протоколд нэгдэж, 2015 оны арванхоёрдугаар сард УИХ Эрүүгийн хуульдаа өөрчлөлт оруулан хуулийн зүйл ангиас цаазын ялыг хассан байдаг. Үүнээс хойш хоёр жил өнгөрөөгүй байхад ардчилсан хүчний шинэ Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээн хэрэглэнэ гэдгээ зарлав. Гээд хэнд гомдох вэ.

БИД ЮУГ СОНГОСОН БЭ ГЭЖ ҮҮ?

Яг үнэндээ бол бид шинэ Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийн талаар үг дуугарах эрхгүй хүмүүс. Угаасаа бид ямар нэг бодлогыг бус Х.Баттулга гэдэг хувь хүнийг л сонгосон. Хэдийгээр АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч боловч АН ч гэсэн түүний ард байхгүй. 2017 оны долоодугаар сард Монголын сонгуулийн насны иргэдийн 30 хувь нь (хоёр дахь шатны санал хуг-заг-аг оролцсон сонгогчдын 53 хувь) түүнийг Монгол Улсын тавь дахь Ерөнхийлөгчөөр сонгосон.

Ингэхдээ Х.Баттулга гэдэг хүний дэвшүүлсэн бодлого, мөрийн хөтөлбөрийг бус, түүний багийг л сонгосон шүү дээ. Одоо нэг нь “лайв”-аа хийгээд, нөгөө нь эфиртээ сууж байгаа нь харин ч бидний аз. АН-ынхан нэр дэвшигчийнхээ ард ганцхан удаа нэгдсэн нь Сүхийн талбай дээр болсон сонгуулийн сурталчилгааны хаалт. Тэр үед Х.Баттулга "Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг... эд бүгд миний баг юм аа” гэж хэлж байсан.

Одоо түүний дэргэд Тамгын газрынх нь даргаас өөр хүн алга. Тиймээс энэ хүнээс монголчууд ямар нэг ул суурьтай бодлого, бодит үйл хэргийг шаардах учир шалтгаан угаас байхгүй. Гол нь тэр хүн бүрэн эрхийнхээ хугацаанд ямар ч аргаар, ямар ч үнээр хамаагүй өөрийгөө мартуулахгүй байх нь чухал. Урагш нь чирэхгүй ч уйдуулахгүй...

ОФШОРЫГ “ОРШУУЛСАН” 49 ХОНОГ

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн авснаас хойш түүний хамгийн анх барьж авсан зүйл нь “офшорыг оруулж ирэх” явдал. Улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдэнтэй хамаарал бүхий этгээдүүдийг офшор дансан дахь мөнгөө 49 хоногийн дотор татахыг уриалж “татвар болон хууль хяналтын байгууллагаас нуусан мөнгөө заасан хугацаанд Монголын банкууд руу оруулж ирэхгүй бол хөрөнгө, мөнгө болон эзэмшигчдийг илчилж, хариуцлага хүлээлгэнэ” гэсэн билээ.

Энэ хугацаа есдүгээр сард дууссан ч заасан хугацаанд ганцхан компани дөрвөн сая ам.доллар оруулж ирсэн гэдэг. Үүгээр офшорыг оруулж ирэх ажиллагаа оршуулагдсан даа. Өмнө нь УИХ-ын нэр бүхий гишүүд офшорын эсрэг хууль санаачилж, 2017 оны дөрөвдүгээр сард УИХ-аар батлуулсан нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт.

Хуулийн дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд нь албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа офшор бүсэд өөрийн нэр дээр данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг уг хуулиар хориглож, офшор бүсэд данс нээсэн, хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол гурван сарын дотор хуулийн этгээдээ татан буулгаж, дансаа хаагаад 30 хоногийн дотор АТГ-т мэдүүлэхийг уг хуулиар үүрэг болгосон. Энэ үүргээ биелүүлээгүй бол албан тушаалаас нь эргүүлэн татахаар заасан байна.

Нэгэнт офшор бүсэд үл хөдлөх хөрөнгө худалдан авсан, хуулийн этгээд үүсгэн байгуулсан, данс нээсэн, мөнгөө байршуулсан этгээд хөрөнгөө зарж борлуулаад, хуулийн этгээдээ татан буулгаж, дансаа хаагаад мөнгөн хөрөнгөө татлаа гэхэд санхүүгийн хувьд ямар эрсдэл хүлээх нь тодорхойгүй. Хуулийн заалтыг биелүүлэхгүй байлаа гэхэд үсрээд албан тушаалаас нь чөлөөлөхөөс өөр хариуцлага байхгүй. Тэнэг л биш бол хэн яах гэж хөрөнгөө татах вэ дээ.

Тиймээс хэрэгжих ямар ч үндэслэлгүй энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд Ерөнхийлөгч Х.Баттулга ядахдаа тэр 49 хоног дотроо эдийн засгийн өршөөл зарлаад “Энэ хугацаанд оруулж ирсэн мөнгөн хөрөнгөнд тань татварын ямар өр төлбөр оногдуулахгүй, хөрөнгийн эх үүсвэрийг шалгахгүй” гэсэн бол магадгүй хууль бус хөрөнгөө хууль ёсны болгохын тулд Монголын банкууд руу оруулж ирэх бодит боломж байсан л байх.

Ц.Элбэгдорж ч анх Ерөнхийлөгч болонгуутаа эдийн засгийн өршөөл зарлаж, энэ дагуу УИХ-аас хууль баталснаар зөвхөн нэг удаад татвараас нуусан 5.7 их наядын хөрөнгийг ил гаргаж байлаа. Тэр нь тухайн үедээ л Монгол Улсын нэг жилийн төсвөөс давсан дүн байв. Харин Х.Баттулга Ерөнхийлөгчийн зарласан 49 хоног ч тэр, УИХ-ын баталсан хууль ч тэр офшортой тэмцэх болон офшор бүсэд байгаа хөрөнгийг татаж эдийн засгаа дэмжих нь гол зорилго биш, харин тэмцэж байгаа гэдгээ олон нийтэд харуулах нь чухал байв.

Оросууд ч гэсэн ийм асуудалтай тулгарахад В.Путин “Офшороос мөнгөө оруулж ирэхгүй гэвэл та болон таны хамаарал бүхий этгээдүүд бүгд улс төрөөс зайл” гэдэг ганц л шаардлага тавьсан юм гэнэ лээ. Манайхны сачий хүрэхгүй л дээ.

СЮРПРИЗ НОМЕР 1,088...

Үүнээс хойш ард түмэндээ барьсан гэнэтийн бэлгүүдийг тоолоод баршгүй. “Улсынхаа төсвийг хэмнэхийн тулд НҮБ-ын чуулганд оролцохоо болилоо” гэх мэтийн аар саар, “жижиг сажиг" хошигнолыг бүр тоохоо больё л доо. Хамгийн сүүлд гэхэд “Монголын баялгийг дээрэмдсэн 30 гэр бүлийг тодруулахаар прокурорын байгууллагын дэргэд ажлын хэсэг байгууллаа гэл үү.

Сонгуулийн өмнө 200 хүний толгой авахад бэлэн байсан хүн 30 гэр бүл дээр буугаад зогсвол нэг талаар аз л юм даа. Өнгөрсөн сонгуулиас хойш түр хугацаанд мартагдаад байсан энэ сэдэв сая У.Хүрэлсүхийн танхимын сайд нарын томилгоотой зэрэгцэн сөхөгдөж, Сангийн сайдаар томилогдсон Ч.Хүрэлбаатарын томилгоон дээр Ерөнхийлөгч хориг тавьсан билээ.

Тэгэнгүүт цаадуул нь “Тэр 30 гэр бүлд чинь яг хэн хэн байгаа юм, ямар шалгуураар гаргаж ирсэн юм? Алив, нэрлээд орхи. Эсвэл дургүй нэгнээ шоронд хийж, шонд өлгөхөд зориулсан хоосон пайз юм уу?” гээд шахаж шаардаад эхлэнгүүт нөгөө 30 гэр бүлээ тодруулахаар прокурорын ажлын хэсэг байгуулчхаж байгаа юм. Хэрэв тэр жагсаалт дотор нь Ч.Хүрэлбаатар гэдэг хүний нэр гарч ирвэл Ерөнхийлөгч яах юм, эсрэгээрээ гарч ирэхгүй бол Ерөнхийлөгчийн хориг юу болохыг чөтгөр бүү мэд. 

Өнөөг хүртэл бид шилдгүүдээ тодруулах гэж нэр дэвшүүлдэг байсан бол одооноос гэмт хэрэгтнүүдээ илрүүлэхийн тулд улс дотроо, хуулийн байгууллага дотроо нэр дэвшүүлэлт явуулдаг болж байгаа юм байна. Угаас “Хэрэв би Ерөнхийлөгч болбол юу хийх вэ?” гэдэг ул суурьтай бодож төлөвлөсөн бодлого байхгүй, боловсрол байхгүй, хожимдсон хойно санаж сэрлээ ч түүнийг бодлого болгож боловсруулаад, араас түлхээд яваад өгөх баг нь ч байхгүй хүнээс өөр юу ч хүлээх билээ. Зүгээр л юу ч битгий хийгээсэй! Чадваргүй хүмүүс оролдлоготой байхаараа л бусдадаа лай болдог гэдэг дээ.

Б. Сэмүүн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Юун Ялта, юун дэлхийг хуваах! 3 цаг 8 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 3 цаг 14 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 3 цаг 19 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 4 цаг 4 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 4 цаг 17 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 10 цаг 34 мин Мэдээж “Ар нь түүз!” 10 цаг 45 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 11 цаг 3 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 11 цаг 10 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 11 цаг 13 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 11 цаг 18 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 11 цаг 24 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 11 цаг 29 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ Өчигдөр 18 цаг 11 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна Өчигдөр 18 цаг 07 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Өчигдөр 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо
Top